Хүүхдийн амиар наадаж, Геннист бүртгүүлэх хэрэгтэй юү

…Морин дээр өссөн гэх тодотголтой монгол түмэн даяараа дөрвөн түмэн ард морь унаад Хүйн Долоон худгийн хөрсийг эргэтэл туурайн чимээтэй төвөргөх сайхан л байсан. Харамсалтай нь, дэлхийн хэмжээний ганцхан батламжийн төлөө хөрсөө эргэтэл, хүүхдээ эцэстэл наадах нь таатай байна гэж үү…
Бүхнийг өгүүлэхийн өмнө баримт дурдмаар байна.
“Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах гэж байна. Мөн 10 мянган морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид манлайлан жагсч, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулах гэнэ”.
Ийм мэдээлэл энэ зуны нэгэн өнгө байлаа. Наадамдаж, наргиж сурсан бидний хувьд энэ бол доргих бас нэг боломж байв. Нөгөөтэйгүүр мориороо омогшдог, хүүхдийнхээ төлөө бус, хурдан удамт дөрвөн тууртны төлөө самсаагаа шархируулдаг монгол зонд наадам гэдэг дандаа л сэтгэлийг нь огшоодог цэнгэл шүү дээ.
Энэ их цэнгэлийг болохоос өмнө олон хүн үзэл бодлоо илэрхийлж байсан. Ялангуяа Ч.Өрлөгийг би энд дурдмаар байна.
Тэрбээр “Нэг ч доллар дагалдахгүй алга дарам батламжийг авахын төлөө хийрхэлд автан, гадныхны нүдээр бикини буюу усны хувцас өмссөн мэт өмсгөлтэй гүзээтэй эрчүүдээ олноор нь цуглуулж, бас үндэсний хувцастай хүмүүсээ талбайгаар алхуулж, бяцхан үрсээ өлсгөж, наранд шаруулан байж биелгээ бүжиглүүлэх гээд сэтгээд байна шүү дээ. 6000 бөхийн барилдаан, Арван мянган тэмээн цуваа, 5000 биелээчид, удахгүй болох түмэн морины уралдаан. Гэмгүй хүүхдүүдийн амь мулгуу насанд хүрэгчдийн галзуурлаас. болж дахин үрэгдэх байх даа” гэж эмзэглэсэн тэр л сэтгэгдэл сэтгэлийг минь зурсан хэрэг.
Үүнд би дэндүү эмзэглэсэн. Үнэн юм аа, өнөөдөр нэг хүүхэд Гиннесийн номонд элэг нэгтнээ бүртгүүлэхийн төлөө амиа өргөлөө. Монгол зоны төлөө монгол хүүхэд амиа өглөө. Хангалттай биш үү. Хүний амьтай үнээр бид алга дарам цаас авах ёстой юу. Тэр нь дэлхийд баталгаажиж байгаагийн бодит хэлбэр болж чадах уу.
Аль эсвэл улс төрийн ээлжит шоу юу. Шоудлаа гэхэд хүүхдийн амиар хэдий хүртэл наадах вэ. Морин дээр өссөн гэх тодотголтой монгол түмэн даяараа дөрвөн түмэн ард морь унаад Хүйн Долоон худгийн хөрсийг эргэтэл туурайн чимээтэй төвөргөх сайхан л байсан.
Харамсалтай нь, дэлхийн хэмжээний ганцхан батламжийн төлөө хөрсөө эргэтэл, хүүхдээ эцэстэл наадах нь таатай байна гэж үү. Нэгэнтээ яруу найрагч Б.Ичинхорлоогийн “Өөрөөс унасан өт ч хайран” гэдэг шиг өрцийг минь нурж унасан үрээ хайрламаар байна. Юун тэр Гиннес вэ, надад миний үргэлжлэл л хэрэгтэй.
Н.Саранчимэг
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих