430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гудамж талбайг зүлэгжүүлэн, цэцгэн мандлуудыг хийгээд байгаа билээ.
Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, 1 дүгээр хороолол, Тасганы овоо дагуу байгуулсан цэцгэн мандлыг нийслэлийн Хот тохижилтын газар, бусад хэсгүүдийн ногоон байгууламжийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд гэрээгээр гүйцэтгээд байна. Энэ ажилтай холбоотойгоор нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газраас хотын шарилж буюу зэрлэг ургамал устгах ажлыг зохион байгуулж, хотын хэмжээнд 430.0 мянган м2 талбайг шарилжнаас салгажээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн дагуу дүүргүүдийн ЗДТГ-аас хороодод үүрэг өгч, нутаг дэвсгэрийнхээ албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шарилжаа устган, орчноо цэвэрлэхийг үүрэг болгожээ. Мөн Захирагчийн Ажлын албанаас энэ ажилд хүч нэмэх үүднээс 6 компанийг шалгаруулан, дүүрэг бүрт хуваарилж, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны хорооллын дотор ургасан шарилжийг устгуулж, устгал хийх ажилд нь хяналт тавин ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: