ЭНЭ БҮХ ШОК ХААНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ?
Аль 2012 оны дундаас хүндхэн байсан эдийн засаг он гарсаар бодит секторлуу чиглэсэн мөнгөний нийлүүлэлтээр амь тариагаа залгуулж явсан ч сүүлийн 14 хоногт гарсан хоёрхон мэдээллээс болж накаутанд орлоо.
Нэгдүгээрт, Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссон мэдээлэл иргэдийн итгэлийг тал хугалж эргэлзээ төрүүллээ.
Хоёрдугаарт, Оюутолгойн тус асуудлыг УИХ шийдвэрлэх юм байна. УИХ нь хуралдсаар байтал даруй 10, 11 сар хүрнэ. Тэгээд ч асуудлыг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй зэрэг сөрөг мессеж нь тал байсан итгэлийг бүрэн хугалав.
Дээрх хоёрхон мэдээллээс шалтгаалж сүүлийн аравхан хоногийн дотор ноён доллар огцом чангарч, ханшин дээрээ зуун төгрөг нэмж гангарав.
Энэ бүх шок хаанаас үүдэлтэй вэ? дээрх асуултын хариултыг одоо хайцгаая.
2011 оны эхний 5, 6 сард л гэхэд Оюутолгой, Тавантолгой ашиглалтанд орсноор амьдрал сайхан болно, бид баяжина хэмээн иргэдийг итгүүлж, халамжийн мөнгийг хавтгайруулан тарааснаар хэрэглээг 70 гаруй хувиар нэмэгдүүлж байлаа. Сайхан л байж…
Энэ мэтчилэн улс төрийн популист амлалтууд сүүлийн 4-5 жилд иргэдийн хүлээлтэд асар хүчтэй нөлөөлж ихээхэн хэмжээний мөнгө орж ирнэ, магадгүй Монгол хүн бүрийн цалин 10,000 долларт хүрч, долларын ханш 1000 төгрөг болно гэсэн сайхан үлгэрээр хэрэглээг асар ихээр тэлж байлаа.
Эдийн засагт хуримлагдсан энэ бүх зүй бус шийдвэрийн балгаар ажиллаад, хөдөлмөрлөөд байгаа ч мөнгө нь орж ирэхээ болилоо. Учир нь бид өмнө нь аваад хуваагаад идчихсэн шүү дээ. Оюутолгойгоос л гэхэд 250 сая ам.доллар, Чалкогоос 350 сая ам.доллар аваад тараачихсан. Түүнээс одоо 170 саяын ам.долларын өр үлдсэн. Бид өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтаас орох байсан 2 ам.доллар бүрээс 1 ам.долларыг нь, экспорын 3 ам.доллар тутмаас 1 ам.долларыг нь шууд л алдчихаж байна. Харамсалтай байгаа биз.
Ингэж олон нийтийн итгэлийг хугалж, хүлээлтийг гажуудуулсан нь валютын зах зээл дээр ханш өссөн үндсэн шалтгаан болсон гээд хэлчихэд хилсдэхгүй байх.
Одоо тэгвэл энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ?
1-рт: Олон нийтийн хугарсан итгэлийг эргэж сэргээх шаардлагатай.
2-рт: Оюутолгойн асуудлыг яаралтай шийдвэрлэж, гадны хөрөнгө оруулалтыг олноор нь татаж экспортоо нэмэгдүүлэх.
Тэгвэл энэ бүхнийг хэн хийх ёстой юм бэ?
Эрх баригчид, Улсын их хурал, Засгийн газар эдийн засагт шок үүсгээд байгаа эдгээр суурь асуудлуудтай яаралтай тэмцэж, шийдвэрээ гаргаж, хагарч буй аяга шиг эдийн засгаа эвлүүлэх эрхэм үүргээ яаралтай биелүүлэхийг улс эх орон, ард түмэн чинь шаардаж байна.
Эх сурвалж: Миний хаяг Монгол хөдөлгөөн
URL: