Б.Батцэцэг: Сурагчийн дүрэмт хувцас хоёр жилийн баталгаатай
Хичээлийн шинэ жил дөхөж сурагчдын дүрэмт хувцас асуудал дагуулж байна. Энэ жилээс үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцсаар жигдрэх болсон нь хувцасны үнэд багагүй нөлөөлжээ.
Энэ талаар болон хувцасны үйлдвэрлэл, чанарын асуудлаар Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл хэрхэн явагдаж байна. Энэ жилээс үндэсний бүтээгдэхүүнээр хувцасаа хийж байгаа гэсэн үү?
-Улс даяар 520 мянган сурагчийн дүрэмт хувцас шаардлагатай ч одоогоор сургууль, эцэг эхчүүдээс 400 гаруй мянган хувцас авах захиалгыг ирүүлсэн. Энэ жилийн хувьд сурагчдын дүрэмт хувцсыг монгол хонины ноосоор хийж байна.
Монголд хонины ноосоор даавууны үйлдвэр байгуулахаар Чингис бондоос 45 сая ам.долларыг тоног төхөөрөмж авах шийдвэр гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжөө авч амжаагүй учир Солонгос улстай хамтран монгол хонины ноосоор даавуу үйлдвэрлүүлж байна.
-Үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл учир чанарын асуудал гарахгүй юу?
-Солонгост үйлдвэрлэсэн даавууг нэг цагийн турш угаахад 1.5 хувийн агшилттай байна гэсэн дүгнэлт гарсан байна. Үйлдвэрлэгч компани, оёдолчид хувцасны чанарт хоёр жилийн чанарын баталгааг гаргаж байгаа. Чанарт эргэлзэх шаардлагагүй.
-Хичээл эхлэхэд сар гаруйн хугацаа үлдсэн. Сурагчид дүрэмт хувцастайгаа хичээлээ эхлүүлж амжих уу?
-Одоогоор 12 мянга гаруй иж бүрэн хувцас эсгэлтэнд орсон. Харин 12155 хувцас оёдлын үйлдвэрт байна. Мөн сүлжмэлийн үйлдвэрүүд 4500 ноосон майк, ноосон цамц үйлдвэрлэж бэлэн болсон гэж мэдэгдсэн. Үйлдвэрүүд шуурхай ажиллавал энэ сарын 25 гэхэд 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас эцэг, эхчүүдийн гар дээр очно.
-Хувцасны үнэд олон нийт санал нийлэхгүй байгаа. Иргэдийнхээ амьдралын төвшинд нийцүүлсэнгүй гэх хүмүүс байна?
-Үнийг бид тогтоогоогүй. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ажлын хэсэг гарч одоогийн хувцасны жишиг загварыг хөндлөнгийн шинжээч, эдийн засагчдаар хянуулсан. Өнгөрсөн жил нийт хувцасны 10 орчим хувь нь дотооддоо үйлдвэрлэсэн. Тэдгээр хувцасны үндсэн иж бүрдлийг 31-85 мянган төгрөгөөр худалдаалж байсан. Цагаан цамц, бусад хэрэглэлүүдээ зах зээлээс худалдаж авч байсан. Одоогийн хувцасны үнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ жилийнх үндсэн иж бүрдэл дээр цагаан цамц, майк зэргийг нэмсэн нийт төлбөрийг өнгөрсөн жилийн үндсэн иж бүрдэлтэй харьцуулаад байна.
-Тэгвэл энэ жилийн хувцасны үнийг тодруулахгүй юу?
-Өнгөрсөн жил бага ангийн эмэгтэй хүүхэд 31 мянган төгрөгөөр худалдаж авч байсан бол шинэ загвараар 37300, эрэгтэй нь 57142, дунд ангийн эрэгтэй хүүхэд 68921, эмэгтэй нь 71741 төгрөгөөр авна. Харин ахлах ангийн эмэгтэй хүүхэд 89809, эрэгтэй нь 98741 төгрөг.
Үүн дээр сорочкан цамц ахлах ангийн хүүхдэд майк бий. Бага ангийнхан 13800, дунд анги 16800, ахлах анги 18800 төгрөгөөр майк авах боломжтой. Мөн бага ангийн хүүхдийн задгай ноосон цамц 24000 төгрөг. Цагаан цамц нь 9000-12000 төгрөгийн үнэтэй. Эдгээр үнэ нь өнгөрсөн жилийнхээс 2900-15000 төгрөгийн зөрүүтэй байгаа.
Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: