Ц.Цэрэнпунцаг гарьд улстөрд “зодоглоно”

Бөхчүүд дундаа хамгийн боловсролтойд тоооцогддог Ц.Цэрэнпунцаг гарьд улстөрд хүч үзэхээр болжээ. Гарьд цол хүртсэнийхээ дараахан АНУ-ыг зорьж, эрдмийн мөр хөөсөн тэрбээр энэ жилийн баяр наадмын өмнөөс эх орондоо суурьшихаар бүр мөсөн иржээ. Олны дунд аварга, арслангийн энтэй бөх хэмээн үнэлэгдэж явсан гарьдыг хэтэрхий залуудаа бөхөө хаяж бизнест хөл тавихад нь наадамчин олон жаахан харам хүлээж авсан. Нэгэнтээ МАН-ын гишүүн болж, 2010 онд Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан гарьд Ц.Цэрэнпунцаг хэзээ нэгэн цагт улстөрд эргэж ирэх нь тодорхой байсан гэж улстөрийн хүрээнийхэн сэм ярилцдаг байсан. Тэгвэл тэр цаг нь ирж, гарьд улстөрийн карьертаа илүү анхаарал тавьж эхэллээ. Эх орондоо эргэн ирсэн ч маш нууцлаг амьдарч буй тэрбээр саяхан болсон Завхан нутгийнхаа 90 жилийн ойд очихдоо л олны өмнө гарчээ. Угаасаа ч олон жил, олон зүйл дээр “нууц” явсаар ирсэн хүчтэн маань улс төрд орох зорилготой л бол хүссэн хүсээгүй ил гарах нь тодорхой. Харин хаанаас энэ замаа эхэлж, аль намд хүчин зүтгэж, албан ёсоор хэзээ ард түмний өмнө ил гарч ирэх нь одоогоор бас л “нууц хөзөр” хэвээр байна.

URL: