Сэтгэл байвал мөнгөгүй ч, юу ч хийж болдгийг бид харуулж чадлаа
-“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР” АЯНД 30 ГАРУЙ БАЙГУУЛЛАГЫН 1000 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО-
Өнгөрөгч бямба гарагт Улаанбаатарт нартай, хуртай сайхан өдөр тохиолоо. Энэ өдөр нийслэлчүүдийн амарч зугаалах дуртай хамгийн том цэцэрлэгт хүрээлэн хогийн ургамлаасаа саллаа. Сэтгэл байвал мөнгөгүй ч юу ч хийж болдгийг “Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтын хамт олон харуулж чадлаа. Бидний санаачлан зохион байгуулсан “Шарилжгүй Улаан-баатар” аянд 30 гаруй байгууллага, хамт олны төлөөлөл болох 1000 гаруй хүн гар бие оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон байгууллагынхаа ойр орчмын шарилж, хогийн ургамлыг түүлээ. Өнгөрөгч бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон аяны нээлтэд Засгийн газрыг төлөөлж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Байгаль орчны сайд асан Л.Гансүх, Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга А.Цогцэцэг, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Орсоо, Үндэсний соёл ам-ралтын хүрээлэнгийн захирал Б.Батнягт, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч Б.Сангидорж нар оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хэлэхдээ “Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтын хамт олны санаачилж байгаа энэ аян цаг үеэ мэдэрсэн, нийгмийн шинж чанартай сайн үйлсийн аян юм. Энэ аянг Ерөнхий сайд, Засгийн газар дэмжиж оролцож байгааг хэлмээр байна. Энэ сайхан хотдоо эрүүл орчинд ажиллаж, амьдрахад энэ аян томоохон үүрэг гүйцэтгэнэ. Зөвхөн энд цугларсан хүмүүс ч биш гэртээ амарч суугаа бүх хүмүүс ойр орчмынхоо хогийн ургамал, шарилжийг түүж энэ аяныг дэмжээрэй” гэлээ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг “Энэ хамт олны санаачлан зохион байгуулж байгаа аянд бүх нийтээрээ оролцохыг уриалмаар байна. Сайн санааны энэхүү аянд бид ч гар бие оролцохоор ирээд байна. Манай хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн. Цаашид энэ аяныг уламжлал болгон зохион байгуулаарай. Шарилжийг зулгааснаар хөрс эрүүлжих боломжтой болдог. Энэ ажлыг урьд өмнө бусад байгууллагууд зохион байгуулах санал санаачилга гаргадаг байсан боловч мөнгөгүй гэх шалтгаанаар бодит ажил болж чаддаггүй байсан” гэсэн юм. Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг дарга Б.Оросоо “Манай дүүргийнхэн өнөөдөр энэ аянд нэгдэж байгаагаа илэрхийлж, байгууллага, хамт олноороо ойр орчмынхоо шарилжийг зулгааж байгаа гэдгийг уламжлахад таатай байна. Танай хамт олонд улстөрийн шарилжийг түүх их ажлынхаа хажуугаар Улаанбаатарын шарилжийг түүж байгаад амжилт хүсье” гэв. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал Б.Батнягт “Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтын хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Нийслэлчүүдийн амарч зугаалдаг гол газрын нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хогийн ургамал, шарилжгүй болгоно гэдэг хамгийн зөв алхам. Манай байгууллагынхан хамт олноороо энэхүү аяныг дэмжиж байгааг уламжилъя. Түүнчлэн энэхүү аянг санаачилж, гар бие оролцож байгаа та бүхэнд хүүхдийн паркт тоглох 500 тасалбарыг хандивлаж байна” гэсэн юм.
Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан “Нийтийн сайн сайхны төлөө цугласан та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бид урьд өмнө ийм байдлаар ажил санаачилж байсангүй. Улаанбаатарыг шарилжгүй болгохын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодорхой ажил зохион байгуулж эхлээд байгаа. Яг энэ цаг үед “Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтын хамт олон ийм аян өрнүүлж байгаад баяртай байна. Манай хот тохижилтынхон бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ ирлээ. Шаардлагатай машин тэрэг, усны машинаа ч авч ирлээ. Залуус аа, та бүхэн энэ аянд нэгдэж байгаад баяр хүргэе” хэмээв.
Аяны нээлтэд Нийслэлийн хот тохижилтын газар, харьяа дүүргүүдийн ТҮК-ийн ажилтнууд, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Газрын тосны газар, Ашигт малтмалын газар, “Сод Монгол” групп, “Иргэний нисэхийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Арьсны өвчин судлалын үндэсний төв, МИАТ, Соёл, спорт аялал жуулчлалын яам, НАМЗХ, Хуульзүйн яам, Эрүүл мэндийн яам, Ардчилсан залуучуудын холбоо, “Таны оролцоо” клуб, Зам тээврийн яамны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Дуурь бүжгийн эрдмийн театр, JCI төрийн бус байгууллага, Үндэсний номын сан, Богд хааны ордон музей, УБТЗ-ын Удирдах газар, Автозамын хяналт судалгааны төв зэрэг байгууллага, хамт олны төлөөлөл гэхчлэн нийтдээ 500 гаруй хүн оролцсон юм. Аяныг дэмжиж Дархан-Уул аймаг, Дорнод аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-ынхан бүх нийтийн шарилж зулгаах өдөр болгон зарлаж, хот, дүүрэг, байгууллага орчмынхоо шарилж, луулийг зулгааж байгаагаа бидэнд утсаар мэдэгдсэн юм.
Аяны үеэр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, хүмүүст үнэ төлбөргүйгээр харшлын сорил тавьж, оношилж өгсөн юм. Тус эмнэлгийн харшлын эмч С.Янжмаа “Хүмүүс маш их үзүүлж, зөвлөгөө авч байна. Тоолж чадсангүй. Залуучууд байгууллагаараа, гэр бүлээрээ зөвлөгөө авах нь их байна. Уг нь харшлын сорил, оношилгоо 12 мянган төгрөгийн үнэтэй байдаг ч бид энэхүү аянг дэмжиж, өнөөдөр үнэ төлбөргүйгээр иргэдэд үйлчилж байна. Ийм аяныг улс орны хэмжээнд, бүр өргөн далайцтай зохион байгуулбал илүү их хүнд хүрэх юм шиг санагдлаа. Өнөөдрийн энэ аян хүмүүсийн эрүүл мэндэд маш их тустай, сайн үйлс болж байна” гэж ярилаа. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжин оролцсон бол Нийслэлийн хот тохижилтын газрынхан хүмүүсийн түүж хаясан шарилж, хогийн ургамлыг ачиж хаях ажлыг зохион байгуулж байв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шарилж зулгаахаар ирсэн байгууллага, хамт олны төлөөллүүдэд тодорхой газруудыг хуваарилан өгсөн. Хүмүүс ч 2-3-хан цагийн дотор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд байсан шарилжийг юу ч үгүй болтол нь цэвэрлэв. Айл өрх, албан байгууллагын хашаанд ургасан шарилжийг түүж устгах нь тийм ч их цаг зав үрээд байх ажил биш гэдгийг аянд оролцогчид харуулж чадав. Шарилж түүхээр ирсэн залуус байгууллага, хамт олноороо өнгө өнгийн хувцсаар жигдэрч, байгууллагынхаа хаягийг авчирсан байв. Энэ бол Монголын залуучууд санаа нийлбэл мөнгөгүй ч гэсэн юу ч хийж чаддаг, болдог гэдгийг харуулсан хэрэг. Бидэнд гагцхүү санаачилга л дутдаг юм байна гэдгийг аянд оролцохоор ирсэн залуус хэлж байлаа. Мөн нийгмийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөөх ийм аянд улсаас тусламж дэмжлэг их авдаг хэсгийг, тодруулбал, оюутан, цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах хэрэгтэй гэдгийг хэлэх хүн ч байлаа. Шарилж түүх аянд оролцогчдод сэтгэлийн дэм өгөхөөр “Мөрөөдлийн бүжиг” залуусын клубын 50 бүжигчин залуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын дэргэд бүжиглэж, тэнд цугласан, амарч зугаалж яваа хүүхэд багачууд, эцэг эхчүүдийг хөгжөөлөө. Тэдний нэг Б.Мишээл “Энэхүү шарилжны эсрэг аянг зохион байгуулж байгаа “Улс төрийн тойм” сонины хамт олонд юуны өмнө бүх Нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Манай “Мөрөөдлийн бүжиг” залуусын клуб энэхүү үйл ажиллагааг маш их дэмжиж оролцож байгаа. Дараа дараагийн “Шарилжгүй Улаанбаатар” аяныг улам олуулаа дэмжиж оролцох болно” гэдгээ хэлсэн юм.
Ийнхүү “Шарилжгүй Улаанбаатар” аяны нээлт амжилттай зохион байгуулагдлаа. Бидний санаачилсан аянд гар бие орол-цож, дэмжиж ажилласан бүх байгууллага, хамт олон, хувь хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Шарилжгүй Улаан-баатарын харшилгүй иргэд болохын төлөө энэхүү аяныг жил бүрийн зургаадугаар сард зохион байгуулах бөгөөд улам улам өргөн хүрээг хамрах юм.
Б.Оюунгэрэл
URL: