Н.Алтанхуягтай 1 жил

26614_42524АН-ын дарга Н.Алтанхуяг намаа  сонгуульд ялуулж өөрөө Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд  болсноос хойш яг нэг  жил болжээ. Өнгөрсөн  оны наймдугаар сарын 9-ний  өдрөөс  хойш 365  хоног нэг мэдэхэд өнгөрч, цаашид ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол ард түмэнд  хийснээ  үнэлүүлэх хугацааны  дөрөвний нэг нь ард  хоцорчээ.

Түүний  байгуулсан Шинэчлэлийн гэгдэж  буй Засгийн газар хэрхэн ажиллаж  байгаад  иргэд дор бүрнээ оноо өгч байгаа  болов уу.  Н.Алтанхуяг  өмнөх  Засгийн газруудын хийдэг байсан нэг жилийн тайлан, гүйцэтгэл гэдэг шиг  арга  хэмжээ  зохиохгүй бололтой. Тиймээс өнгөрсөн хугацаан дахь  Шинэчлэлийн Засгийн газрын үйл  ажиллагааны тухай товч сөхье. Юуны өмнө 2012 оны  УИХ-ын сонгуулийн дүнд  байгуулагдсан  Засгийн газрын  бүтцэд  иргэд олон талаас  нь хандаж  байлаа.  Яамдын  тоог 16  болгон нэмж, агентлагуудыг ч  олон  болгосон, төрийн  албыг  данхайлгасан гэх шүүмжлэл сөрөг хүчин болох  МАН-ын зүгээс илүүтэй гарч байсан юм. Энэ  бүгдэд Засгийн тэргүүн  “Ажил  хийхийн  тулд  хүн  хүчээ хэрэгтэй  газар нь томилж,  яамдын  чиг үүргийг   салган хариуцлагыг  тодорхой болгох” гэсэн байр суурь  илэрхийлж байлаа.  Гэхдээ  түүний  танхимынхан хариуцлагаа үүрч яваа  эсэхэд  дүгнэлт  өгөхөд  одоогоор жаахан  эрт  бололтой.

Н.Алтанхуягийн  Засгийн газрын бас  нэгэн имиж  нь “Нээлттэй засаг”  байлаа. Иргэдтэй  харилцах 11-11  төв, долоо хоног бүрийн Ерөнхий сайдын 30 минут уулзалт  гэх мэтээр түүний  танхимынхан ард  түмэндээ нээлттэй  байдаг гэсэн тодорхойлолттой  болохын тулд өнгөрсөн хугацаанд  нэлээд  ажилласан. Иргэдийн саналыг  авч, ажил хэрэг болгодог  эсэх  нь 100 хувь  биш ч  гэсэн  ямар боловч Шинэчлэлийн гэх  кабинет нь нээлттэй зарчмыг мөрдлөг болгодог гэсэн мессежийг иргэдэд өгч  чадсан бололтой байдаг юм.  Өнгөрсөн  365 хоногийн хугацаанд  Н.Алтанхуягийн Засгийн газрын босгосон “Чингис  бонд”-ын  1,5 тэрбум  ам.долларын үнэт  цаас өнөөг хүртэл хэл  амтай  байгаа. Гэхдээ энэ  бондын ачаар  бид  бүтээн байгуулалтын ажлаа  хийх мөнгөтэй байж, зургаан аймгийг нийслэлтэй холбосон 1400  километр засмал  замаас  эхлээд томоохон  ажлуудыг хийж байгаа нь  үнэн.  Харин хүүгийн төлбөрийн хувьд  манайд  энэ мөнгө ашгаа өгөх  эсэхэд  эдийн засагчдын  байр  суурь  өөр байдаг нь ч  үнэн юм.

Түүхийн хүрд  эр­гэж  дэлхий  нараа  нэг бүтэн тойрох хуга­цаанд Н.Алтанхуяг Ерөн­хий  сайд, кабинетийнхантайгаа  юу эсийг хийхэв. Тэрээр цасаар шуурсан хаврын өдөр багийнхантайгаа Бурхан Халдуныг зүглэж, төөрснөөс  ууланд  хонож  сүйд  болох шахсан.  Харин буцаж ирээд эсэн мэндээ  иргэддээ дуулгаж “Та  нарынхаа төлөө залбираад ир­лээ”  хэмээсэн  юм.  Мон­голчууд  ч  амны билгээс ашдын билэг хэмээдэг тул  Ерөнхий сайд нь  ард түмнийхээ төлөө үнэхээр л  залбирч  байдаг  гэдэгт  итгэсэн   байх гэж  найдна.   Энэ мэтчилэн үйл явдал, дуулиан өрнөсөн  Н.Алтанхуяг ба түүний  нөхөдтэй  нэг  жил  ард  хоцорчээ. Улсдаа тогтохгүй гадаадаар  буудаллаад  байдаг Ерөнхийлөгчтэй бидний  хувьд  Ерөнхий  сайд  маань өнгөрсөн  хугацаанд  гадагшаа  нэг ч  удаа  айлчлалд  явалгүй ажлаа  хийсэн юм байна. Киргизэд Шанхайн  хам­тын  ажиллагааны  нийгэмлэгүүдийн хуралд урилгаар оролцсоноос өөрөөр  хилийн дээс  алхаагүй ажээ. Харин одоо эдийн  засгийн ши­нэ  нөхцөл  байдал, Оюутолгой, Тавантолгой, нэгэнт  эхлүүлсэн бүтээн  байгуулалтууд  гээд  Н.Алтанхуягийг  бу­сад­­тайгаа  хамт хэр хол  явахыг, 2016 онд хэр­хэхийг илтгэх олон  ажил  байна даа.

Ө.СОНОР

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих