Г.Буяндорж, эрос хатагтай хоёр хаана “орогнож” байгаа бол

Г.Буяндорж, эрос хатагтай хоёр хаана “орогнож” байгаа бол

Ноёд” группийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр  Г.Буяндоржийг Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж эхэлжээ.

Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэмээн ийн орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн  аж.

Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад ”Г.Буяндоржийг эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Энэ тухай маргааш /өнөөдөр/ тодорхой мэдээлэл өгнө” гэсэн юм. Түүнийг 2012 оноос эхлэн  бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Улмаар хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан аж. Түүнчлэн Г.Буяндоржийн “Sky Tower” хороолол дахь  гэрийг битүүмжлэн, цагдаа нар отолт хийж байгаа талаар ч бор шувуу ниссэн ч  үүнийг худал гэдгийг няцаасан юм. Ингэх ч нөхцөл боломж байхгүй аж. Учир нь “Sky Tower” хороолол нь хамгаалалт камерын системээр бүрэн тоноглогдсон учир гадны хүн нэвтрэх боломжгүй юм байна.

Гэхдээ  Г.Буяндорж болоод түүний эхнэр Т.Ариунаа нарыг асууж хар багтай залуус ирж асууж байсан талаар орцны жижүүр хэлжээ. Мөн Г.Буяндорж болоод эхнэрийн хамт  ойрд гэртээ ирээгүй байна. Тэгэхээр өөрийг нь хүмүүс отож байгаа гэдгийг мэдээд ирэхгүй байгаа бололтой.

Эрос хатагтайн нөхрийн хувьд ер нь анх удаа хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа зүйл биш юм билээ. Тэрбээр  2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн, авлига өгсөн хэрэгт сэжиглэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шүүсэн хэдий ч түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Тодруулбал, Г.Буяндорж, “Ноёд” группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн зэрэг хэрэгт холбогдуулан шалгасан юм. Ингээд 2008 онд Г.Буяндорж, Ш.Ергали, П.Энхцэцэг, Г.Гантулга нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Харин “Ноёд” группээс 18 мянган ширхэг хуурамч акц илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд 10 сая төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хорих ял оноож, хоёулангаас нь таван сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байсан юм. Г.Буяндоржийн хувьд энэ мэт удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд энэ удаад ямар шалтгаанаар эрэн сурвалжлагдах болсон нь өнөөдөр тодорхой болох нь ээ.

Г.Мянган


URL:

Сэтгэгдэл бичих