Туул голыг ойжуулахад иргэд, байгууллагыг хамтран ажиллахыг уриалав
Туул голын ундрага бүрэлдэх газрыг ойжуулж эхэлжээ. Байгаль орчин ногоон хөгжлийн яам, “Их уст Туул” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа “Ойжуулах аян”-ын нээлт өчигдөр боллоо.
Нээлтэд Байгаль ор-чин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Их уст Туул” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Оюунсаран, Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон Макрей нар оролцсон юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Туул голын эхэнд өнгөрсөн оны байдлаар нийт ойжуулах шаардлагатай 2400 орчим талбай бий гэж үзжээ. Ойжуулалтын ажлыг Тужийн нарсыг нөхөн сэргээсэн туршлагын дагуу үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан, томоохон аж ахуй нэгж байгууллагууд болон уул уурхайн компаниудыг татан оролцуулж хэрэгжүүлнэ гэж албаныхан онцолсон юм.
Энэ үеэр Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун хэлэхдээ “Яамны зүгээс “Ойжуулалтын аян”-ыг бүх талаас дэмжинэ. Жилд ойжуулалтын ажилд жилд нэг тэрбум төгрөг төсөвлөдөг.
Энэ нь зөвхөн 8-10 мянган га газрыг ойжуулах хөрөнгө Харин бидэнд үүнээс их талбайг хамарч ойжуулах шаардлага байгаа учраас ирэх оны төсөвт мөнгийг нэмэх тал дээр анхаарал хандуулна.
Мөн гаднаас орж ирж байгаа мод, модон эдлэлийг татваргүй болгох, ойжуулалт хийж байгаа аж ахуй нэгж байгууллагын мөнгө санхүүгийн асуудлыг нааштай шийдвэрлэж өгнө” гэлээ.
Энэ үеэр “Их уст Туул” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч А.Оюунсарангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Туул голын эхэнд ямар мод суулгасан бэ. Хэдэн жилийн дараа ургах бол?
-Нийт арван төрлийн модыг тохирох газруудад нь тариалж байна. Жишээлбэл, Туул голын эхэнд хар мод, хус ургадаг учраас энэ хоёрыг тариалсан. Суулгацууд бортог дотроо соёолчихсон болохоор хөрсөнд суулгахаар шууд ургана.
-Ойжуулах талбай хичнээн га байна?
-Туул гол нь нийт уртаараа 5539 км урт, дэлхийд 50 дугаарт ордог. Сэлэнгэ-Ангар-Енисейн системийн нэг томоохон эх юм. Гол мөрний эхэнд байх ой модыг огтлоход ус нь ширгэж, татардаг гэдгийг хүн бүр мэддэг ч энэ бүхэн яг ямар зүй тогтлоор явагддаг, монгол орны ой модны ус хамгаалах, зохицуулах ажил хэрхэн хийгддэгийг хэн бүхэн мэддэггүй.
Энэ жилийн хувьд зөвхөн Туул голын эхэнд 40 га газрыг ойжуулаад байна. Туулын эхийн хоёр цутгал болох Галтай, Булнайн голуудын модыг 1940-50 онуудад Улаанбаатар хотод барилгажуулалтын ажил явагдаж байсантай холбоотойгоор модыг огтолж сад урсгаж байсан.
Тухайн газруудад 1995, 2003, 2005 онуудад ойжуулалт хийгдэж байсан боловч амжилттай болоогүй байна. Зөвхөн 1995 оны ойжуулалтаас бага хэмжээний мод амьд үлдсэн.
-Танай байгууллагын суулгаж байгаа суулгацын давуу тал нь юу вэ?
-Монголд анх удаа хамгаалагдсан үндэстэй буюу бортоготой тарьцаар ойжуулалт хийж эхэлсэн. Бортоготой тарьц нь үндэсний гэмтэлгүй учир хурдан ургалттай мөн өвөлжилтийн дараах амьдралын хувь 85 хувиас дээш байгаа бөгөөд үр дүнтэй ойжуулалт болно гэж үзэж байгаа. Зуны бороотой улиралд ч ойжуулалт хийж болох юм.
-Энэ ажлын үр дүн хэзээ гарах бол. Нэлээд цаг хуга-цаа, хөдөлмөр шаардах байх даа?
-Одоогийн байдлаар Туул гол нь дэлхийн дулаарал, ойн хомсдлоос гадна 1,5 сая хүнтэй Улаанбаатар хотын ундны ус хангамж, бохир цэвэршүүлэх байгууламж, үйлдвэрүүдийн хаягдал ус, хайрганы карьерууд, Заамар дахь алтны уурхайнуудын бохирдол зэрэг маш олон бэрхшээлүүлийг үүрч урсаж байгаа.
Бидний гол зорилго бол Туул голоо хамгаалах энэ ажлын үр дүн 10-15 жилийн дараагаас мэдэгдэж эхэлнэ гэж харж байна. Гэхдээ ер нь бол хүний нүдэнд ил харагдахгүй ч гэсэн жилээс жилд урсац нь нэмэгдэнэ.
Туул голын эхийг “Оюу толгой” ХХК нь гурван жил ойжуулна
Байгууллага аж ахуйн нэгжүүд болон уул уурхайн компануудад урилга явуулан Туул голын ойжуулалтанд оролцохыг урьсан. Энэ үеэр “Оюу Толгой” ХХК-ийн хамт олон 2013 оны ойжуулалтанд оролцохоор хариу ирүүлсэн төдийгүй энэхүү чухал үйлсийг дэмжиж 600 мянган ам.долларын чекийг “Их уст Туул” төрийн бус байгууллагын хамт олонд гардуулж өгсөн юм.
“Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон Макрэй хэлэхдээ “Хатан Туул бол Монгол Улсын хүн амын тэн хагасын аж амьдралд өдөр бүр шууд нөлөөлдөг ач тустай гол билээ. Оюу Толгой ч монголд ихээхэн ашиг тустай компани.
Ийм болохоор бид энэхүү гайхамшигтай төслийг дэмжиж байгаа юм. Яагаад гэвэл манайх баялаг бүтээж, экспорт эрхэлж байгаа уул уурхайн компани төдийгүй бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа.
Бүс нутгийнхаа иргэдэд эерэг нөлөө үзүүлж, нийгмийн хариуцлага хүлээх ёстой гэж бид үздэг. Эдгээрийн зарим нь уул уурхайн салбартай шууд холбоотой. Тухайлбал, мэргэжлийн боловсрол, сургалтийн хөтөлбөрүүдэд “Оюу Толгой” компани 162 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа.
Манай компанийн хэрэгжүүлж буй зарим хөтөлбөр нь бидний ажиллаж амьдарч байгаа орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой. Харин нийгмийн хөрөнгө оруулалтын талаар бидний хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрийн ерөнхий зарчим нь гайхалтай сайхан үйлс бүтээж буй хувь хүн, байгууллагуудыг олж тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлхэд оршино” гэсэн юм.
Ийнхүү тус компани нь Туул голын эхэнд орших Төв аймгийн Эрдэнэ сумын “Шар шувуутын ам” гэдэг газрыг гурван жилийн турш ойжуулахаар боллоо.
М.Янжинлхам
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: