Монгол Улс далайд гарцтай болох бодит боломж нээгдлээ
ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Монголыг эгнээндээ нэгтгэсэн “Туманганы өргөтгөсөн санаачилга” хэмээх байгууллага үүсэн бий болоод найман жилийн нүүр үзжээ.
Анх байгуулагдахдаа БНХАУ, Монгол, ОХУ, БНАСАУ-ыг хиллэдэг Туманган голын ай савд орших орнуудын харилцааг ойртуулах, сайжруулах зорилготой байсан бөгөөд эхний ээлжинд голын дагуу аялал жуулчлалын шинэ бүс бий болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулж байв.
Тус байгууллага өнгөрсөн жил БНХАУ-ын Шанхай хотноо Зүүн хойд Азийн аялал жуулчлалын анхдугаар форумыг зохион байгуулж, Зүүн хойд Азийн орнуудын аялал жуулчлалын компаниудын хооронд бат харилцаа тогтоох томоохон алхмыг хийсэн юм.
Тэгвэл энэхүү байгууллагын үйл ажиллагаа улам өргөжжээ. Энэ сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод Туманганы өргөтгөсөн санаачилга байгууллагын III их хурал дээр бүс нутагт тээврийг хөгжүүлэх зургаан том төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
ОХУ-ын Тээврийн яам Туманганы өргөтгөсөн санаачилга байгууллагын тусламжтайгаар тээврийн шинэ зам нээх төслийг хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Алс Дорнодыг БНХАУ-ын гол оролцоотойгоор хийгдэх энэ төсөл нь Михалино-Хунчуны нэг гол зам, нэг боомттой “жижиг” ажил байв. Тэгвэл энэхүү төслийн агуулга бүрэн өөрчлөгдөж илүү өргөжсөн нь Владивостокийн хурлын гол үр дүн болжээ.
Өөрөөр хэлбэл, Зүүн хойд Ази дахь бараа эргэлт, тээвэрлэлтийг найдвартай, хурдан шуурхай болгох зорилтыг хангахад ганц “хонгил” хангалтгүй гэж ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол, Японы талууд үзсэн байна. Ингээд Алс Дорнод, Зүүн Хойд Азийг Япон Тэнгистэй холбосон хэд хэдэн шугам байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.
ОХУ-ын Тээврийн дэд сайд Алексей Цыденов хурлыг нээж, хэлсэн үгэндээ “Зүүн ОХУ, Хойд Азийн орнуудын хооронд худалдаа эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр илүү их ажил сэдэж хийх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаархи уулзалтуудыг байнга хийж байх нь зөв юм.
ТС, Зүүн хойд Азийн орнуудын хооронд хийгдэж буй тээврийн зардлыг багасгах, бараа эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хилийн хаалт саадын тоог багасгах зайлшгүй шаардлагатай” хэмээн цохон тэмдэглэжээ.
Хуралд оролцогчдын ихэнх нь Зүүн Хойд Ази, Алс дорнодын худалдааны эргэлт ойрын жилүүдэд огцом өснө гэдэгт санал нэгдсэн байна. Энэхүү өсөлтийг хангахын тулд төмөр замын шинэ “хонгил” үүсгэх зайлшгүй шаардлагатай гэж ОХУ-ын Тээврийн яам үзэж байгаа юм.
“Хонгил” гэдэг нь нэг боомтоос шууд нөгөө боомт хүртлээ ямар нэг шалгалт, зогсолтгүйгээр шууд явах боломжтой зам үүсгэхийг хэлж байгаа юм. Тиймээс “Михалино Хунчунь” хонгил нээгдсэн нь Туманганы санаачилга байгууллагын ажлын хамгийн гол үр дүн гэдэгт олон хүн санал нэгджээ.
ТС байгууллагын нарийн бичгийн дарга Чой Хун МИхалино Хунчуний нээлтийг “маш удаан хүлээсэн чухал үйл явдал” гэж тодорхойлоод “Энэ төсөл бол Туманганы санаачилга байгууллагын санаачилсан “хил дамнасан хонгил” төслийн гол зүрх нь байгаа юм. Үүнийг хийхийн тулд бид маш их хүчин чармайлт гаргалаа.
Дараа жилээс бид дахин зургаан “хонгил” /Транссибирийн, Суйфэньхэгийн, Даляний, Солонгосын, Тяньжинь – Монголын/ үүсгэх ажилдаа орно. 2020 он хүртэл хэрэгжүүлэх энэ төсөлд эхний ээлжинд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдах төлөвтэй” гэж өгүүлсэн байна.
Монгол Улсын хувьд Зүүн Хойд Азийн орнуудтай хийх худалдаагаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ч далайд гарцгүй нь сул тал болж байсан. Тэгвэл дээрх төслийн хүрээнд Приморийн хязгаараар юм уу, БНХАУ-аар дамжин далайд гарцтай болох боломж гарч иржээ.
БНХАУ-ын хувьд, энэхүү саналаас татгалзах бодолгүй байгаа ч Япон тэнгис рүү тээврийн коридор гаргах асуудалд геополитикийн үүднээс хандах бололтой.
Харин ОХУ энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. Тиймээс Зарубино, Владивосток, Сочкогийн хооронд тээвэр хийж буй хөлөг онгоцуудад 72 цагийн дотор визгүй зорчих боломж олгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хуралд оролцогчдын сонирхож байсан бас нэг асуудал нь санхүүгийн бүтэц зохион байгуулалт байсан. БНХАУ-ын Экспорт, импортын банк, ОХУ-ын Внешэкономбанк гэсэн хоёр байгууллага уг хуралд төлөөлөгчөө илгээж, ТС байгууллагын хэрэгжүүлэх төслүүдтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн Дэлхийн банк болон бусад санхүүгийн байгууллагуудтай энэ асуудлаар хамтрах боломжтой гэдэгт оролцогч талууд итгэлтэй байсан аж.
Дашрамд дурьдахад, Зүүн Хойд Азийн таван улсад дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний 26 хувь нь ногдож байгаа бөгөөд дэлхийн худалдаанд эзлэх хэмжээ нь 20.5 хувьд хүрчээ. Энэ бүс нутагт орших орнуудын хоорондын бараа эргэлт 2004 онд 354.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2012 онд бараг 800 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.
Дэд бүтцийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн таатай орчныг бий болгох талаар нягт хамтран ажиллаж чадвал бүр ч илүү нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг хуралдаанд оролцогчид онцолж байсан байна. Хэрвээ энэ ажлыг хийж чадвал 2020 он гэхэд дэлхийн нийт худалдааны 35 хувийг зөвхөн Зүүн Хойд Азийн орнууд гүйцэтгэх боломжтой болох ажээ.
Солонгосын судалгааны төвийг төлөөлж ирсэн Ким Хон Мэ дээрх таамаглалыг танилцуулсан. Тэгвэл 35-аас илүү гарах боломжтой гэсэн бодолтой хүмүүс хуралд оролцогчдын дунд олон байсан гэнэ.
Х.Батсайхан
URL: