Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг 85 хувь нь дэмжлээ

Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуулдаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, өмчийн харилцааны газар , нийслэлийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Улаанбаатар Буян” ХХК болон Гандантэгчинлэн хийдийн төлөөлөгчид оролцсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс энэ асуудлаар олон нийтэд сүлжээ, сайт, гар утсаар дамжуулан иргэдийн дунд санал асуулга зохион  байгуулсан. Санал  асуулгад нийт 10 мянга  гаруй хүн оролцсоны 85 гаруй хувь нь “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн байна.
Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Далан давхар”-ын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг, ИТХ-ын 2010 оны тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д хэрэгжүүлэхээр баталсан.
Нийслэлээс санаачилж байгаа энэхүү ажлын үр дүнд “Далан давхар” буюу “Самбалхүндэв”-ийн оршуулгын 137 га газрыг цэвэрлэн, олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчилэх боломжтой, бөгөөд энэ төслийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
137 га газрыг олон улсын жишигт  нийцүүлэн өөрчилнө
Ингээд нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын төр, хувийн хэвшил түншлэлийн хэлтсийн дарга Д.Ганбатаас дараах тодруулгыг авлав.
-Энэ төсөл хэзээнээс эхлэн хэрэгжих боломжтой вэ?
-’’Далан давхар”-ын оршуулгын газар 1950 оноос үүсэж, 1987 онд албан ёсоор хаагдсан ч одоо болтол сул талбайг ашиглан оршуулга хийсээр байгаа. Энэ газарт 250 мянга орчим шарил байдгаас 150 мянгынх хөшөө, чулуу нэр хаяггүй, эвдэрч тоногдсон, ар гэр нь эргэж очихоо больсон байна.
Судалгаанаас харахад жилд дунджаар 6500-7500 хүн нас барьдаг гэсэн тоо гарчээ. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд оршуулгын газар эмх замбараагүй өргөжин, чимээгүй хот дангаараа 700 гаруй га газрыг эзэлж байгаа. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрийн 0.8 хувийг эзлэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нэг хүнд долоон мкв газар олгох жишиг тогтоосон. Энэ байдлаараа арван жилийн дараа гэхэд нийслэл хотын 1100 орчим га газрыг зөвхөн оршуулгын үйл ажиллагаанд зориулах юм байна гэсэн тооцоо гараад байна.
Бид эхний ээлжинд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Мөн шарилуудын ар гэрийнхэнтэй холбогдож судалгаа явуулж санал авах ажлууд хийхээр төлөвлөж байна.
-Төслийн зорилгын талаар танилцуулахгүй юу?
-Энэхүү төслийн үндсэн зорилго нь Далан давхар буюу “Самбалхүндэв”-ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, явдал юм. үүнд он удаан жил болсон хуучин шарилыг чандарлан суварганд залах, дурсгалын цогцолбор барих, гэрэлт суварга болон бусад суварга барьж чандрыг дотор нь байрлуулна.
Хотын өнгө үзэмжид нөлөө үзүүлж буй байгаль экологийн аюулгүй байдлыг сэргээнэ. Түүнээс гадна оршуулгын газар дахь нас барагсдын мэдээллийн санг бий болгох, тухайн газарт байгаа оршин суугчид амьдрах орчиндоо сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх зэрэг зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.
Оршуулгын газарт хүндэтгэлтэй хандах ёстой
Монголын Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн Олон нийттэй харилцах албаны лам С.Даваапүрэв
-“Самбалхүндэв”-ийн оршуулгын газар хотын хойд талын өндөрлөг хэсэгт оршдог одоо хот руугаа түрэн орж ирээд байгаа. Оршуулгын газарт хүндэтгэлтэй хандах ёстой ч энэ оршуулгын газрын яс, үс нь тараад хүндэтгэлтэй гэхээсээ хүндэтгэлтэй бус хэлбэрээр оршиж байна. Энэ бол хийгдэх ёстой ажил. Манай Гандантэгчилэн хийдийн зүгээс дэмжиж байгаа ч талийгаачийн ар гэрийнхний саналыг хүндэтгэх ёстой.
Энэ бол маш зөв ажил юм
Чингэлтэй дүүргийн иргэн Л. Цэцэгмаа
-Ард иргэд энэ ажлыг дэмжээсэй гэж бодож байна. Нийслэлээс санаачилж байгаа үйл ажиллагааг битгий гацаагаасай. Энэ бол зөв санаа, зөв үйлдэл юм. Миний хувьд оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажил маш их таалагдаж байгаа. Оршуулгын газрын хаяаг дэрлэж байгаа 25 мянга орчим өрх айлийн хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэн дотор тоглож байвал сайхан шүү дээ.
Бид зарчмын хувьд энэ ажлыг дэмжиж байгаа
“Улаанбаатар Буян” ХХК-ийн үйлчилгээ хариуцсан захирал Д. Мөнхнасан
-Нийслэлд оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арав гаруй компани байдаг. Бид энэ үйл ажиллагааг зарчмын хувьд дэмжиж байгаа ч энэ төсөл дээр ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн. Харин хувь хүмүүс “Улаанбаатар Буян” ХХК -аар оршуулгаа хийлгэх санал тавих юм бол манайх саналыг хүлээж авна.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих