“ОНЦГОЙ НЭГЭН”-д өгсөн Роналдугийн “жинхэнэ” хариу

cristiano-ronaldo_200_200International Champions cup  буюу “Олон улсын аваргуудын цом” хэмээх бас нэгэн тэмцээн энэ жилээс буй хөлбөмбөгийн ертөнцөд буй болж , АНУ-ын зургаа, Испанийн нэг, нийт хоёр тив, хоёр улс, долоон хотод дамнан явагдлаа. Тоглолтын дүн мэдээллийг та бүхэн хэдийнээ мэдэж буй тул өөрийн үзэж харсан, сонсож мэдсэнээсээ сонирхуулья.

Нөхөрсөг тоглолт буc жинхэнэ тэмцээн

Энэ бол тэмцээний сурталчилгааны гол “хөзөр”. Үнэхээр ч “ Хуучин тив”-ийн хөлбөмбөгийн шилдэг багууд шинэ улирал эхлэхийн өмнөхөн “их сорилгоо” Ази, Америкт хийж, бэлтгэл , сургуулилтаа шалгах, тактик хувилбараа тандах, зун хийсэн наймаа солилцоогоор авсан шинэ тоглогчдоо хамт олонтой нь дасгах, хөлийг нь нийлүүлэх , бас энэ бүгдийн хажуугаар багийнхаа дансанд ч хэдэн “төгрөг” хийгээд авах, арилжаа сурталчилгаа, бизнес хамтын ажиллагаагаа ч өргөжүүлэх гээд “нэг сумаар хоёр туулай” биш нилээд олон “туулай бууддаг” аялан тоглолт хийдэг болсоор олон жилийн болж байна.

Бидний ажиллаж, амьдарч буй суугуул нутаг Америкт гэхэд л  өмнөх он жилүүдэд Рональдиньо, Месситэй  “Барса”, Кака,Роналдутай “Реал” , Ибрагимовичтой “Интер” , Тевестэй “Бока Хуниорс”,  Лэмпардтай  “Челси”  ,  Рунитай “МЮ”, Жеррардтай “Ливерпуль”, Агуэротой “Манчестер Сити” гэх мэт олон баг  ирж нүдийг маань  хужирлаж, сэтгэл баясган  байсан.

Гэхдээ тэд ихэвчлэн нөхөрсөг уулзалт тоглолт хийж, нэг ч их хүч гаргалгүй тоглодог байсан нь “нууц” биш. Тэгвэл “Олон улсын аваргуудын цом” нь жинхэнэ тэмцээн утгаар вагдсан учир тоглолт болгон сонирхолтой болсон вм. Үүнд оролцсон багуудын нэр хүнд ч бас нөлөөлсөн байх. Ази руу аялан тоглолт хийсэн Английн аварга “Манчестер Юнайтед”, Испанийн “Барселона”, “Шинэ тивийг” барагтаа л бол зорьдоггүй Германы аварга “Бавари” -аас бусад шилдэг багууд бүгд л Америкт шилдэг бүрэлдэхүүнтэйгээ ирлээ.

Америкийн олон үндэстэн дамнасан үнэт эдлэл,гоёл чимэглэлийн зартай компани  Tiffany & Co  урласан бүтээсэн   цомын төлөө ,  нэртэй шар айраг  Guinness  -ийн ивээн тэтгэсэн International Champions cup    тэмцээнд Европ төдийгүй дэлхийн шилдэг багууд болох Италийн “АС Милан”, “Ювентус”, “Интер” Милан, Испанийн “Реал” Мадрид, “Валенси”, Английн “Челси”, “Эвертон” болон Америкийн “ Лос Анжелес Гэлакси” оролцсон.

Италийн нэг хотын хоёр баг болох “АС Милан” , “Интер” Италийн “Сери-А”-д тус бүр 18 удаа түрүүлж байсан бол  “Ювентус” 29 удаа түрүүлсэн. “Реал “ Испанийн “Ла Лиг”-дээ 32 удаа түрүүлсэн аварга амжилттай.  Тэгвэл Оросын олигарх тэрбумтан Роман Абрамовичийн “Челси”  Английн “Премьер лиг”-т дөрвөн удаа, “Эвертон”  есөн удаа, “Валенси” Испанидаа 6 удаа, “Лос Анжелес Гэлакси” Америктаа дөрвөн удаа түрүүлсэн гээд үнэхээр л аварга, аварга багууд ногоон талбайд өрсөлдлөө.

“Фокс соккер” бүх тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байсан ч 12 тоглолтыг  нийтдээ 500 000  буюу дунджаар нэг тоглолтыг 40 гаруй мянган хүн цэнгэлдэхэд үзсэн нь тив, дэлхийн аваргын үзүүлэлтээс нэг их дутахааргүй. (2010 оны дэлхийн аваргын нэг тоглолтыг дунджаар 49 мянга, 2012 Европын аваргын нэг тоглолтыг дунджаар 46 мянган үзэгч цэнгэлдэхэд үзэж байсан)

“Юве”-ээс юуг харах ёстой вэ? 

Тэмцэээний Америк дахь тоглолтын “салхийг” Сан Франциско хотын “AT&T Park” хэмээх цуутай цэнгэлдэхэд “Ювентус”- “Эвертон” багууд хагалсан. 2000 онд ашиглалтад орсон бейсболын энэ цэнгэлдэх  сүүлийн гурван жилд Үндэсний бейсболын лигид хоёр аваргалсан “Сан Франциско Жайнтс” багийн “гэр” юм. Энэ удаагийн тоглолт цэнгэлдэхийн түүхэнд долоо дахь хөлбөмбөгийн тоглолт гэнэ. Лав л миний бие энэхүү гоёмсог цогцолборт Аргентиний “Бока Хуниорс”- Мексикийн “Америка”, Английн “Манчестер Сити”-“Америка”, АНУ-Японы шигшээ багуудын тоглолт , тэгээд “Юве”-“Эвертон” гээд дөрвөн хөлбөмбөгийн тоглолт үзжээ. Тэгэхээр бейсболын энэ цэнгэлдэхэд хөлбөмбөгийн тоглолт “өдрийн од” шиг ховорхон болдог ажээ. За энэ ч яахав.

Уг нь би хөлбөмбөг сонирхогчийнхоо хувьд бол Итали, Францын шигшээ болон багуудад “харшилтай” нэгэн.Гэхдээ би Итали “манай дайсан” гээд дэлхийн шилдэг багуудын нэг , Раймунд Орси, Дино Зофф, Мишель Платини, Збигнев Бонек  нарын нэгэн цагт тоглож , эгнээнээсээ дэлхийн 22 аваргыг төрүүлсэн “Ювентус”-ыг, дэлхийн шилдэг хаалгачийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг Буффон, хаалттай цохилт, холын дамжуулалтын мастер Пирло нарын 2006 оны  дэлхийн аваргуудыг харахаас “татгалзалтай” биш. Италийн шигшээд данстай 10 тоглогч, Испанийн шигшээгийн тоглогч 2010 оны дэлхийн аварга авьяаслаг Ллорьенте , Аргентиний нэртэй довтлогч Тевес нар ч энэ зун “Юве”-д ирээд байгаа. Бас нэг харах тоглогч бол Францын шинэ найдлага, “Хар Зидан”  гэгдэж буй Пол Погба. Энэ жил 20 нас хүрч буй энэ залуу Францын өсвөр үе, идэрчүүд, залуучууд, үндэсний шигшээ багуудад бүгдэд нь тоглоод амжсан нэгэн. Зүгээр ч нэг тоглогч бус залуучуудын шигшээгийнхээ ахлагчаар тоглоод хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга болоод буй нэгэн. За тэгээд Чилийн Видал, Швейцарийн Лихштэйнер, Уругвайн Касерес, Ганын Асамао, Черногорын Вучинич гээд шигшээдээ тоглодог залуус байгаа.

“Эвертон” бол Английн хамгийн анхны багуудын нэг. 1878 онд байгуулагдсан энэ баг 110 жил лигдээ тоглосон нь рекорд . Чухам энэ багийн тоглогч асан Дикси Дин Премьер лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогчийн рекордыг эзэмшдэг. Тэрбээр 1927-1928 оны улиралд 60 гоол хийсэн нь бараг л мөнхийн “амжилт” гэхээр. Английн аварга цолыг 9 удаа хүртсэн энэ багаас Гаскойн, Линикер гээд та бидний сайн мэдэх одууд төрөн гарч байлаа. Одоогийн бүрэлдэхүүнд Английн шигшээгийн Бэйнс, Жагелька, Америкийн хаалгач Тим Ховард, Бельгийн Миральяс, Феллайни, ӨАБНУ-н Пиенар, Ирландын шигшээгийн Дафф,Гибсон, Кулман, Шотландын Нэйсмит, Нигерийн Аничебе, Хорватын Йелавич, Холландын Хейтинга, Коста Рикагийн Овьедо, Парагвайн Алкараз 15 шигшээ багдаа алба хашдаг тоглогчид байна.

Хэдий тийм ч энэ орой цугласан 22 000 гаруй үзэгчдийн дийлэнх нь “Юве”-ийн баоиашигууд байлаа. Мэдээж тэд Буффоныг, Пирлог харах гол  “төлөвлөгөөтэй” байсан байх. Гэвч “Юве”-ийн дасгалжуулагч А.Конте Буффоноо “жоорлож”, Пирлогоо “сэлгээнд” үлдээсэн. Харин Тевес, Ллорьенте нарыг туршив. “Эвертон”  шинэ дасгалжуулагч Р.Мартинесийн нээлттэй задгай довтолж тоглодог арга барилыг үзүүлж эхнээсээ л илүүрхэж эхэлсэн.  Эхний гоолыг тэд оруулахад “Юве”-ийн балиашигууд урвайх биш харинч баярлах нь холгүй юм болсон. Гол тоглогчдоо одоо гаргаж сонирхолтой тоглолт үзүүлнэ гэж бодсоноос тэр. Үнэхээр ч хоёрдугаар хагаст “Юве”-ийн дасгалжуулагч Пирлогоо талбайд гаргахаас өөр аргагүй болов. “Юве” ч тоглолт нь илт сэргэж, тоогоо тэнцүүлж дөнгөсөн.  Тэмцээний журам ёсоор үндсэн цагт тэнцсэн тул “пенальтигаар” ялагчийг тодруулах болов.  Хоёр багийн тоглогчид нэг нэг  алдаж, 4:4 болж, “Эвертон” цохилтоо дуусгасан үед  “Юве” тав цохилтыг  хийх боллоо. Андреа Пирло энэ цохилтыг гүйцэтгэнэ. Хамт үзэж суусан Италийн “улаан фэн”  “Замдаан”-ы Цэрэндорж анд маань ихээхэн пээдгэр, итгэлтэй нь аргагүй бичлэг хийж байна.  Бас Монгол ТВ-ийн сэтгүүлч Г.Золжаргал маань ч энэ ч ойлгомжтой гэж байна.  Гэвч олон олон оддын “пенальти” алддаг уламжлалыг Пирло ч бас давтлаа. ТЭрбээр хаалганы гадуур “сүнгэнүүлснээр” “Юве” хожих боломжоо алдсан . Ингээд “Реал” –“Юве” гээд  сайхан тоглолт үзэх төлөвлөгөө “муу” Пирлогоос болж тасалдваа.

Дараа дараагийн тоглолтод “Юве” Буффон, Кьеллини, Маркизио, Живонки гэх мэт шилдгүүдээ гаргасан ч “ЛА Галэкси”-д 1:3-аар,  “Интер”-д мөн л “пенальти”-аар хожигдож, энэ тэмцээний “баян ходооод” боллоо.

Ийм ч болох гэж дээ, “Интер”

Энэ тэмцээнд бас л тун тааруу тоглосон, “Юве”-г торгуулийн цохилтоор хожсоныг эс тооцвол нэг ч хожоогүй, гурав тоглохдоо ганц гоол хийж, долоон гоол алдсан баг бол “Интер”.  Гуравхан жилийн өмнө л гэхэд энэ баг Италийн аварга цолыг таван жил дараалан хүртэж , “Аваргуудын лиг”-т түрүүлж, ФИФА-ийн клубын дэлхийн аварга болж байсансан. “Челси”-д 0:2, “Валенси”-д 0:4-өөр хожигдож байгаа тоглолтыг харахад “мөнхийн залуу” Аргентиний Занетти ахлагчийнхаа эзгүйд хамгаалалт нь , эмх замбараагүйн дээр яалт ч үгүй  Это О шиг супер довтлогч, лидер  энэ багт ус агаар мэт хэрэгтэй байна даа. Гэхдээ дэлхийн аварга баг эрс тэрс шинэчлэл хийж, энэ улиралд биш гэхэд ирэх улиралд нэг бус “од” нэмэх байлгүй дээ.

Болж байна аа, “Валенси”, “Эвертон”, “Галэкси”

Эдгээр багууд “Юве”, “Интер”-тэй харьцуулбал  бол “даруухан” багт тооцогдоно. Гэхдээ л өөрийн боломж,  бүрэлдэхүүндээ таарсан , тун дажгүй тоглолт үзүүлээд, Италийн хоёр “гранд”-ын өмнө ороод тэмцээнээ дуусгалаа. Энэ бол тэдэнд “том ялалт”. “Галэкси”-ийн Донован, “Эвертон”-ы Ховард нутгийнхнаа нүүрийг улайлгахааргүй чамбай тоглосон.  “Валенси”-ийн Жонатан Виера гэдэг довтох чиглэлийн хагас хамгаалагч залууд ирээдүй байх шиг. Удалгүй том багуудад очих болов уу. Бас “Эвертон”-ы хамгаалагч  Бэйнс, хагас хамгаалагч Феллайни нар бас “борлогдоход” гайхах вм алга.

“АС Милан” ч бас асуудалтай л байна

Агуу багуудын нэг “АС Милан” бас л хүндхэн цаг үедээ явж буй нь мэдрэгдэнэ. Олон жил энэ багийн “амийг авч” явсан Мальдини, Шевченко, Амброзини, Пирло, Кака гээд  зодог тайлах нь тайлж, өөр баг руу шилжих нь шилжиж, Рональдиньо, Бекхэм нар хөгширсөн хойноо түр буудалладаг болсноос хойш Милан “шилжилтийн” үедээ орсон.  Балотелли, Эль Шаарави ,Ньянг нараас эхлээд  ирээдүйтэй  залуус олон байгаа ч туршлага л жаахан дутаж байна. Эд нарын тоглолт жигдрээд, ойлголцоод ирвэл ч бас л үзээд байхаар байна шүү.

“ОНЦГОЙ НЭГЭН”-д өгсөн Роналдугийн “жинхэнэ” хариу

Шинэхэн тэмцээний , шинэхэн аварга болохын төлөө аргагүй л олон олон супер одтой, аргагүй л энэ цагийн шилдэг багууд шалгарч үлдсэн. “Челси”  финалд хүрэх замдаа Италийн нэг хотын хоёр  “ланжгар” “Интер”, “Милан” хоёрыг тус бүр -ийг 2:0 –ээр хожсон бол Мадрид хотын “Реал”  Лос Анжелесийн “Галэкси”-г 3:1, Английн “Эвертон”-ыг 2:1-ээр ялсан.  Сонирхолтой нь хоёр баг хоюулаа шинэ дасгалжуулагчтай болоод энхны тэмцээндээ тоглож, анхны сорилгоо өгч байгаа. “Реал”-д өнгөрүүлсэн 3 жилийнхээ сүүлчийнхийг нилээд хэл амтай, дуулиан шүүгиантай өнгөрүүлсэн португал мэргэжилтэн Жозе Моуриньо “Челси”-д эргэн ирсэн. “Реал”-ын олон гол тоглогчтрй таагүй харилцаатай болсон Жо явахаас өөр гарцгүй болсон биз. Ямагт этгээд зан авир гаргаж, хортой үг чулуудаж байдаг ч Моуриньо шилдэг сайн мэргэжилтэн нь үнэн ч “хүний мөс”-өөр тааруу нэгэн гэдгийг хөлбөмбөгийн хүрээний эрхэмүүд нэг бус хэлдэг.

Энэ удаа ч Моуриньо зангаа тавьсангүй.  Тоглолтоос хэд хоногийн өмнө тэрбээр “Би дөнгөж 30 настайгаасаа эхлээд л дэлхийн олон шилдэг хөлбөмбөгчдийг дасгалжуулсан. Бүүр Роналдуг ч дасгалжуулж явлаа. Гэхдээ одоогийн энэ Роналду биш “жинхэнэ Роналдуг. Бразилийн Роналдуг” хэмээн хэвлэл мэдээллээр ярьсан нь жинхэнэ “өдөөн хатгалт” байлаа”.  Өрсөлдөх багийнхаа гол тоглогчийг хэл амаар өдөж, анхаарлыг нь сарниулж, тоглолтоос гаргах тактик ч байсан байж мэднэ. Хэнд зориулж хэлсэн, тэгээд бам ямар нэг бодлогогүйгээр тийм зүйл ярих хүн лав биш Жозе.

Харин нь үүний хариуд Криштиану Роналду “Би талбай дээр болж буй үйл явдалд, тоглолтондоо л анхаарлаа хандуулдаг. Би талбай дээр “ярих” дуртай. Талбайн гадна хэн нэгэн намайг юу гэх нь сонин биш” гэсэн. Гэхдээ дотроо бас шатаж, дүрэлзэж байсан нь л байх.

Үүнийг финалын тоглолт дээр, Жозе Моуриньогийн дасгалжуулсан “Челситэй” хийсэн тоглолт харуулсан. Криштиану энэ тоглолтод үнэхээр бүх зүйлээ дайчлан тоглож, маш гайхамшигтай хоёр гоолоор “хариу үгээ” Моуриньод “хэлсэн дээ”.

 

 “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин


URL:

Сэтгэгдэл бичих