Нэрээ сольсон менежер
Н.Батбаяр сайдыг “байгалийн гамшиг” гэж намынхан нь нэрлэдэг. Тэгвэл энэ нэрээ сүүлийн сольж байгаа бололтой юм. Гал тахиж, бөөлж, Гиннесийн номд бичүүлж эдийн засгаа авардаг төрийн түшээ гэвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хэлэх болов уу. Хатуудсан ч гэлээ ийм гашуун үнэнийг хүмүүс хэлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг дуудаж уулзан, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч ажилла, төсвийн хуульд тодотгол хий гэж даалгасан. Эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлц гэдэг нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг ажлаа хий, алдаа бүү гарга гэсэнтэй агаар нэг. Эдийн засгийн хөгжлийн сайд хүн ийм үеэр Хүй долоон худагт оччихсон Гиннесийн номд бичүүлэх 11430 морьтныг араасаа дагуулчихсан “тууж яваа” нь цагаа, нүдээ олсон хэрэг гэж бодохгүй л байна. Улс орны амьдрал, эдийн засгаас илүүтэй дэлхийн амжилтын номд бичүүлэх нь чухал санагдсан юм байлгүй. Н.Батбаяр сайд уг нь гайгүй сайн эдийн засагч хүн. Сүүлийн үед жаахан шоу менежер тал руугаа авьяасаа хөгжүүлээд байгаа бололтой юм. Барилга хот байгуулалтын сайд байхдаа 40 мянган айлын орон сууцаар, УИХ-ын гишүүн байхдаа гэнэтийн ашгийн 68 хувийн татвараар, өмнөх Засгийн газрын үед сайдуудыг огцруулах гэж “амжилттай” шоудсан. Харин одоо… Түүний нэр одоо “шоу менежер” болсон гэнэ билээ.
Б.Оюунгэрэл
URL: