Хүүхдийг хоёр нас хүртэл нь зөв хоолловол өсөлтөд нь сайнаар нөлөөлнө
ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төслийн хүрээнд “Эх хүүхэд, Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгож хүүхдийн өсөлтийн хоцролтыг бууруулах нь” сэдэвт Олон улсын семинар өчигдөр эхэллээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа баруун болон хангайн бүсэд бага насны хүүхдийн өсөлт хоцролт нь хамгийн өндөр тархацтай байгааг онцлоод хүүхдийг хоёр нас хүртэл нь зөв хооллож, шимт бодис, эрдсээр дутаахгүй бол хоол тэжээлийн архаг дутагдалд ордоггүй гэдгийг хэлсэн юм.
Мөн одоо болж буй семинараар нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн стратегийн төсөл болон хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээний ололт амжилт, аль болох түргэн үр дүнд хүргэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, сайжруулах асуудлыг хэлэлцэж их зүйлийг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ч дуулгасан.
Дөрөв хоног үргэлжлэх тус семинарт НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллагын хоол тэжээлийн мэргэжилтэн France Begin, НҮБ-ын Хүүхдийн сангийн Christiane Rudert нар оролцож мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байгаа юм.
URL: