Энэ жил дахиад “усан” гурил идэх нь
Өнгөрсөн зуны турш үргэлжлэн орсон борооны ачаар бид нэг жилийн турш ус даадаггүй, цавуулаг муутай гурил хэрэглэж байгаа.
Энэ жилийн хувьд ч ус даах чадваргүй нялцайсан гурил идэхгүй гэх баталгаа алга. ҮХААЯ-наас өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ургацын талаархи мэдээллийг өглөө.
Улсын хэмжээнд нийтдээ 402 мянган га талбайд тариалалт хийсэн. Дархан, Сэлэнгэ нутгаар үр тариан сүүн болц хэвийн, Булган, Хөвсгөл аймаг, Төв аймаг, Хэнтий аймгийн хувьд болц жаахан тааруу байгаа юм байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж энэ намар ургац хураалт товлосон хугацаанаасаа хоцрохыг албаныхан тариаланчдад анхааруулж байгаа гэв.
Учир нь, тавдугаар сард сэрүүхэн байсан бол зургадугаар сарын 20 хүртэл тариалангийн бүс нутгаар хур тунадас муу орсон. 7-8 дугаар сард бороо хур их байгаатай холбоотой байна.
ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү энэ талаар “Гурилын чанар бол болцтой шууд холбоотой. Наймдугаар сарын урьдчилсан мэдээгээр бол эхний арван хоног дуустал бороо хуртай, хоёр дахь арван хоног дуустал дулаахан, гурав дахь арван хоногийн сүүлээр хөрсөнд дээр хасах хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна. Иймээс тариаланчдад эртнээс анхааруулж техник төхөөрөмжөө сайн бэлдэж буудайг хайруулахгүй авах хэрэгтэй анхааруулж байгаа” гэсэн хариултыг өглөө.
Тэгэхээр өнгөрсөн жилийн байдал энэ жил дахиад давтагдахгүй гэх баталгаа алга. Тариалангийн бүс нутгуудаар хүчтэй мөндөр орж Сэлэнгэ аймгийн Түшиг, Сайхан Архангай аймгийн зарим тариалангийн талбайд учруулсан байна.
У.Бадам
URL: