Инчеон хотын мэр “Олимпик Хаус”-д зочиллоо
БНСУ-ын Инчеон хотын дарга Сон Ён Гиль өнөөдөр “Олимпик Хаус”-д зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд бараалхлаа.
Инчеон нь Азийн спортын хамгийн хүчирхэг хотуудын нэг болсон бөгөөд ирэх жил Азийн наадмыг зохион байгуулах билээ. Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлэхдээ 2007 онд Инчеон хот Азийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байхад Монгол Улс идэвхитэй дэмжиж байсныг онцлоод, Монголын спортыг үргэлж дэмжиж явдагт талархдагаа илэрхийллээ. Харин Инчеон хотын дарга Сон Ён Гиль өөрсдийнх нь дэмжиж байсан байт харвааны баг тамирчид амжилт нь огцом өсч, паралимпийн аварга, олимпийн эрхийг авсан, мөн дугуйн спортын тамирчид Азийн аварга болсонд баяртай байгаагаа хэлсэн юм. Цаашдаа Инчеон хот Монголын баг тамирчдад туслахдаа хэзээд баяртай байх бөгөөд зөвхөн Азийн наадам гэлтгүй түүнээс хойш ч хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Инчеон хотоос зохион байгуулдаг “VISION” хөтөлбөрт манай улсын байт харваа, дугуйн баг тамирчид хамрагдаж, амжилт нь эрс өссөн билээ. Өнөөдрийн уулзалтанд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, паралимпийн аварга Д.Баатаржав, байт харвааны ОУХМ Ж.Гантөгс, дугуйн спортын Азийн аварга Т.Энхжаргал, дасгалжуулагч Ж.Даваатогтох нар байлцлаа.
Уулзалтын төгсгөлд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Инчеон хотын дарга Сон Ён Гилийг Монголын спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтан Очир” одонгоор шагнасан юм. Инчеон хот нь 2,76 сая хүнтэй бөгөөд БНСУ-ын гурав дахь том хот юм. 2007 онд Азийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж Энэтхэгийн Дели хотыг ялж байсан юм. Ингэснээр Азийн наадмыг зохион байгуулах БНСУ-ын гурав дахь хот болжээ. Сөүл (1986), Бусан (2002) хотууд өмнө нь шар тивийн спортын наадмыг зохион байгуулж байлаа.
Ирэх жилийн Азийн наадам спортын 36 төрлөөр (28 олимпийн, 8 олимпийн бус) Азийн 45 орны 10,000 гаруй тамирчин өрсөлдөнө.
By: Olympic Team Mongolia
URL: