Бүтээн байгуулалт үргэлжилж байна
Сургууль, цэцэрлэгийн засвар 45 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт нийслэлд хийгдэж буй зам засварын болон бүтээн байгуулалтын ажлын талаар сайд нарын уулзалтад танилцуулав.
Одоогийн байдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Нисэхийн чиглэлийн 16.6 км замын нэг талын урсгалыг нээсэн байгаа бөгөөд одоогоор хийгдэж буй замаас нийт хоёр зам хаалттай байгаа бол үлдсэн нь зорчих хэсгээ нээсэн байгаа ажээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу талбай, суурийн ажил эхэлсэн байгаа гэнэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэж буй сургуулийн засварын ажил 45 хувьтай байгаа бөгөөд хугацаандаа амжиж хийгдэнэ гэдгийг Хотын датга Э.Бат-Үүл танилцууллаа. Мөн Батоникийн замын ажил он дамжин үргэлжлэх бөгөөд арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд гэрээ нь дуусах аж. Харин Цонжинболдог хүрэх замд өнөөдөр шинээр зургаан км замыг нээж, нийт 11 км замыг шинээр ашиглалтад оруулаад буй аж. Харин бусад замын хувьд ажил эхлээд явж байгаа гэж албаныхан танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн дахин төлөвлөлтөд 85 тэрбум төгрөг төсөвлөсөн ч үүнийг одоо болтол ашиглаагүй байгааг Ерөнхий сайд шүүмжлээд, Засгийн газраас бүтээн байгуулалтад зарцуул гэж мөнгө гаргаж өгч байгаа учраас үр бүтээлтэй ашиглахыг санууллаа.
Зам тээврийн яам “сануулга” авав
Засгийн газраас энэ жил зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Зам тээврийн сайд А.Гансүх замын ажилтай танилцсан аж.
Энэ онд орон нутгийн замуудаас хамгийн эхнийх нь болох Улаанбаатар-Баянхонгорын чиглэлийн зам наймдугаар сарын 24-нд ашиглалтад орох бол Дорноговь аймгийг нийслэлтэй холбосон замыг есдүгээр сарын 5-нд ашиглалтад хүлээж авах аж. Мөн Дундговь аймгийн замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтанд орно гэдгийг Зам тээврийн сайд танилцууллаа. Зарим орон нутгийн зам засварын ажил саатсан, хугацаандаа дуусахгүй зэрэг ажил харагдаж байгаа учраас Зам тээврийн яам энэ асуудалд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Ийм байдал тус яаманд олон удаа тохиолдож байгаа учраас дахин асуудал гаргахгүй байхыг тэрбээр хатуу анхааруулсан юм.
Замын-Үүд “түгжрэхгүй”
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэн Замын-Үүдэд ажилласан.
Ингэхдээ Замын-Үүд боомтыг өргөжүүлэх ажлыг 2-3 сард багтаан хийх үүрэг өгсний дагуу наймдугаар сарын 11-нд Замын-Үүд боомтод өргөтгөл нээсэн аж. Өргөтгөл нээгдсэнээр суудлын автомашин, ачааны машинд тусдаа үйлчлэх бөгөөд энэ нь иргэдэд хүндрэл учруулахгүй, боомтын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх зэрэг олон давуу талтай болж байгаа гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцоллоо.
Мөн тус яамнаас “Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзварыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ онцлов. Одоогоор найман уулзварын ажил үргэлжилж байгаа бол замын ачааллыг бууруулах бусад ажил графикийн дагуу явагдаж байна. Салбарын сайдынх нь мэдээлснээр Туул голын дагуух хурдны зам тавих ажлын маршрут бэлэн болсон бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.
Нисэхийн цагаан хаалгыг буулгана
Замын өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор Хотын мэр Э.Бат-Үүл нисэхийн Цагаан хаалгыг буулгахаас аргагүй болж байгааг тайлбарлалаа. Одоогоор замын ажил яг хаалган дээр очоод зогсоод байгаа аж.
Энэ асуудлыг НИТХ шийдэх бөгөөд удахгүй замын өргөтгөл тэнд хүрэх үеэр хаалгыг буулгах гэнэ. “Бид анх төлөвлөхдөө Нисэхийн цагаан хаалгыг буулгаад шинэ тавьсан зам дээрээ тавина гэж тооцсон. Угаасаа шинэ зам тавихаар тэр хаалга үүрэггүй болчихож байгаа юм. Үүрэг нь тэр урд зам руугаа шилжинэ” хэмээн хотын мер ярив. Мөн хотын дарга, Эрчим хүчний сайд М.Сономпил сайдаас Амгалангийн дулааны станцын газар чөлөөлөлтийг түргэсгэхийг Ерөнхий сайд хүслээ.
Сайд М.Сономпил, “Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу нийслэл маш сайн ажиллаж, айлуудтай зөвшилцөлд хүрч мөнгийг нь өгөөд байгаа. Засгийн газрын хурлаар өнгөрсөн дөрөвдүгээр сард шийдэгдсэн асуудал гэхэд бага зэрэг удааширч байгаа нь үнэн. Гол нь иргэдийн газрыг үнэлээд өгчихлөө гэтэл тэд байшингуудаа тоосго тоосгоор нь буулгаж авна гээд бага зэрэг хүлээлтийн байдалд оруулчхаж байгаа юм” хэмээн хэллээ.
URL: