Ё.Отгонбаярын хэрэг хаачив

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын гэргийг эр нөх­рийг нь эзгүйд сүр бадруулан баривчилж дуулиан дэг­дээсэн. Шалтгаан нь нийт дөр­вөн банкны 20 гаруй дан­сандаа 500-аад тэр­бум төг­рөгтэй тэнцэх хэм­жээний төгрөгийг хад­гал­-сан, шил­жүүлсэн, тэр ч бай­тугай “мөнгө угаасан” байж болзошгүй гэх ноцтой хэр­гийг түүнд тулгасан юм. Санаанд багтамгүй энэ их хэм­жээний мөнгөний асуудал эр нөх­рийнх нь эрх чөлөө, УИХ-ын гишүүний хал­даш­гүй бүрэн эрхэд нь хал­гаатай болж хувирсан. Тиймээс ч төд удалгүй Ё.От­гонбаяр “Эхнэрийг минь буруутгаж байгаа учир шалтгаа­ныг мэдэхгүй байна. Оронд нь намайг хорь” гэж хүссэн. Гэвч үүнээс хойш сар гаруйхны хугацаа өнгөрөхөд огт тийм үйл явдал болоогүй мэт нам гүм болоод байна. Харин наадмаар яагаад эрх чөлөөтэй, амгалан тайван наадаж явсныхаа учрыг хэнд ч хэлээгүй байгаа юм. Тэр ч байтугай Бо­ловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа хил давуулан зарсан үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь эргүүлэн авчрахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүндэт өргөмжлөлөөр шагнаж байгаа харагдсан.

Ял, гавьяа давхацсан энэ бүх үйл явдлын дараа Ё.Отгонбаяр гишүүн дахиад л нуугдчихав. Нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоригдож байхад нь эргэсэн хэмээн намынхнаасаа зэм хүртэж байсан тэрбээр сая болсон Бага хурлын үеэр ч харагдсангүй. Н.Энхбаярыг суллагдсаны дараа түүнд хамгийн ойр байсан МАН-ынхан айдас хүйдэстэй байгаа нь нууц биш. Тэгээд ч Н.Энхбаярыг нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хоригдон эмчлүүлж байхад нь “хоолны хордлого” гэх оноштойгоор ха-жуугийн өрөөнд нь “очиж хэвтсэн” Ё.Отгонбаярын тухайд экс Ерөнхийлөгчтэй огт уулзаагүй гэдгийг хэн нотлох билээ.

Ямартай ч эдүгээ Н.Энхбаяр эрх чөлөөт иргэн болсон. Харин Ё.Отгонбаярт холбогдох хэргийн тухайд асуудал өөрөөр яригдах учиртай. Яагаад гэвэл тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор “ууч­луулах” хэмжээний том улс­төрч биш. Тэгээд ч сүүлчийн гарц болох Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ баталлаа гэхэд албан тушаал, авлига, их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой хэргүүдэд огт хамааралгүй байх болно гэдгийг Хууль зүйн сайд мэдэгдээд байгаа.

Зарим эх сурвалжийн ярьж бай­гаагаар тэрбээр олон дансныхаа учрыг “аятайхан” тайлбарлаж чад­сан ч БНХАУ-ын “ZTE” ком­панитай ямар холбоотой байсан тухайд “мултарч чадаагүй” гэлцэх аж. Тус компанитай зөвхөн Ё.Отгонбаяр ч бус түүний фракцийнхан хол­боо­той байсныг мэдэх хүн цөөн­гүй. Энэ талаар нотлох баримт ч амархан олддог. Гэтэл яагаад “Ё.Отгонбаяраас бусад нь” шал­гаг­дахгүй байгаа нь сонин. Тэгээд ч яг тэр фракцийнхныг МАН-ын Удир­дах зөвлөл, Бага хур­лаас “арчих” тухай “операци” зохион байгуулаг­даад байгааг харахад шинэчлэлийн шуурганд хам­гийн түрүүнд “Ё.От­гонбаяр ба түүний найзууд” өртөх цаг ирсэн болол­той.

Ямартай ч өнөөдөр тэд өөрсдийгөө хамгаалах цаг ирсэн. Учир нь намаа, хандивлагчдаа хамгаалж “гал, ус” руу орохоос буцахгүй байсан дарга, генсекүүд “амралт”-аа авсан. “Амь, амиа бодоорой” гэсэн зарчмаар хийсэн булхайгаа хамгийн сайн далдалсан нь мэнд үлдэх болсон энэ цаг үед МАН-ын хууччуул Н.Энхбаяраас ангид аж төрөх гэж цоо шинэ замаар аж төрцгөөж байна. Хэрэв ингэж оршин тогтноход хэцүү байвал Д.Арвин гишүүний нэгэн адил АН-д “хайраа илчлэх”, бүр болохгүй бол эрх чөлөөтэй байгаа дээрээ хил дамнан одохоос өөр арга алга. Харин одоогоор шалгагдаж байгаа хэргүүдийн тухайд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийн нэгэн адил мартуулах, ямар нэг тайлбаргүйгээр хаяж хэрхэвч болохгүй. “Том мөнгөний тоо”-гоор олон нийтийг цочир­дуулчихаад хэрэгсэхгүй бол­гох, зохицож өнгөрөх гэсэн ойл­голт байхгүй билээ. Иймд хууль, хянал­тын байгууллага Ё.Отгонбаярыг аль намын гишүүн байхаас үл шалтгаалан хариуцлага тооцсон хэвээрээ байх, тэр нь олон нийтэд нээлттэй байх учиртай.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих