Замын-Үүд боомтын нэвтрэх чадвар хоёр дахин нэмэгдлээ

4f4036301362a320df24018bd6099a07_LБүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Зам-Үүдийн чөлөөт бүсийн нэвтрэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр амьдрал дээр бодитоор хэрэгжлээ гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр мэдэгдлээ.

Засгийн газрын тэргүүн өнгөрсөн хавар Замын-Үүд суманд ажиллаж, уг шийдвэрийг гаргасан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ ажилтай биечлэн танилцаад ирсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн тус боомтоор нэвтрэх ачаа тээвэр түгжрэхээ больж, суудлын болон ачааны машин тус тусдаа замаар зорчдог болсон гэж энэ үеэр мэдээлсэн юм. Мөн “нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд энэ өдрүүдэд 8 уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн 5 нь энэ долоо хоногт ашиглалтад орно. Хурдны замын хувьд маршрутыг илүү тодорхой болгож байгаа, энэ долоо хоногийн баасан гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанд оруулна. Хурдны замын ажлыг 8 хэсэгт хувааж, нэг зэрэг найман газарт ажил эхэлнэ. “Мишээл экспо”-гийн арын зам засварын ажил эхэлсэн. Харин Хөшигтийн хөндий дэх Нисэх буудлын ажлыг “Самсунг” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2016 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал улсын хэмжээнд барилгын ажил 2.5 дахин нэмэгдсэн байна” гэв.

Засгийн газраас энэ онд 6 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Замын ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх, “Баянхонгорын замыг энэ сарын 24-нд, Дундговийнхыг 11 дүгээр сарын 1-нд, Дорноговийн замыг есдүгээр сарын 5-нд ашиглалтад өгнө. Өмнөговь, Хөвсгөлийн зам ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа. Иймд эдгээр замд шинээр компани оруулж, мөн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болоод байна” хэмээн танилцуулсан. Энэхүү мэдээллийг сонссон Ерөнхий сайд “Ажлыг хугацаанд нь шахах үүрэг өгдгөө болих хэрэгтэй. Тендэр зарлахдаа ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх чадвартай, ажил хэрэгч компаниудыг шалгаруулах учиртай” хэмээн шүүмжилсэн юм.

Эрчим хүчний сайд М.Сономпил “Амгалан” дулааны станц барихад одоо ямар нэг саадгүй, 20 айл нүүгээгүй ч нэгэнт барилгын ажил эхэлсэн газраа чөлөөлөхөд бэлэн болсон. Энэ долоо хоногт барилгын ажлыг эхлүүлнэ гэлээ. ҮХААЯ-ны салбарын хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд хараахан эхлээгүй, гэрээ хэлэлцээр үзэглэх шатандаа яваа бөгөөд ирэх долоо хоногийн уулзалтаар илүү тодорхой мэдээлэлтэй орж ирнэ гэсэн бол барилгын салбарынхан авч хэрэгжүүлэх 56 ажлынхаа явцын талаар товч мэдээлэл хийв. “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт ярилцлагын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвхөн хотод өрнөж буй бүтээн байгуулалтыг цохож ярих биш ирэх долоо хоногт орон нутгийн иргэдийн нүдэн дээр босч буй томоохон ажлын явцыг танилцуулахыг холбогдох яамдын удирдлагуудад үүрэг болгов.

Б.Туул

montsame


URL:

Сэтгэгдэл бичих