Хөсөр орхигдсон хөдөөгийн замууд

img_2358_de926c0cЭх орны минь дөрвөн зүг найман зовхист их бүтээн байгуулалт өрнөөд, зам барилгын ажил эрчимтэй хийгдэж байгаа нь сайшаалтай ч барьсан барилга нь жилээ даахгүй ханаараа цууралт өгч байгаа талаар шүүмжлэл өнөөг хүртэл тасраагүй.

Цаашдаа ч тасрахгүй биз. Нүглийн нүдийг гурилаар хуурсан барилгууд олноор баригдаж байгаа талаар хотын дарга анхаарал хандуулж, олон хүний амиар “наадсан” барилгын компаниуд арайхийн чанар, аюулгүй байдалдаа анхаарч байгаа ч зөв замдаа орж, зөрчилгүй чанартай барилга барьдаг болтол зай ч бий биз.

Хотын төвд л нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа мэт харагдаж байгаа ч хөдөө орон нутагт энэ мэт зөрчил бахь байдгаараа байна. Ядахдаа л сумын төвийн эмнэлэг, сургуулийн барилга, дотуур байрны өргөтгөл зэрэг сум хөгжүүлэхээр ажиллаж байгаа барилгын компанийн гэрээт ажилчин залуус хөгжим хангинуулж, энд тэнд хөлхөлдөж, давхар бүрт нь гарч бүжиглэхээс наагуур явах. Тэдэнд ямар ч хамгаалалтын хувцас хэрэглэл байхгүй, олон ч хүний амь нас эрсдэх, осол аваар гарах орчинд ажиллаж байгааг нуугаад яахав.

Ухсан нүх, энд тэнд тарааж шидсэн хадаастай банз энэ бүх зөрчил гарах ёстой юм шиг аашилж, аяглах нь хачирхалтай. Хажуугаар нь хүүхэд хөгшид өнгөрч, шөнө орой согтуу хөлчүү хүмүүс явж унаж бэртэх вий гэх болгоомжлол ч барилгын компанийн удирдлага гэх нөхдүүдэд алга бололтой юм. Хөдөө орон нутагт гардаг зөрчил үүгээр дуусахгүй. Чанаргүй барилгаас гадна жилийн насгүй, нэг удаагийн хүчтэй борооноор урсаж байгаа замууд анхаарлын гадуур орхиж болохгүй асуудал болжээ. Улиг болтол ярьдаг ч мэдлэггүй инженер, мөнгийг нь идэж уухын хэнээ туссан дарга нарын балгаас болж хөдөө орон нутаг хаа сайгүй л тийм замууд тааралдах боллоо. Тухайлбал, саяхан амралтаа аваад хөдөөг зорилоо.

Амралтаа ая тухтай өнгөрөөчих санаалан Хөвсгөл нуур /далай/-ыг зорьсон юм. Хөвсгөл аймгийн хувьд аялал жуулчлалын бүс гэдэг утгаараа Хөвсгөл-Хатгалын чиглэлд хар зам тавихаар улсын төсөвт мөнгө тусгаж, удтал дуншсаны эцэст өнгөрсөн жил арайхийн хар замтай болсон. Зам тавигдсаны дараа осол аваар их гарлаа гэх зэргээр яригдаж байсан ч хамгийн чухал нь аялал жуулчлалын томхон бүс нутаг хөгжилд нэг алхам дөхсөн нь сайшаалтай байлаа. Гэтэл өнөөх удтал яригдсан зам нь нэг жилийн ч насгүй байж.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэн орсон их борооны дараа Хатгал-Мөрөнгийн хоорондох зам үерт автаж, сэтэрч урсах хэсэг нь хагарч цуурч, зарим газар нь лаг шавар, чулуу овоороод хоёр машин зөрж өнгөрөх байтугай нэг машин ч лаг шаварт нь суучихалгүй гарахад бэрх болжээ. Хажуу далан нь тэр чигээрээ урсаж орж ирэн барьсан зам дээгүүр нь урсаж, сэтэрч байхад аваарын тэмдэг тавихаас хэтрэхгүй өдийг хүрсэн байна.

Тэнд манантай, усархаг бороотой үед бол хурдтай яваа машин замын хажуу руу унах, эс бөгөөс урдаасаа ирж байгаа машинтай мөргөлдөх, олон хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүсчихсэн байна. Хоёр долоо хоногийн ширүүн бороонд тэсэхгүй иймэрхүү зам барих гэж “тамлаж” байгаа нөхдүүдэд хүлээлгэх хариуцлага гэж байдаг гэж найдъя. Ядахдаа цаг тухай бүр нь хүн хүч дайчлан лаг шаврыг нь цэвэрлэх, хагарч эвдэрсэн хэсгийг нь эргээд нөхдөг сэргээдэг байдлаар замын компаниудтай гэрээ хэлцлээ хийхгүй бол, “нүх сүв”-ээр дүүрсэн хагарч бутарсан замын түүх давтагдсаар байх нь.

Хөдөө гэхээр л анхаарлын гадна орхидог, тэнд юм бүхэн хөсөр орхигддог байдлыг одоо болимоор байна. Тэнд ч гэсэн хүн амьдардаг, хооллодог, ундалдаг, машин тэрэг унадаг. Хагас жилийн насгүй зам ганцхан Хатгал-Мөрөнгийн хар замаар дуусахгүй. Ер нь хөдөө орон нутагт тавигдаж байгаа замууд яг л иймэрхүү байдалтай байгаа нь нууц биш.

Бүтээн байгуулалтыг хурдтай хийж, сэтгэл гаргаж болох ч түүнийгээ хамгийн чухал нь чанартай хиймээр байна. Хөвсгөл-Тариалангийн чиглэлийн хар зам тун удахгүй ашиглалтад орох сураг дуулдана. Зах зухаас нь дуулахад бас л чанаргүй, ус зайлуулах суваг шуудуу нь хангалттай бус, нимгэн, яарсан сандарсан байдалтай тавьж байгаа гэлцэж байна.

Их бүтээн байгуулалтын хүрээнд энэ жил ашиглалтад орж буй аймгуудын замууд нэг жил, нэлээд хэдэн өдрийн борооны настай юу гэдгийг ирэх хаврын шар усны үер, ширүүн бороо харуулах биз ээ. Хэрхэхийг харж л сууя.

Б.Өнөртогтох

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих