Яргын сандал нутаг буцна
Зөвхөн урд хөрш Хятадад хэрэглэдэг, өнгөрсөн XX зууны шилдэг яргаллын нэг арга болсон гяндан сандлыг орон нутагт тарааж, хэрэглэх журмыг ЦЕГ-аас гаргаж, УПЕГ-т хэрэглэх тухай саналаа хүргүүлсэн байдаг.
Харин үүнийг нь иргэдийн мэдээллээс олж мэдсэн ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжин уг сандлыг хэрэглэхийг хориглоод зогсохгүй, “шорон сандал” хэрэглэх санал санаачлагыг гаргасан хүмүүст арга хэмжээ авахыг оролдсон.
Хүний гар хөлийг гавлаж, хөдөлгөөнгүй болгоод нуруунаас нь арагш татаж цэх суулгаж байцаах зориулалттай тэр сандал дээр ямар ч хүн нэгээс илүү цаг суух бололцоогүй гэдгийг нь хэрэглэдэг газрууд нь нэгэнт баталчихсан юм гэсэн. Ийм л сандлыг ЦЕГ-ын цаг үеийн удирдлагууд үе дамжин оруулж ирэх гэрээг нь хийж, хэрэгжүүлэхээр болж залгамжилсан байдаг.
Хятадаас оруулж ирсэн 400 сандлаа хуваарилахад их анхаарч гэмт хэргийн гаралт энэ тэрийг харгалзсан байгаа юм. Хуваарилалт нь тод томруун. Гэмт хэргийн гаралт олонтой газар илүү олныг гэх зарчимтай. Баруун аймгаас Завханд 25-ыг илгээсэн байгаа юм. Төв аймагт ч адилхан. Олон түмний эсэргүүцлээс улбаатайгаар уг сандлыг хэрэглэхийг зогсоосон гэж байгаа.
Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө салбар хариуцсан сайд нь мэдэгдэж байсан удаатай. Харин өнөө ХЗДХ-гийн сайд Х.Тэмүүжин “Сандлуудыг татаж авах ажил дуусч байгаа. Сандлыг нийлүүлсэн Хятадын компанитай гэрээ хэлцэл хийж байгаа. Сандлыг нь буцааж өгөөд, оронд нь хэв журам сахиулах болон цагдаагийн албан хаагчдын хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой өөр тоног төхөөрөмж авах бололцоо юу байна гэдгийг ярилцаж байгаа.
Мөн энэ сандлын асуудлаас гадна цаашид энэ мэт алдаа дутагдал гаргахгүй байхын тулд холбогдох дүрэм журмыг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, иргэний эрх чөлөөтэй холбоотой, хязгаарлахтай холбоотой тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллагын дотор хэрэглэх шийд гаргах гэж байгаа бол зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч гаргадаг журамд шилжиж байна. Яамны болоод ардчиллын хяналтгүйгээр хэн нэгэн томилогдсон албан тушаалтны дур мэдсэн шийд гарах боломжгүй болно гэсэн үг” гэсэн байна.
Энд нэг үг их анхаарал татаж байна. Юу гээч, “Яамны болоод ардчиллын хяналтгүй” гэдэг үг. Эндээс яам том уу, ардчилал том уу гэдэг гаргалгаа өөрийн эрхгүй гарна.
Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайдын удирдаж байгаа хуулийг илбэн тохинуулах ёстой салбар нь илүү эрх мэдэлтэй юү, эс бөгөөс түүний харьяалагддаг нам нь чухал уу гэдэг энгийн гаргалгаа харагдаад байгаа юм. Гээд яахав, юутай ч Монголд нүүрлээд ирсэн яргын сандал нутаг буцах нь ээ.
Н.Саран
URL: