Н.Энхбаярт уучлал үзүүлсэн талаар гадны хэвлэлүүд мэдээлэв

news-middleЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж, ялаас нь чөлөөлөөд удаагүй байна. Энэ тухай олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд хэрхэн мэдээлж байгааг  хүргэе.

“WALL STREET JOURNAL”

Дахин сонгогдоод удаагүй байгаа Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чамгүй хугацаанд хүчтэй өрсөлдөгч нь байсан Н.Энхбаярт өршөөл үзүүллээ. Н.Энхбаярын хувьд өнгөрсөн онд авлигын хэргээр ял сонсож, хоригдоод байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн зарлигтаа “…үлдсэн ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Гэхдээ энэхүү зарлигт ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан тухай дурьдаагүй байна.

Өдгөө 55 настай Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосон боловч ялын хэмжээг нь багасгасан. Суллагдсаныхаа дараа ноён Энхбаяр хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Түүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчилсны дараа тэрбээр өөрийг нь хэлмэгдүүлж байгаа хэмээн онцолж байсан юм. Тэрбээр “Ажлаа хадгалж үлдэхийн тулд энэхүү баривчилгааг парламентын сонгуулийн өмнөхөн зориуд зохион байгуулсан нь хүн нь Ц.Элбэгдорж” хэмээн мэдэгдэж байв. Өдгөө 50 настай Ц.Элбэгдорж үүнийг үгүйсгэжээ. Тэрбээр “Н.Энхбаярыг баривчилсан явдал нь Монголын Засгийн газрын авлигатай тэмцэх байгууллагынхны зохион байгуулсан ажиллагаа” хэмээсэн юм. Ц.Элбэгдорж нь өнгөрсөн зургаадугаар сард хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Байгалийн баялаг ихтэй, 2.9 сая хүн амтай, Орос, Хятадын дунд байрладаг Монгол Улсын хувьд түүхий эдийн үнэ өсөх үед хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай болсон юм. Гэхдээ одоо ашигт малтмалын ханш буурч байгаа болон улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсноос болж хөрөнгө оруулагчид тус улсаас татгалзах болсон билээ.

“BLOOMBERG.COM”

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлэв. Гэхдээ Ерөнхийлөгчийн албанаас уучлал үзүүлсэн шалтгаанаа дурьдсангүй. Монгол Улсын төрийн өндөр дээд гурван албан тушаалыг ээлж дараалан хашиж байсан Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны дараа авлигын хэрэгт холбогдсон юм.

Гэхдээ тэрбээр МАХН-ын даргын ажлаа хийсээр байв. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр өөрийг нь хэлмэгдүүлж байна хэмээн удаа дараа мэдэгдсэн. Монголын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, МАХН-ын гишүүн О.Чулуунбат “Энэ бол бидний хувьд сайн мэдээ. Эрүүл мэнд нь муудаж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учир Н.Энхбаярт уучлал үзүүлсэн” хэмээн ярив.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Н.Энхбаярт ногдуулсан ялыг 2.5 жил болгон хөнгөлсөн. Үүний дараа тэрбээр шоронд байхдаа өлсгөлөн зарлаж байв. Өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиар Н.Энхбаярын нам нь долоон суудал авсан юм.

“LENTA.RU”

Монголын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигын хэрэгт холбогдсон учир дөрвөн жил хоригдох ял авсан. Харин тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, ялаас нь чөлөөлөх зарлиг буулгажээ.

Н.Энхбаярын хувьд түүнд анх долоон жил хорих ял ногдуулсан юм. Гэвч дараа нь ялыг нь хөнгөлж бууруулсан билээ. Тэрбээр 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон боловч 2008 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ялагдсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Н.Энхбаярыг авлигын хэрэгт буруутгасан.

Монголын шинэ эрх баригчид түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн юм. Харин Н.Энхбаяр үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учир баривчлагдсаныхаа дараа өлсөглөн зарлаж байв.

“СИНЬХУА” АГЕНТЛАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын хэрэгт холбогдсон Н.Энхбаярт уучлал үзүүлж, ялаас нь чөлөөллөө. Намын даргыгаа суллагдсан талаар МАХН-ын гишүүд, дэмжигчид мэдээлсэн бөгөөд Н.Энхбаярын биеийн байдал тааруухан байгаа тал онцолсон юм.

Монголын хуулийн дагуу Ерөнхийлөгч нь аливаа хэрэгтэнд уучлал үзүүлэх эрхтэй. Харин Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчөөсөө уучлал хүссэн эсэх нь тодорхойгүй байна. Суллагдсаныхаа дараа Н.Энхбаяр “Бид Ц.Элбэгдоржоос уучлал хүсээгүй. Би зөвхөн цагаатгуулахыг л хүссэн.

Бид шударга ёсны төлөө тэмцэх ёстой” хэмээн ярьжээ. Түүний эрүүл мэнд муудсан учраас ийнхүү уучлал үзүүлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих