11125 морьтон жагсч, 4279 хүлэг уралдлаа

Монгол морийг дэлхийн дээд амжилт Геннисийн номд бүртгүүлэх түүхэн үйл явдал өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө.

Эхний өдөр нь түмэн морьтныг нэг дор жагсаах үйл ажиллагаа байсан юм. Монголын сорин спорт уяачдын холбооноос санаачлан зохиосон жагсаалд 21 аймаг, 365 сумын морьтон нийслэлийг зорьжээ. Тодруулбал, Булган аймгаас 700 морьтон, Баянхонгор аймгаас 300 морьтон зэрэг аймаг бүрээс зуу зуугаараа ирсэн байв.

Тэдний дунд дөрвөн настай балчраас 80 настай буурал хүртэл морио унаж харагдсан. Бид түмэн морьтны жагсаалаараа 8233 гэсэн дээд рекордыг эвдэх явдал байсан. Гэвч мориороо дэлхийг тамгалсан монголчууд энэ тоог хол давуулж, 10 мянган морьтныг нэг дор жагсаасан нь энэ билээ. Өглөөнөөс эхэлсэн сүрт жагсаал өдрийн 12.00 цаг гэхэд дөрвөн км үргэлжилж, Геннисийн албан ёсны шүүгчид тооллого явуулав.

Энэ удаагийн ёслолд Геннисийн бүртгэлийн шүүгчээр Луциа Синигасзи албаны хүмүүсийн хамтаар ирсэн байлаа. Гурван цаг гаруй үргэлжилсэн тооллогын дүнгээр 11125 морь жагссаныг шүүгч Луциа Синигасзи бахархалтайгаар дуулгасан юм. Өмнөх амжилтыг өмнөд Америкийн колумбачууд тогтоож байжээ.

Шүүгч Луциа Синигасзи: МОНГОЛЧУУДЫГ БИШРЭН ШҮТЭЖ БАЙНА

-Морьдыг тоолж дуусгах гэдэг амаргүй ажил байлаа. Улсын өнцөг бүрээс ирж хуран цугласан монголчууд та бүхнийг бишрэн шүтэж байна. Монгол морь дэлхийд дахин танигдсан үйл явдал байлаа.

Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд: ОТРЫН ЖИЖИГ ГЭРЭЭС ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООХ УЧИРТАЙ БАЙЖ

-18 жилийн тэртээ адуучны отрын бор гэрт үүсгэл санаачлагаа тавьж байсан Монголын морин спорт уяачдын холбоо түүхэн ажлыг зохион байгууллаа. Бид отрын жижиг гэрээс дэлхийн дээд амжилтыг тогтоох учиртай байж. Энэ жил Монголын морин спорт уяачдын холбооны хувьд онцлог жил. Одоогоос 750 жилийн тэртээ өвөг дээдэс маань Адууны яам байгуулж байсан. Жагсаал, уралдааныг Засгийн газраас санхүүжүүлсэн нь өнөө цагийн төр засгийнханд морио дэмжих бодлого оршин тогтнож байгаагийн нэг илэрхийлэл.

ХУРДАН МОРЬДЫН ӨМНӨХ АМЖИЛТ

2228 Сүрт жагсаалын дараагийн өдөр 3000 морьтон уралдсан юм. Эрийн гурван наадмаар ч ховорхон тохиох энэ агшин мөн л дэлхийн амжилтыг тогтоох их үйл хэрэг байсан. Анх 3000 морь уралдахаар бүртгэлийн ажиллагааг зохион байгуулсан ч уяачид 4279 хүлгийг сойсон байлаа.

Уралдаанд шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаанд айргийн гуравт хурдалсан Ц.Энхтайваны хонгор халзан морь түрүүлэв. Уг хүлгийг аймгийн алдарт уяач Т.Ихбаяр уяж сойдог бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Б.Буян-Оршихын унаган адуу. Харин аман хүзүүнд ГовьАлтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод магнай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон хурдалсан бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Д.Жаргалсайханы буурал айргийн гуравт орж ирэв.

Түүнчлэн Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга дараалж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Ерөөлтийн халзан морь айргийн тавд хурдаллаа. Морьдын уралдааны талаар Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Дэлхийн дээд амжилтыг ганцаараа биш хэдэн мянгаараа тогтооно гэдэг нь хамгийн чухал. Монгол гэхээр морь бодогддог, морь гэхээр монгол сонсогддог тийм л ард түмэн. 3000 морь уралдахаар байсан ч энэ тоо хол давлаа. Уяачид маань идэвхтэй оролцож байгаад баяртай байна” хэмээв.

Геннисийн номд өмнө нь Малайз улсад 2220 морь, 2005 онд Өвөрмонголд 2228 морьд уралдсанаар бүртгүүлж байжээ.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих