“Тэнгис”-ийн өмнөх барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг БХБЯ-наас олгожээ

new photo

-Нас барсан залуугийн хэргийг шүүх хурал болоогүй байхад барилгын ажлыг эхлүүлжээ-

” Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилгын дээрээс төмөр унаж, 19 настай оюутан залуугийн аминд хүрсэн хэрэг өнгөрсөн жил гарсан. Харин тус хэрэгт холбоотой албан тушаалтнууд болон тус барилгын эздийг шалгах ажиллагаа бүтэн жилийн нүүрийг үзсэн ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Гэвч хэрэг шийдэгдээгүй байхад “Тэнгис”-ийн өмнөх барилгын ажлыг эхлүүлсэн байна.

“Тэнгис” кино театрын өмнөх барилгын ажлыг эхлүүлж, олон тооны хятад игэдээр ажил хийлгэж байгаа дүр зургийг та харж байна. Уг нь хотын дарга Бат-Үүл зөвшөөрөлгүй ажил эхлүүлсэн дур мэдсэн том толгойтой албан тушаалтнууд болон тухайн барилгын эздэд хатуу хариуцлага тооцож, хүний амь насанд хүрсэн барилгын ажлыг зогсоож, тэр ч бүү хэл нураах хүртэл арга хэмжээ авна гэж байсан. Гэтэл өнөөдөр хотын мээрийн хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр бодит амьдрал дээр алд дэлэм зөрж байгааг Тэнгис кино театрын өмнөх барилгын ажлаас харж болохоор байна. “Тэнгис” кино театрын өмнөх барилга нь иргэн К.Пүрэв гэх хүний нэр дээр баригдаж байгаа. Анх Мөрөөдлийн усан оргилуур байгуулна гэж газрын зөвшөөрөл авсан ч өнөөдөр 22 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар болжээ. Харин барилгын ажлыг эхлүүлэх болон зогсоох ажилд хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэн К.Пүрэв гэх хүний нэр дээр баригдаж байгаа барилгын асуудалд оролцох ямар ч эрх байхгүй. Асуудал шүүхийн шатанд явж байгаа, түүгээр ч зогсохгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас олгосон учир мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс юу  ч хийж чадахгүй гэдгээ хэлсэн юм.

Өнгөрсөн жил хэрэг гарах үед энэ барилгыг 16 давхар офиссын зориулалттай барилга барина гэж байсан ч өнөөдөр Барилга хот байгуулалтын яамны зүгээс 22 давхар болгох зөвшөөрлийг олгоод байгаа нь энэ  юм. Ингэхдээ тус зөвшөөрлийг 2013 оны зургадугаар сарын 27-ноос 2015 оны зургадугаар сарын 21-ний өдөр хүртэл олгосон байх юм. Таны харж байгаа тусгай зөвшөөрлийн хуудсан дээр зөвшөөрөл олгосон хугацааг эхлээд 2014 он гэж бичсэн байсан ч баллуурдаж 2015 он гэж нэг жил нэмсэн байгааг та харж байна. Харин зөвшөөрөл олгосон эрх мэдэлтэн нь Барилга хот байгуулалтын яамны Барилга, Барилгын материалын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэндамба гарын үсэг зурж баталгаажуулсан байх юм.  Гэтэл Барилга хот байгуулалтын яамны тус хэлтсийн  тодорхой албан тушаалтан хэлэхдээ барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгох эсэхийг шийдээгүй байгаа хэмээн даргаа хаацайлж байсан юм.

Түүх сөхвөл, 2012 оны есдүгээр сарын 17-ны 16,00 цагийн үед “Тэнгис”-ийн өмнөх барилгын 12 дугаар давхраас төмөр унаж, 19 настай оюутан залуугийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Харин тус хэрэгт холбогдуулан тухайн үеийн гүйцэтгэгч компани болох  Модун спет компанийн захирал Батбилэг, ажилтан Оюунгэрэл нарыг Эрүүгийн хуулийн 138,2-т зааснаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэх үндэслэлээр шалгасан. Мөн үүнээс гадна хэрэгт оролцоотой байж болох албан тушаалтнуудыг шалгаж, ял төлөвлөн хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа юм. Гэтэл цэл залуухан 19 настай хүүгээ алдсан аав, ээжийн гомдлын нулимс тайлагдаагүй, хэрэг шийдэгдээгүй байхад ийнхүү салбар яамны хэлтсийн дарга Б.Цэдэндамба иргэн Пүрэвийн гэх барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг 2015 он хүртэл олгоод байгаа юм. Харин тус хэрэгт холбоотой этгээдүүдийг шүүх хурлын тов өнөөдрийг хүртэл гараагүй л байгаа юм.

Б.Индра

Эх сурвалж: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=10914#sthash.T752oaxB.dpuf


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих