Үнэхээр өөрчилмөөр байвал энийг унш

Чи урд нь зөвхөн их сонирхдог, бүтээлч хүн жинхэнэ өөрчлөлт хийнэ гэж боддог байсан бол энэ бодлоо март. Учир нь хувьсгал, хувьсал хийхийн тулд чамд уур хилэн, хор шар, үргэлж дотроос чинь хатгах хүсэл, нийгмийн гаж тогтолцоог эсэргүүцэн үзэн ядах сэтгэл хэрэгтэй.
Их бүтээн байгуулалт хийхийн тулд их сониуч зантай хүн байх ёстой гэж нийгмийн дийлэнх хэсэг бодоод байх шиг. Тэгээд нэгэндээ энэ чанар хэр чухал болохыг итгүүлэх гэж хичээдэг нь гайхмаар.
Мэдээж сониуч зан чухал, үүнийг үгүйсгэхгүй.
Гэхдээ чи арай том хүрээнд сэтгэж, ярьж, хийж, хөдөлж байж юмны бараа харна.
Монголд байхгүй учир үргэлж хүсээд байдаг Хөгжил гэдгийг бий болгоё гэвэл. Бидний тэр ядмагхан сонирхол, шүүмж, бухимдал, хоосон хүслээр бол хэзээ ч бүтэхгүй ээ.
Ямар нэгэн зүйл үнэхээр дургүйг чинь хүргэж байх хэрэгтэй.
Тэр дургүйцлаа ил гаргах хүчтэй байх ёстой.
Уур.
Уцаар.
Эсвэл шууд нүүрэн дээр нь хэлэх зориг. Буруугийн хажуугаар дуугай өнгөрөхгүй байх тэр чадвар.
Сониуч зан гэдэг аливаа зүйл хэрхэн бүрэлдэн бий болдог, хэрхэн ажилладаг талаарх мэдэх гэсэн эрмэлзэл.
Нэг үгээр таглааг онгойлгож дотор нь юу байгааг харахтай адил.
Харин ууртай байна гэдэг нь аливаа зүйлийн тогтолцоо, бүтэц болохгүй байгааг хүчтэй байдлаар илэрхийлэх зэвсэг буюу түүнийг өөрийнхөөрөө өөрчлөх гэсэн хүсэл.
Яг одоо.
“Уур уцаар” биднийг аливаа зүйлийг хийхийг шаарддаг.
Мартин Лютер Кинг ард иргэдийн эрхийг сонирхон судлаагүй. Шудрага бус байдал тэр хүнийг галзууруулах шахаж байсан.
Одоогийн байдалд залхах, тэвчихгүй тэр мөчид уур уцаар бий болдог.
Үүнийг өөрчлөлтийн эх үүсвэр гэнэ.
Сониуч зантай хүмүүс өөрчлөлт хийж чадна гэж бодож байна уу?
Үгүй.
Учир нь сониуч зан зөрүүд байж чадахгүй.
Сониуч зан өөрчлөлт хийхийг эрмэлздэггүй.
Сониуч зан ятгаж чаддаггүй.
Өөрөөр хэлбэл зөвхөн сониуч зантай байлаа гээд хэрэгтэй зүйлийнхээ төлөө тэмцэх боломжгүй.
Үр хүүхэд , хойч үедээ үнэхээр хэрэгцээт зүйл, ирээдүйн төлөө бүхнээ золиослож чадахгүй.
Харин чи хүн болж бүрэн төлөвшсөн, утга учирыг тунгааж, ойлгосон үедээ өөрчлөлт хийх хэрэгтэй.
Жижиг зүйл дээр ч тэр, том зүйл дээр ч тэр.
Чиний зорилго бол энэ завхарсан тогтолцоог үгүй хийх.
Харин үүнийг хийхийн тулд олон жил хулчгар байснаа март. Чамд мэргэн ухаан, шийдэмгий зан, зоригтой алхам хэрэгтэй.
Гандигаас асуу.
Кингээс асуу.
Манделлагаас асуу.
Тиймээс хэрвээ чи үүнийг уншаад, Монголын хувь заяанд өөрийн хувь нэмрээ оруулж, үнэхээр зөв юм хиймээр байвал ууртай, мохошгүй бай гэж бурхны нэрийн өмнөөс гуйж байна.
Асуухгүй бол хэзээ ч хариулт авахгүй, гараа атган уурлахгүй бол хэзээ ч өөрчлөлтийг үзэхгүй!
Гэхдээ Мунхаг уур, Зоригтой байх хоёр хоорондоо асар том ялгаатай гэдгийг санаарай.

Ч.Өрлөг


URL:

Сэтгэгдэл бичих