Хот хоорондын зорчигч тээврийг бүрэн хянана
Хиймэл дагуулын системд суурилсан Тээврийн удирлага, хяналтын төвийг байгуулах гэж байгаа.
Энэ төвийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар Авто тээврийн үндэсний төв Сургалт, судалгаа техник технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Хиймэл дагуул ашиглан тээврийн хэрэгслүүдийг хянах төвийн ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ талаар тодруулаач?
-Уг ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсанаар нийт тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоох хянах ерөнхий төв байгуулагдаж байгаа. Дээрх төв нь хот хоорондын зорчигч тээвэр, гадаадад гаргаж буй ачаа тээшийн тээврийн хэрэгслийг бүрэн хянах боломжтой.
Мөн хиймэл дагуул ашиглан тээврийн хөдөлгөөнийг удирдах, хянах зориулалт бүхий төв бөгөөд авто тээврийн салбарт хийх томоохон технологийн шинэчлэлийн эхлэл болж чадсан юм. Энэхүү нэгдсэн системд авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, нийтийн тээврийн хяналт, зохицуулалт, багтаж байгаа. Эхний ээлжинд хот хоорондын зорчигч тээврийн 1000 тээврийн хэрэгсэлд тавигдана. Цаашдаа уул уурхайн болон улс хоорондын ачаа тээвэрт тавигдана. Ер нь энэ оны сүүлээр уг төв маань бүрэн ашиглалтад орно.
-Уг тээврийн хяналтын төв бүрэн ашиглалтад орсоноор ямар ач холбогдолтой байх вэ?
-Хяналтгүй байсан уул уурхай, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн ашиглалт, зам тээврийн ослоос болж саатсан үед түргэн шуурхай мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдэх болно.
Ер нь энэ төв бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд авто тээврийн сүлжээг бүрэн хянах, удирдан зохион байгуулах үр ашигтай. Энэхүү төв нь АНУ-ын JPS, ОХУ-ын GLONASS сансрын байршил тогтоох системийг үүрэн холбооны операторын JPRS, JSM системтэй хослуулан ашигладаг. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны хамрах хүрээнээс гарсан үед АНУ-ын JPS сансрын холбооны INMARSAT системийг ашиглан хянах болно.
АНУ-ын сансрын хяналтаас гарсан тохиолдолд ОХУ-ын GLONASS-ыг ашиглана. Энэ мэт харилцан уялдаатай ажиллах тул асуудал гарахгүй. Энэ системээр ажиллахад ганц монгол гэлтгүй ямар дугаартай автомашин хаана, хэдэн км цагийн хурдтай явж байна гэдгийг бүрэн хянана.
-Тээврийн хэрэгслүүдэд суулгах JPS зөвхөн хянах зориулалтаар ашиглагдах уу?
-Уг төхөөрөмжийг тавьсанаар байршлыг тогтоох, хэдэн км цагийн хурдтай явж байгаа зэргийг мэдэх боломжтой. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийн жолооч хүссэн тохиолдолд шатахууны ашиглалтаа хянах, дугуйны даац мөн нэмэлтээр зорчигчтойгоо холбогдох камер зэрэг боломжуудаар хангагдсан байгаа.
Ер нь уг төхөөрөмжийг суулгаснаар хурд хэтрүүлэх асуудал үгүй болно. Мөн ямар нэгэн тохиолдлоор осол гарсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн жолооч төхөөрөмжийнхөө аваарийн товчийг дарсанаар удирдлага, хяналтын төвд гурван секундын дотор шууд мэдэгдэнэ. Тиймээс цаг алдалгүй эмнэлэг, цагдаа, онцгой байдлын ажилтнуудтай хамтран газар дээр очиж ажиллах боломжтой болно.
-Хяналтын төвийн тоног төхөөрөмжийн технологийн шийдлийг Монгол инженерүүд боловсруулсан гэсэн?
-Тээврийн удирдлага, хяналтын төвийн холболт, тоног төхөөрөмж, технологийн шийдлийг Монгол инженерүүд боловсруулсан. АНУ, Их Британи, Герман, Финлянд, Япон, БНСУ зэрэг улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан программ хангамж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Ж.Отгонмягмар
URL: