Б.Тулга: Цөлийг ойжуулсан Өвөрмонголын “Элион” групптэй хамтран ажиллана

Б.Тулга: Цөлийг ойжуулсан Өвөрмонголын “Элион” групптэй хамтран ажиллана

БОНХЯ-ны дэд сайд Б. Тулгатай ярилцлаа.

-Та өмнөд хөршид цөлжилтийн эсрэг олон улсын хуралд оролцоод ирсэн. Энэ хурлаар ямар асуудлуудыг ярилцав гэдгээс яриагаа эхэлье?
-Энэ сарын 1-4-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын ӨМӨЗО-ны Ордос хотноо болсон “Хөвчийн цөлийн дөрөвдүгээр форум”-д оролцоод ирлээ. Тус чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лук Накаджа, БНХАУ-ын Засгийн газрын Шадар сайд Ванг Янг, Рио-20-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид болон улс орнуудын Байгаль орчин, Шинжлэх ухаан, технологийн сайд, Ойн захиргааны сайд зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцсон.

Хуралдаанаар цөлжилттэй тэмцэх бодлого, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцан, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн цөлжилттэй тэмцэх нийгмийн асуудлууд, цөлжилттэй тэмцэх технологийн асуудлаар дэд хуралдааныг зохион байгуулж, “Даян дэлхийн цөлжилттэй тэмцэх Хөвчийн санаачилга” баримт бичгийг батлан гаргасан. Үндсэндээ маш үр дүнтэй, өндөр ач холбогдолтой чуулган болсон гэж дүгнэж байна.

-Хуралдаан болсон “Хөвчийн цөл” гэдэг газар Өвөр Монголд байдаг юм уу. Бодвол цөлжилтөнд их нэрвэгдсэн газар байх даа?
-Хөвчийн цөл нь БНХАУ-ын Өвөр Монголын Ордосын хойд хэсэгт 18 мянга 600 гаруй хавтгай дөрвөлжин км талбай бүхий нутгийг хамран оршдог газар юм билээ. Хоёр мянган жилийн өмнө ой, усаар баялаг, тал нутгийн сайхан бэлчээр бүхий газар байсан бол 200-гаад жилийн өмнө болсон дайн тулааны уршгаар цөлжсөн газар болон хувирсан байна.

Одоогоос 20-иод жилийн өмнө гэхэд ямар ч хүн амьдрах нөхцөлгүй “сөнөсөн далай” гэж нэрлэж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл, энэ үед Хөвчийн элсэнд зам талбай байхгүй, өвс ургамалгүй, холбоо харилцаа, сургууль соёлгүй, эмнэлэгийн ямар нэг тусламж авах боломжгүй, орлогын эх үүсвэргүй, бороо хур бараг ордоггүй, маш их элстэй газар байсан гэж байна лээ.

Гэтэл энэ элсэрхэг нутагт төрж өссөн “Элион” группийн ерөнхийлөгч Ванг Венбиао “Элион сан”-г санаачлан байгуулж, нутгийнхаа ард иргэдтэй хамтран 25 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, цөлжилттэй тэмцэх, экологийн бүтээн байгуулалт хийж, нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай байх ажлыг зохион байгуулсны үр дүнд “Хөвчийн цөл”-ийг ойжуулж чадсан байна.

“Элион сан”-ийн санхүүгийн эх үүсвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд төвлөрүүлж буй “Элион” группийн үйлдвэрүүдийн ашгийн 30 хувийн хуримт-лалаас бүрддэг. Тэд 5.153 хавтгай дөрвөлжин талбай бүхий элсийг ногооруулж ойжуулан 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий элсийг бэхжүүлэн хамгаалж, 100 мянга гаруй фермер амьжиргааг сайжруулсан. Ийнхүү“Сөнөсөн далай” хэмээн нэрлэгдэж байсан “Хөвчийн элс” экологийн иргэншлийг хангасан баян бүрдүүд болон хувирч чадсан нь үнэхээр гайхамшигьай юм.

-’’Элион” группийнхэн шинэ эко хотыг бий болгосон байна. Тэдний гол менежмент нь юу байсан бол?

-Элион групп Хөвчийн цөлд “Нэг загвар”, “Хоёр цикл”, “Гурван өөрчлөлт, хувиргалт”, “Дөрвөн арга”, “Таван үр дүн” зарчмыг хэрэгжүүлж байна. Үүнээс “Нэг загвар” гэдэг нь тогтвортой, нийгмийн баримжаатай, арилжааны аргаар цөлжилтийг хянахад оршдог аж. Тодруулж хэл-бэл, экологи, эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа зэрэг байнга сайжирч байх загвар юм. Харин “Хоёр цикл” гэдэг нь цөлд экологийн болон эдийн засгийн механизм юм. Ингэхийн тулд цөлжилтөөс сэргийлэх; тэмцэх, экологийн бүтээн байгуулалт хийх, газрыг сайжруулах, үйлдвэрлэл хөгжүүлэх явдал.

Цөлийн экологи нийгмийн хувьд цөлжилтөөс сэргийлэх үйлдвэрлэл хөгжүүлэх, хүмүүсийн амьжиргааг сайжруулах, угсаатны зохицол буюу хүн, байгалийн хоорондох зохицол зэргийг ханган ажилласан байна. Дараагийн “Гурван өөрчлөлт”-ийн механизм нь зах зээлийн зарчимд дасан зохицох, үйлдвэржүүлэх, иргэдийн нийтийн сонирхолд нийцүүлэхэд чиглэгдсэн байх зэрэгт оршино. Тэгвэл “Дөрвөн арга” гэдэгт нь экологийн бүтээн байгуулалт хийх замаар цөлжилттэй тэмцэх. Үүндээ хаших, хамгаалах торон сүлжээ, ногоон хаалт, хэрэм барих гэх мэт. Мөн экологийн шилжилт хийх/ногооруулах, боловсрол, соёл, үйлдвэржилт/ шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, үйлдвэржилт явуулах замаар шийдсэн. Хамгийн сүүлийн “Таван үр дүн” нь:

-Цөл ногоорсон байх, Бүс нутгийн хэмжээнд үйлдвэржсэн байх, Орон нутгийн эдийн засаг эрчимжсэн байх, Бүс нутгийн хүмүүсийн амьжиргаа сайжирсан байх, Бүх бүс нутагтай холбогдон дэмжлэг авдаг байх зэрэг юм билээ. Энэ бүгдийг тэд хийж чадсан.

-Манай улс жил ирэх тусам цөлжилтөнд нэрвэгдэх нь ихэссээр байна. Бусад орноос ялангуяа урд хөршөөс туршлага судлах, хамтран ажиллах боломж бидэнд бий юу?

-Боломж бий. Хуралдаанд оролцогч хамтран ажилладаг түнш байгууллага, улс орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. БНХАУ-ын Ойн захиргааны дарга Зао Шусонгтой уулзаж, хилийн ой хээрийн түймрийн талаар болон хил дамжин нүүдэллэдэг амьтдыг хамгаалах, цөлд мод хэрхэн тарьж буй туршлага судлах, харилцан мэдээлэл солилцон хамтарч ажиллах тухай ярилцсан.

Мөн Хөвчийн цөлжилтийн олон улсын дөрөвдүгээр чуулганыг зохион байгуулах хорооны дарга, Хятадын Элион сангийн дарга Ванг Вэнбиаотой Монголын говьд мод тарих төсөл хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лук Накаджа ирэх есдүгээр сарын 14-27-ны өдрүүдэд Намиби улсад болох Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын бага хуралд Монгол Улсыг идэвхитэй оролцохыг уриалсан.

Тэрээр 2014 оны Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг Монголд тэмдэглэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байгаа. Энэ мэтчилэн хамтын ажиллагаатай орнуудтай харилцан санал бодлоо солилцож цөлжилтийн эсрэг олон ажил хийхээр төлөвлөж байна. Цаашдаа Монголын цөлийг ойжуулахад Өвөрмонголын “Элион” групптэй хамтран ажиллана.

П.Дөлгөөн /Нийслэл таймс/


URL:

Сэтгэгдэл бичих