Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байгаа тухай хариуцсан газраас мэдээлж байгаа юм. Тиймээс ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажил ямар шатандаа явж байгааг бид нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.
-Амгалан дулааны станцын эхний зуухыг өвлийн ид ачааллаас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтөй ажиллаж байгаа. Одоо ажил ямар шатандаа явж байгаа вэ?
– УС-15-ыг буулгаж, оронд нь шинэ дулааны станц барьж, “Чингис” бондын хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Шинэ дулааны станц барих аж ахуйн нэгжийг хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, Эрчим хүчний яам сонгон шалгаруулсан. Амгалан дулааны станц барих ажилд БНХАУ-ын компани шалгарсан байгаа. Одоо барилгын зураг төсвийн ажлаа баталгаажуулахаар ажиллаж байна. Харин УС 15-ын газар чөлөөлөлтийн ажилд зориулж, нийслэлээс 6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Хуучин УС-15-ын барилга байгууламжийг буулгасан. Гэрээний дагуу 12 сарын 15-нд багтаагаад эхний зуух ашиглалтад орох ёстой. Бид хугацаандаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амгалан дулааны станц ашиглалтад орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.
-Амгалан дулааны станцын газар чөлөөлөлт хир хугацаанд явагдсан бэ? Газар чөлөөлөлт удааширснаас бүтээн байгуулалтын ажил хойшилж магадгүй гэсэн яриа байна?
– УС-15-ын хувьд 11,6 орчим га газрыг чөлөөлөх ёстой. Одоогоор 6 га орчим газрыг нийслэлийн төсвөөс нөхөн олговор олгож, чөлөөлөөд байна. Амгалан дулааны станц барих ажил үндсэндээ 4-р сараас эхэлсэн шүү дээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын Захирамж, Засгийн газрын шийдвэр гарсны дараа 5-р сараас эхлэн хуучин барилгыг буулгаж эхэлсэн. Энэ ажилд тэр хавийн оршин суугчид, иргэд маш идэвхи, санаачлагатай оролцсон гэдгийг зориуд хэлмээр байна. Олон жил амьдарсан хашаа байшингаа буулгаж, нүүнэ гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ иргэд энэ асуудалд маш идэвхитэй хандаж газраа бүрэн чөлөөлсөн байгаа.
-Нэгэнт өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай ярилцаж байгаа болохоор бас V цахилгаан станцын тухай тодруулмаар байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар V цахилгаан станц барих газрыг Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байгаа шүү дээ?
-V цахилгаан станц нь цахилгаан, дулаан гэсэн холимог эх үүсвэрийг үйлдвэрлэдэг станц байхаар төлөвлөгдсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын урд талд Хөлийн голд 44,5 га газрыг V цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яаманд эзэмшүүлэх шийдвэр гарсан. Одоо энэ газарт Засгийн газрын тогтоолын дагуу Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийж байгаа. Энэ газрыг үерийн аманд байрладаг, мөнхийн цэвдэгтэй гэж үзэж байгаа учраас байгаль орчны үнэлгээг заавал хийх учиртай юм. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн яам энэ үнэлгээг хийхдээ маш анхаарал болгоомжтой, ажиллаж байх шиг байна. Үнэлгээний ажил дуусаад, албан ёсны шийдвэр гарсны дараа барилгын ажил эхлэх юм.
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс |