Д.Очирбат:Шинэчлэл гэдэг гоо сайханд орохтой адилгүй
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг урилаа.
-МАН Бага хурлаа хийлээ, хэр үр дүнтэй болсон гэж бодож байна?
-Манай намын VIII Бага хурлыг олон нийт чих тавьж хүлээж байсан. Өмнөө тавьсан хамгийн том зорилт нь их хурлаа товлож зарлах байлаа. Ирэх аравдугаар сарын 27-нд их хурлаа хийх шийдвэр гарсан. Их хурлаа хийхийн өмнө ач холбогдлынх нь талаар багагүй ярилаа. Гол асуудлаар Бага хурлын гишүүдээ сонссон.
Тиймээс их хуралд намын анхан шатны бүх байгууллагаас төлөөлөгч оролцуулж өргөтгөсөн том бүрэлдэхүүнтэй байхаар ярьж тогтлоо. 1134 төлөөлөгчийг их хуралд урилгаар оролцуулна. Үүгээр өнөөдрийн хүлээгдээд байсан олон асуудал, УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн тухай, намын оролцоо, гишүүдийн идэвхи, сонгуулийн компанит ажлын хөрөнгө санхүүгийн талаар их хурлаараа нэг мөр сайтар ярьж хэлэлцэх нь зүйтэй гэдэгт Бага хурлын гишүүд санал нэгдсэн. Бага хуралд нийт 54 хүн үг хэлсэн. Хуралд оролцох нийт бүрэлдэхүүнээс гадна ахмадууд, дээр нь шинэчлэлийн залуусын төлөөллийг оролцуулсан. Бас нэг том асуудал нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин өөрийн саналаар огцрох асуудлыг тавьсан. Удирдах зөвлөлөөс нэгэнт цаг хугацаа богино байна, Бага хурлаар ярьсан цаашид их хурлаар хэлэлцүүлэх юм ч олон байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль гээд тулгамдсан асуудлаарх тайланг зөвхөн Бага хурлын гишүүдийн хүрээнд сонсоод өнгөрөх нь хангалтгүй. Тиймээс их хурлаа хийж, намын даргын асуудал, сонгуулийн тайлангийн тухай ярья. Тэр хүртэл Ө.Энхтүвшин даргыг огцрохыг Бага хурлын гишүүд дэмжээгүй.
-Огцруулахгүй гэж байгаа нь түүнийг сайн ажилласан гэж үзэж байгаа хэрэг үү?
-Огцруулахгүй байна гэдэг нь Ө.Энхтүвшин даргыг сайн ажиллаж байна, тиймээс үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн үг биш. Энэ талаар ч Бага хурлын гишүүд ярьсан. Их хурал хүртэлх хоёрхон сарын хугацаанд намын дарга огцорч үүрэг гүйцэтгэгч тавих нь шинэчлэлийн том асуудал ярих гэж байхад зохимжгүй гэж үзэж байгаа. Тиймээс хэдийгээр намын дарга Бага хурал өөрийн огцрох асуудлыг тавьсан ч гэсэн түүнийг нь түр түдгэлзүүлээд их хурал дээрээ сайтар ярьж, асуудлыг хөндөж тавих боломжийг нээж өгсөн. Тэгэхээр энэ бол Ө.Энхтүвшин даргын хувьд шагнал биш, сайн ажиллаж байна гэсэн үнэлгээ ч бас биш, муу ажилласан ч гээгүй. Бага хурлаар ярьснаас их хурлаараа өргөн хүрээнд авч үзье гэсэн байр суурь юм. Намын дүрмээр удирдлагуудыг солих асуудлыг их хурлаар шийддэг байсан. Гэтэл өнгөрсөн хоёр ч удаагийн Бага хурал дүрмээ зөрчиж намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгосон. Энэ алдааг засах ёстой, цаашид их хурлаас намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлөө сольж байх нь зүйтэй. Өмнө гаргасан гажуудлыг цаашид нөхөж засч явах учиртай. Өөр нэг асуудал нь Бага хурлын өмнө шинэчлэлийн тухай их ярьсан. Залуусын хөдөлгөөн, дээр нь ахмад, дунд үеийн гишүүд ч энэ талаар багагүй хөндсөн. Бага хуралд шинэчлэлийн төлөө яваа гэж өөрсдийгөө нэрлэсэн бүх хүний үгийг сонссон. Дээр нь шинэчлэл ярьж буй хүмүүсийг бүгдийг хуралд урьж оролцуулсан.
-Тэдний байр суурь нэг байна уу, дотроо санал зөрж зөрчилтэй байгаа гэж байсан?
-Тэд нэг л зүйлийг ярьж байгаа. Шинэчилнэ гэдэг нэг нүүрний арьсыг хуулахдаа бус, нэг даргыг нөгөөгөөр солих ч биш, цогц шинэчлэлийн асуудал байх ёстой юм байна. Гишүүд ийм л зүйл хэлж байгаа. Өнөөдөр гоо сайханд орж нүүрээ цайруулдагтай адил зүйл биш шүү дээ, шинэчлэл. Цаана нуугдаж байгаа урхагийг гаргаж ирж цогц шинэчлэл хийх ёстой. Залуус “Шинэчлэлийн өргөө” барьчихаад асуудал тавиад байна, тэр нь нэг талаар өрөөсгөл байгаа юм. Бүхэл бүтэн цогц асуудал тавьж чадахгүй байна. Тиймээс намын их хурлаар шинэчлэлийн цогц асуудлыг хэлэлцэнэ. Мэдээж үүнд сэтгэл гаргаж, цаг заваа гарган шинэчлэлийн төлөө явж байгаа залуусын хийж байгаа ажил зөв зүйтэй. Гэхдээ асуудлыг томоор харж, цогцоор нь гаргаж ирж тавих ёстой, шийдүүлэх учиртай. Ийм байна гэдгийг ч гишүүд ярьж байна.
-Таны ярианаас ямар ч байсан МАН шинэчлэлийг цогцоор хийнэ гэж байгаа юм байна. Гэхдээ хийж эхлээгүй, хэт нь хийх тухай ярьж эхэлж. Улс төрчийн хувьд дүгнэхэд танай нам өнөөдөр сайн, муу, дунд гэсэн гурван үнэлэмж буюу ийм замын хаана нь явж байна вэ?
-Мэдээж гурав дөрвөн ч сонгууль дараалан ялагдчихаад байхад сайн гэж хэлж чадахгүй, дунд ч гэж чадахгүй нь. Гэхдээ намын дарган илтгэл дээр ч бас гарч байсан “МАН-ыг түүхийн тавцангаас арилгах гээд байна” гэж. Намын дарга хоёр гурван ч удаа ингэж ярьсан. Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Намын дарга хүн тийм ойлголттой, тэгж ярьж болохгүй. Намын хуучин удирдлага ч гэсэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Яг энэ хүнд үед ядахдаа тэсээд гарах ёстой юм” гэсэн байна лээ. Асуудлыг ингэж хүндрүүлсэн томъёоллоор ярьж болохгүй. Бодит байдлаа харж, гишүүдээ сонсч ярих ёстой. Гишүүдийн сэтгэл санаа өөр байгаа шүү дээ. Гэтэл намын удирдлагаас нь хэцүү байгаа юм шиг, хүнээр бол хорт хавдар тусчихаад амьсгалын аппарат зүүж, дусал залгуулчихаад сэхээнд байгаа, хэдэн залуус нь ийш тийш гүйж тариа зөөж хийгээд байгаа юм шиг ухагдахуунаар асуудлыг хүндрүүлж ярьж хэлж болохгүй. Гишүүдийн сэтгэл санаанд шинэчилье, өөрчилье, сайхан болгоё, ирээдүй бий гэсэн эрмэлзлэл байна шүү дээ. Ийм байхад намын дарга, удирдлагын амнаас, илтгэл дээр нь ийм билэггүй үг гарна гэдэг туйлын буруу. Би намаа тийм муугаар харахгүй байгаа. МАН-ыг түүхийн тавцангаас арчина, хусна гэдэг ойлголт байж таарахгүй. Намын гишүүд, дэмжигчдийн толгойд нам гэдэг том брэндийн юм байж л байна. Гишүүдийг нь хэчнээн хавчин гадуурхаж, ажлаас нь халж гудамжинд гаргаж байгаа ч гэсэн тэд хэвээрээ үлдэнэ.
-Тэгээд МАН өнөөдөр ямар байгаа юм бэ, цаашид ямар болно гэж та бодож байна?
- Би түрүүнд хэлсэн. МАН өнөөдөр ямар байна гэвэл 92 жилийн түүхтэй, төр, засгийн эрхийг барьж улс орноо олон жил удирдаж ирсэн улс төрийн ууган хүчин тийм ч амархан түүхийн тавцангаас арчигдана гэж байхгүй. Улс төрийн намын хувьд янз бүрийн замаар л явж ирдэг шүү дээ. АН гэхэд л 2000 онд навс ялагдаж намынхаа байрны хаалгыг түгжиж ганц манаач үлдээгээд бүгдээрээ АНУ руу сурахаар явж байсан. Эргэж ирээд бүгд дээшээ дэвшээд гараад ирж байна. Аливаа зүйл өөрчлөгдөж байдаг. Өдөр, шөнө ээлжилдэгтэй л адил шүү дээ. Өнөөдөр МАН-ын гишүүнчлэлтэй бүх хүнийг халж, сольж байна. Олон асуудлыг шүүхийн шийдвэр гараагүй, шүүх хянаж хэлэлцээгүй байхад хэрэгтэн, ялтангаар нь дуудаж л байдаг. МАН-ын гэх тодотголтой бүх хүнийг нэг ч удирдах албан тушаалд авахгүй, төрийн баяр наадмын урилга ч өгөхгүй байна. Гэвч маргааш нар гарна, шинэ өдөр эхэлнэ , сайхан нартай бороо орно, зуншлагатай байна гэдэг шиг хэзээ нэгэн цагт МАН ард түмнийхээ итгэлийг авсан улс эх орныхоо тэргүүлэх улс төрийн хүчин хэвээр байх болно. Тэр нь 2016 онд уу, 2017 онд уу гэдэг цаг хугацааны жаахан асуудал бий. Тиймээс 90 жилийн настай өвгөн нам тамирдсан гэж ойлгож ерөөс болохгүй. Яахав хүнээр бол нэг удаа бүдрээ л биз, жаахан ханиад шуухинаа хүрээ биз, би түрүүнд хэлсэн дээ маргааш нар гарна.
-Ингэхэд Бага хурлын өмнө шинэчлэлийн залуусын өрөөг нь булааж, гэрийг нь хураасан авсан гэж шуугисан. Үнэн үү?
-Тийм юм болоогүй. Харин ч Бага хуралд урьж оролцуулж үг хэлүүлж, илтгэлийг нь сонссон. Тэдний оролцоог чөлөөтэй тавьж өгсөн шүү дээ. Нийтдээ 54 хүн үг хэлсэн.
-Удирдах зөвлөлийн хурлаас М.Энхболдыг намын дарга байж чадна гэж ярьж тохирсон гэсэн. Тэр байр суурь Бага хурлаар дэмжигдсэн үү?
-Удирдах зөвлөл, Бага хурлаар дараагийн намын дарга болох хүн, эсвэл тийм хүн байна, ийм хүнийг болгоё гэж нэг ч үг дуугараагүй. Нэг ч хүний нэр яриагүй. Тиймээс хариуцлагатай хэлэхэд тийм асуудал огт хөндөгдөөгүй.
-Тэгвэл дараагийн намын дарга ямар хүн байх ёстой вэ, та юу гэж бодож байна?
-Мэдээж тулхтай хүн байх ёстой. Эв нэгдлийг зангидаж, шинэчлэлийн салхийг хөгжүүлж, жигүүр хөдөлгөөнүүдийг дэмждэг хүн байх ёстой. Одоо манай нам эрх баригч биш сөрөг хүчний нам болсон. Тиймээс тэр бүх олон талт асуудлыг саарал ордонд сууж байдаг бус намын байр Тусгаар тогтнолын ордондоо ард түмнийхээ дунд сууж байдаг дарга л хэрэгтэй. Тэгж л хурал дээр ярьсан. Тийм хүнээ ирэх аравдугаар сарын 27-нд намын даргаар тавих ёстой.
-Төрийн ордонд суудаггүй хүн гэхээр УИХ дахь намын бүлгээс намын дарга сонгохгүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болохгүй. Тэр утгаар хэлээгүй, манай нам эрх барьж байсан учраас Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь намаа авч явсан үе бий. Дандаа засгийн эрх барьж байсан учраас Ерөнхий сайд нь намын дарга байсан, намын дүрэмд ч тэгж байгаа. Одоо нам сөрөг хүчин болчихсон учраас Ерөнхий сайд намын дарга байх боломжгүй болчихоод байна шүү дээ. Тэгэхээр тэр нөхцөлтэй уялдсан шинэлэг арга барилаар ард түмэндээ хүрсэн бодлого хэрэгжүүлж, намаа удирдаж ялалтад хүргэх тийм хүнээ олон талаас ярьж сонгон шалгаруулж байж тавина.
-Тэгэхээр дотооддоо ярьж буй яриа, намын даргын сунгаа эцэслээгүй гэсэн үг үү?
-Тийм.
-Гишүүд хэнийг намын дарга болгох вэ гээд бодоод явж байгаа гэж ойлгож болох уу?
-Хүн болгон дотроо нэгийг бодож яваа. Дээр нь Бага хурлын гишүүдийн санал байна. Намын даргад өрсөлдөх хүмүүсийн өөрсдийнх нь санал байна. Харин түүнээ ярих болоогүй, дотроо бодож байгаа. Дарга болох хүмүүс мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж чөлөөт өрсөлдөөн дундаас хэн нэгэн нь тодорно.
-С.Баяр, У.Хүрэлсүх гээд хилийн дээс алхсан нэр бүхий гишүүд Бага хуралдаа хэр идэвхитэй оролцов?
-С.Баяр дарга намын Бага хуралд оролцсон. У.Хүрэлсүх даргын хувьд хараахан амжиж ирж чадсангүй.
-Монголд ирсэн сураг байна?
-Ирсэн, Улаанбаатарт байгаа. Бага хуралд амжиж ирж чадаагүй, ажил гарсан гэсэн.
/Зууны мэдээ/
URL: