“Ч.Энхтайваны хэрэг” гэгчийг одоо задалж шалгавал…
Удахгүй “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр тохионо. Энэ өдөрт зориулан өмгөөлөгч Л.Санжаасүрэн өөрийг нь болоод түүний үйлчлүүлэгч Д.Энхбатыг хэрхэн хэлмэгдүүлж, хохироож байсныг дэлгэрэнгүй, баримттайгаар өгүүлсэн ил захидлыг манай редакцид хаяглан илгээжээ.
Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт сэжиглэн, Францын нутаг дэвсгэрээс манай улсын тагнуул болон холбогдох хууль, хяналтын байгууллагын ажилтнуудад хулгайлагдаж ирээд нас барсан Д.Энхбатад өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө өмгөөлөл үзүүлэх эрхээ хасуулж, Монгол Улсын шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон юм.
Дашрамд дуулгахад түүний өмгөөлөл үзүүлэх эрхийг өнгөрсөн оны сүүлээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэргээсэн юм байна. Ингээд түүний ил захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Ашиг сонирхол, хэлмэгдүүлэлт
Дүгнэх биш, баримтад тулгуурлан болсон үйл явдлын шалтгаан холбоо, хэлхээс учгийг тайлах гэж л оролдлоо. Түүнээс хэн нэгнийг адлах, гүтгэх санаа огт өвөрлөөгүй. Хэсэг бүлэглэл нь төр засгийн эрхийг хууль бусаар авах санаа, хүсэл, сэдэлт, төлөвлөлт, гүйцэтгэлээс л хэлмэгдүүлэлт эхэлдэг гэх түүх олон улсад нэн элбэг.
Монголд ч гарч байсан. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь хуульд үл нийцсэн хэсэг бүлгийн нуугдмал явцуу ашиг сонирхлын толь нь байх.
Тухайлбал, 2003 онд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт нь “зорилго нь аргаа зөвтгөх” зарчим баримталсан ч түүхийн хар толбо болж үлдсэн.
Монголын төрд үүссэн ээдрээт нөхцөл байдлыг явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх арга болгосон хэлмэгдлийн зорилго нь ердөө л УИХ-ын ээлжит 2004 оны сонгуульд МАХН-ыг ялуулах туйлын хүсэл байв.
Арга нь захиргаадалт. Шударга сонгууль, иргэдийн шударга сонголтоор биш, гагцхүү сөрөг хүчнийхээ удирдлагыг оргүй гүжирдэж сөхрүүлэх атгаг санаа, явцуу ашиг сонирхол.
Эхлэл нь, даргагүй нам УИХ-ын сонгуульд яаж оролцдогийг харна хэмээсэн МАХН-ын нэг удирдлага, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдэгдэл нь нуугдмал олон сэдэлт үйлийг илчлэхэд тус болдог юм.
Ингээд л сөрөг намын даргын төөргийг төгсгөж, хойтохыг нь уншихаар эрх баригчид шавдуулсан мэт ойлгогддог.
Ор хоосон зайд зохиол тэрлээгүй мэт. Нийгэмд тархсан нэг ноцтой “мэдээлэл”-ээр нийгмийн тархийг тун ч адтай угааж, том барьцтай болгосон ч, булавч бултайх үлгэр болсон.
Зохиомж бодол сэдэлтэд, итгэсэн, зоригжсон, мөн айсан, цэрвэлт, болгоомжлол гэх олон өнгө давхцал нь уг операцид оролцсон субьект нэг бүрийн үйлдлээс илт харагдана. Ойлгоход дөхөмлөж, би ажиллагааг “Франц-операци” гэе.
1998 оны арванхоёрдугаар сарын 2-нд С.Зориг алагдаж “бүгд” гашуудав.
Алуурчинг олох гэсэн хардлагат арван там нийгэмд буцалж байлаа. Ардчилсан холбооны дарга М.Энхсайхан… нарыг л С.Зоригийг алсан гэсэн мэдэгдэл нь “Франц-операци” зохиомжийн өрөг болсон мэт.
Гэхдээ, уг мэдэгдэл үнэн эсэх нь одоо болтол бүрхэг. Харамсалтай нь мэдээлсэн сонссон хоёр ч өнөө болтол амаа хамхиж, хоёулаа таг чиг.
Нийгэм хүлээсээр. Энэ хүлээлт “франц-операци” үйлд улс төрийн шалтаг, хөрс нь болсон гэхэд гайхах хэрэггүй ээ. Ингээд л МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр нь УИХ-ын ээлжит 2004 оны сонгуульд МАХН заавал ялах “зохиомж” тэрлэсэн магадлал асар өндөр.
Холбоос нь ардчилагч өнөөхийн унагасан “М.Энхсайхан л …. .. гэсэн үг, мөн “С.Зориг” хэрэг илрээгүй, бас тагнуулчид онилсон цагаач Д.Энхбат францад эмчлүүлж байсан, энэ гурвалыг өрж “чулуу” болгох зохиомж хийгджээ. Автор нь ганц Н.Энхбаяр биш бас ч ганцаар гүйцэтгээгүй нь тун ойлгомжтой.
Төр засгийн бүх эрх мэдлийг атгаж байсан түүнд хуульд үл нийцсэн зорилго хэрэгжүүлэхэд нь оролцуулах, ашиглах, туслуулах, мөн золигт гаргахад “бэлэн”, шан харамж, албан тушаалд шунагч горидогчдын цуваа байсан. Үйлдлээс нь харвал уг ажилд наад зах нь 20-иод хүн оролцсон байх.
Хамгийн сонирхолтой нь ганцхан Б.Хурц л бүхнийг хийсэн мэтээр гэнэт “илэрч” дэлхий төдийгүй, Монголыг шуугуилж, Францыг “уяруулж”, англи германы хилэнг бадраав. Гайхалтай нь, үйлдэгсэд бас л Монголд төдийгүй, дэлхийд нуугдаж чадсан, чамгүй л шагнал, урамшил хүртэж, амар төвшин аж төрж байгаа болов уу.
Олон өнгийн тусгалд залхсан Б.Хурцын үг гэх “би тайван амьдармаар байна” гэсэн нь нэгийг бодогдуулах биз ээ. Б.Хурц хэзээ “үүцээ” задлах нь бас л нийгэм дэх хүлээлт… Бараг л, Монголын төр засгийн бүх хүчний бүтэц нь “зохиомжоор үүрэгжиж” гүйцэтгэсэн операци бол Франц, Бельги, Герман улс дамнасан, олон улсын хооронд байгуулсан конвенци, факт, гэрээ хэлцэл болон Монгол Улсын олон хууль зөрчив.
Монголын төр засгийг “сайн эр” болгосонгүй, харин ч олон улсад нэр нүүрийг нь барлаа. Ингэж л Монгол гэсэн нэрийг сэвтээсэн нүгэлд Н.Энхбаяр холбогдох уу, үгүй юу. Соёлт Ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын гэрээ, хэлцэл, конвенци ба Монгол Улсын хууль зөрчиж болохгүйг МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаярт хэлэх “зоригт” зөвлөхүүд тэр үед байгаагүй гэж үү.
Хууль бус зүйл, үйл зөвлөх, хатгагчид Ерөнхий сайдын дэргэд байх ёсгүй.
Гэхдээ том найраа, албан суудал, ногоонд мансуураад хэл, хөл нь хөшигчид байхыг үгүйсгэхгүй. Бүгд л албан тушаал шүтэж, хууль тогтоомж улласан, Н.Энхбаярын хэлснийг тоть мэт давтагчид байсан гэж үү.
Энгийнх нь ч дүүрч, хувийн ашиг сонирхлоо л дээдэлж гэх.
Шүүх, прокурор, тагнуул, цагдааг бүхэлд нь төрийн хууль зөрчигчид л толгойлж байсан гэж үү. Үгүй л баймаар. Эхлэв. “С.Зориг” хэрэг илрүүлсэн хүнийг 500 сая төгрөгөөр байлах, мөн даргагүй нам УИХ-ын сонгуульд яаж оролцдогийг харна хэмээсэн МАХН-ын удирдлага, Хууль зүй дотоод хэргийн сайдын мэдэгдэл нь операци эхлэх дохиог өгөв.
Дохиог мэдэрсэн, ЦЕГ, ТЕГ хүлээсэн үүргээ биелүүлж, “С.Зориг”-ийн алагдсан хэргийг шалгах хүрээ улам хумигдаж байна, хэргийн ул мөр улам тодорлоо, хэрэг илрэх гэж байна, удахгүй хэрэг үйлдэгчийг нийтэд зарлах болно” гэх утга бүхий мэдэгдлээ хөврүүлөв. Үүгээрээ, нийгмийн тархинд өөр бусад мэдээлэл үл шингэтэл зулга угаав.
Нийгэм бүхэлдээ тагнуул цагдаагийн үгэнд хууртаж, үнэнийг мэдрэх чадамжгүй болгов.
Эндээс л даргагүй нам сонгуульд хэрхэн оролцохыг харах болно гэж өнөөх “шантааж” үнэн байсан нь одоо ч нотлогддог. “Франц-операци” нь гүйцэтгэгчдийн арга барилаас болж сүйрсэн. Субьект бүрийн хуульд үл нийцсэн бусармаг болхи гүйцэтгэл мөхөл дагуулав.
Гэхдээ энд анхаарах зүйлүүд бий. Тэр нь юу вэ гэвэл, “зохиомж”-д идэвхтэй оролцсон дүр эсгэсэн ч өөрийгөө илчилж, цэвэр үлдэхээр “тоглосон” бурхи ч байсан юм. Хэдийд ч ямарч нөхцөлд, уснаас хуурай гарч чаддаг “чекистүүд” хуулиа дээдэлж, даргагүй нам УИХ-ын сонгуульд оруулж нийгмийг самрах аюулыг таслан зогсоож чадсан юм даа. Ингэж л тэд нам, ардчилалд гэхээс, илүүтэй эх орон, газар шороо,тусгаар тогтнолдоо үнэнчээ харуулсан.
Тэд, хэрвээ хүсвэл нэрлэж болно.
Дооз нь хэтрэлт- Д.Энхбатын ам руу нь шингэн цутгах, АКМ-н бөгсөөр өвчтэй элэг рүү нь ёврох, нууц байранд хорих, өндөр сандал дээр суулган тарчлааж байцаах, хээр хөдөө аваачиж буун дуугаар айлгах, тэр дороо л архи дарсаар дайлах, ”нууц ажилтан болгох” гэх мэт нь яарч, адгасан, самарсан үйлдлийг 2003 оны ТЕГ-ын соёл, боловсрол бүхий ажилтнууд сэдэж, хэрэгжүүлсэн нь үнэхээр ойлгомжгүй.
1930 онд, ангит нийгмийн арга барилд сохроор шүтсэн, мэдлэг боловсролгүй ажилтны хийж байсан үйлдлүүд 2003 онд яг давтагдсан байдаг. Энэ бол, 1990-2003 онд зүсээ хувиргаж, цаашид хэрхэхээ Н.Энхбаяр даргадаа харуулсан “онцгой мэх” гэж хэлж болохоор. Ийм тавиланг мэдрээгүй эрхтэн дархтан л өөрөө үйлээ үүрэхээс өөр гарцгүй ээ.
Гэхдээ ухаант дарга маань нэгийг нь золиосолж, үлдэгсэдээ чандлан нууцалж чадсан юм.
Нууц хадгалалт хэр үргэлжлэхийг ёстой л бурхан мэдэх биз ээ. Нөгөө талаас хилс шийтгэгдсэн өмгөөлөгч намайг цагаатгахгүй барьцаалах аргад байгаад “нуугдмал” нэгний гар оролцсоноос л би гэрчийн нэр хэлсэн үгийг задлах уу гэж урьд хэлсэн билээ.
Тагнуулын газар – Д.Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 18-ны өдрийн онгоцоор авчирч, 2003 оны тавдугаар сарын 19-25-ны хооронд ТЕГ-ын подвальд хорьсон атлаа Д.Энхбатыг Франц улсаас ТЕГ авчраагүй гэж үгээ зөрүүлсэн. Интерполийн шугамаар ЦЕГ авчирсан гэж телевизээр мэдэгдэв. Бас Д.Энхбат бол рецидивист гэмт хэрэгтэн гэсэн атлаа ТЕГ-ын нууц ажилтан байсан учраас Д.Энхбат төрийн нууц задалсан гэсэн.
Онц аюултай гэмт хэрэгтэн болох Д.Энхбатыг “С.Зориг” алагдсан хэрэгт шалгахаар Франц улсаас хууль ёсоор авч ирсэн. С.Зоригийг алсан хэргийг илрүүлэхэд өмгөөлөгч нь их саад болж байна.
С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ гэх гүжирдлэгээ ТЕГ нь дотоодод төдийгүй гадаадад цацсаныг нь тэр үеийн Гадаад харилцааны яам ч дэмжив.
Зорилгодоо хүрэх гэж улайрсан ТЕГ нь Д.Энхбатыг “Чи үхэхээсээ өмнө нэг гавьяа байгуулж, хамаатан саднаа 500 сая төгрөгтэй болгооч, чи ганцхан Ч.Энхтайван л С.Зоригийг алах санал надад тавихад би зөвшөөрөөгүй гээд л хэлчих, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны цаана Ардчилсан намын дарга М.Энхсайхан … гээ л байгаа юм.
Эсвэл чи Зоригийг алсан хэргээ хүлээ гээд л Д.Энхбатыг эрүүдсэн. Энд байснаа задалж болохгүй, энэ бол улсын нууц гээд л Д.Энхбатын гарыг хүчээр цаасан дээр дарж гарын үсэг зуруулж, нууц задруулбал чамайг шууд ална гээд хөлс, ашиг шунал хорслоо шавхасныг төсөөлөх аргагүй.
“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайванг хилсдүүлсэн нь “операци”-ийн эхлэл. Эртнээс бэлтгэгдсэн байж болох сэжим хөвөрнө.
Операцийн эхний шат болох Ч.Энхтайваны “хэрэг” гэгчийг одоо задалж шалгавал олон нууц илэрч зарим хуульчдын “идээ бээр” гоожих эмзэг сэдэв.
ТЕГ нь өмгөөлөгч Л.Санжаасүрэн гадаадын тусгай албадтай холбоотой нь эх орноос урвасан гэмт хэргийн шинжгүй бол төрийн нууц задруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэсэн цааз-текстээ мэдээллийн хэрэгслээр 2004 оны гуравдугаар сарын 24 цацагдав.
Яарч, сандарсан ТЕГ-ын дарга нь миний өмгөөлөх эрх хасуулах “тулган” шаардах бичгээ 2003 оны аравдугаар сарын 31-ний өдөр Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлэв. 2004 оны дөрөвдүгээр 9-нд ТЕГ-ын дарга М.Батсайхан “Чамд л гэж хэлэхэд Д.Энхбатыг ТЕГ нууцаар байцаасан нь үнэн. Чи түүнийг нотолж чадахгүй. Чи хөлөө хүрэх газар яв.
Д.Энхбат та хоёрыг төрийн нууц задруулсан гэмт хэрэгт хоёуланг чинь шийтгэх талаар бид тохирчихсон” гэлээ. Үүнийг яаж ойлгох вэ. ТЕГ нь төрийн нүд чих байгууллага уу. Эсвэл эрхтэн дархтаны захиалга биелүүлдэг “зэвсэгт бүлэглэл” үү. Эрх баригч намын сөрөг хүчин нам холбоог намнах хэрэгсэл аппарат уу.
Цагдаагийн газар- ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар Интерполын шугамаар эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, хорих ял эдлэхээс зайлсхийсэн Д.Энхбатыг авчирч шалгаж байна гэсэн мэдэгдэл олонтаа хийсны дараа бид авчраагүй гэж гүрийсэн.
Гэтэл цагдаагийн мөрдөн байцаагч “Д.Энхбат нь эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж хорих ял эдлэхээс чөлөөлөгдсөн гэх талаар түүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгогдсон”. Харин Д.Энхбатыг С.Зоригийг алсан хэрэгт шалгаж эхэллээ гэж мэдэгдэв. ЦЕГ-ын эрх мэдэлтний ам, ажил, үйлдэл алд дэлэм зөрөв.
Цагдаагийн удирдлага дарга нь мөн л өмгөөлөгч миний эрх хасуулах тулган шаардлагаа Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлэв. 1992 оноос хойш тагнуулын өмнө өөрсдийгөө тавих мөрөөдөлт цагдаа дарга энэ удаад ТЕГ-ын дэглэлтээр хөдөлж байсан нь том хүний найруулга байсан гэдгийг харан цонх.
ШҮҮХ нь зохиомжид оролцох гэж алиа алдсан.
Багануур дүүргийн Шүүхийн ерөнхий шүүгч “Д.Энхбаттай холбоотой асуудлыг хүлээн авч болохгүй гэсэн үүргийг дээрээс өгсөн, өргөдөл хүлээж авахгүй” гэсэн хэмээн өмгөөлөгчид 2003 оны зургадугаар сарын 23-нд мэдэгдэв.
Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн шүүгч “Чи Д.Энхбатын асуудлаар хөөцөлдөх хэрэггүй, тэгж ярих юм бол Л.Санжаасүрэн чамд их асуудал байгаа шүү” гэж 2003 оны наймдугаар сарын 5-нд мэдэгдлээ.
Уг хэргийг прокурорын шалгалт дуусаагүй байхад Д.Энхбатын хавтаст хэргийн материалыг шүүгч н.Төрбат мэдэж байсан нь энэ хилс хэрэг ямар төвшинд зохион байгуулсаныг нотлох нэг баримт юм л даа.
2004 оны арваннэгдүгээр сарын 5-нд шүүгч н.Наранцэцэгийг даргалсан шүүх хурал дээр сууж байсан ТЕГ-ын шинжээч гэх С.Сэргэлэн нь шүүх хурлын үйл явдлыг хянаж байснаа шүүх мэтгэлцээний үеэр тагнуулч С.Сэргэлэн гэнэт босч давхиад шүүгчдийн ширээний өмнө очоод, нэг цаас /бичиг бололтой/ үзүүлэн, энэ баталгаанд гарын үсэг зур хэмээн “командалж” шүүгчдээр гарын үсгээ зуруулав. Ёстой л найраа гэдэг нүдэн дээр болсон доо.
ПРОКУРОР-ын газрын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга, цагдаа, тагнуулын нэр бүхий ажилтны хууль зөрчсөн үйлдлийг шалгахаас татгалзав. Шүүх хуралдаанд Францаас Д.Энхбатыг авчирсан асуудлыг энд ярихгүй гэж албархав.
Ганцхан л төрийн нууц задруулснаа ярь гэж доромжлов. Ямар нууц гэхээр, ТЕГ-ын нууц ажилтан Д.Энхбатыг задруулснаа гэх нь ёстой л эрүүл ой санамжид үл багтах хэллэг томьёолол хэрэглэж байлаа. Үүний өөдөөс юу ч гэж хариулах билээ дээ, ёстой л үг харам. Дипломат албаны удирдлага нь хүн хулгайлах, хориход идэвхтэй оролцож, Монголын дипломатын түүхэнд хар толбо үлдээв.
Францаас Д.Энхбатыг хулгайлах, тээвэрлэх, зөөхөд дип-номер, машинаа хэрэглүүлэв. Мөн Бельги, Герман улсад байгаа Монгол Улсын Элчин Сайдын яамыг “хүн хорих” байр болов.
Франц улс нь Монгол нэг дипломатыг нутгаасаа хөөж гаргав. “Д.Энхбатыг Францаас авчирсан явдал хууль ёсны үйлдэл. “Д.Энхбат гэж хэн юм бэ, тэр хоёр хэн ч биш” хэмээн Элчин сайд мэдэгдэж, Монгол иргэдээ эрэмбэлэх хэмжээс тогтоов. Монголын дипломатч Франц улсаас хөөгдсөн мэдээлийг Гадаад хэргийн яам үгүйсгэж эрс няцаав.
Энэ асуудлууд интернетэд болсон нь өрөвдөлтэй. Бас ч зүгээр байсангүй хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үл “бүтэх” хоёр этгээдийн талаар хоолойгоо сөөтөл том дуугарав. Өмгөөлөгч миний үйл ажлын дэмжсэн санал бодлоо илэрхийсэн захидал, зурагт хуудас, гадаадын 20 улс орны иргэд байгууллагуудаас надад хаяглаж ирүүлсэн 311 захидлыг би шоронд байхдаа хүлээж авсан. Харин Гадаад хэргийн яамны чиглэлээр хэдэн орноос хэд ирснийг би мэдэхгүй.
Өмгөөлөгчийн холбоо нь миний эсрэг сахилгын хэрэг 2003 оны арванхоёрдугаар сарын 19-нд үүсгэж, ТЕГ-ын нууцыг задруулсан гэж арга хэмжээ авсан атлаа, өмгөөллийн эрх хасуулах хүсэлтээ Хууль зүй дотоод хэргийн сайдад илгээв. Өмгөөлөгч надад нэг дор хоёр ял оноож эзнийхээ санааг Өмгөөлөгчдийн холбоо “амраасан” байх аа.
Операци нь зүгээр нэг хэлмэгдүүлэлт бус, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Монгол Улсын Үндсэн Хууль, Гүйцэтгэх ажлын, Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиуд болон Хүний Эрхийн Түгээмэл тунхаглал. Бас НҮБ-аас гаргасан хоригдолтой харьцах наад захын жишиг дүрмүүд.
НҮБ-ын 1979 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 34/169 тогтоолоор батлагдсан Хууль хэрэгжүүлэх байгууллагын албан тушаалтны зан үйлийн тухай хууль. Монгол Улсаас гадаадын олон улстай байгуулсан зарим гэрээ, конвенци зөрчсөн балмад ажиллагаа байв.
Төгсгөл, үр хөврөл. Д.Энхбат “Миний бие маш муу байна. ТЕГ намайг үхүүлэхийг хүсч байна.
Та миний хэлсэн үгийг монголын ард түмэнд заавал хүргэнэ үү. С.Зоригийг алсан хэрэгт холбогдуулах гэсэн энэ хилс хэргийг амьд давж чадахгүй нь бололтой. Хэдийгээр би муу нэр луу данстай ч, хүн алж, хүрээ талж байгаагүй.
Миний үр хүүхэд, төрөл төрөгсдийн нэр төрийг цаашдаа ийм заваан зүйлд хутгалдахаас аврах ганцхан арга, хүсэлт надад үлдлээ.
Миний хэлсэн үгийг бичлэгийг телевизээр нэвтрүүлж олон нийтэд хүргэх явдал шүү дээ. Та туслаач гэж дахин дахин /нулимс унаган/ гуйв.
Үнэний төлөө амь алдсан, үнэн нулимс хатаагүй. Хэзээ нэгэн цагт эрх мэдэлтнүүд мэдрэх байх аа. Д.Энхбат нь хуурамч бичиг баримтаар ял завшсан гэж гүтгүүлсэн ч нотлогдоогүй. Бас С.Зоригийг алах захиалга авсан гэж гүтгүүлсэн ч нотлогдоогүй.
Эцэст нь ТЕГ нууц ажилтан байсан гэж гүтгүүлээд төрийн нууц задруулсан хэрэгт унаж хорих ял шийтгүүлж, удалгүй амь алдсан. Мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 288 тоот шийтгэх тогтоолоор өмгөөлөгчид 1.6 жилийн хорих ял оноов.
Энэ хэлмэгдүүлэлт олон улсын байгуулага төдийгүй НҮБ-ын эсэргүүцэлтэй тулгарав. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын Тусгай шалгагч Manfred NOWAK тэргүүтэй төлөөлөгчид Амгалангийн хорих ангид 2005 оны зургадугаар сарын 07-ны өдөр очиж Л.Санжаасүрэнтэй уулзав.
Л.Санжаасүрэн
URL: