Гиннесийн амжилт эвдэх гээд 3000 хүүхэд эрсдэх вий
Монгол Улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болсон. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь дэлхийн дээд амжилт болгож Гиннест бүртгүүлэх юм.
Нөгөөтэйгүүр үйл ажиллагааг Монголын морин спорт, уяачдын холбооны санаачлагаар, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор явуулах аж. Тус арга хэмжээнд одоогийн байдлаар оролцохоор 21 аймгийн 360 гаруй сумын уяачид бэлтгэл ажлаа хангаад байгаа юм байна. Сүүлийн үед аймгуудын ойн баярыг тохиолдуулан хурдан морины уралдаан их болж байгаа. Үүнтэй холбогдуулан унаач хүүхдүүдийн аюулгүй байдал ихээр хөндөгдөх болсон юм.
Тухайлбал хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд Төв аймгийн 90 жилийн ойн наадам болсон. “Бид маш сайн зохион байгуулсан” хэмээн тус наадмыг зохион байгуулагчид өөрсдийгөө магтаж байсан ч морины уралдаанд нь 2346 хүүхэд оролцсоноос 81 нь бэртэж гэмтсэн.
Түүнчлэн зуны налгар өдрүүдэд үргэлжилсэн олон баяр наадмын харгайгаар одоогийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд есөн хүүхэд мориноос унасан гэх шалтгаанаар эмчлүүлж байна. “Тэдний хоёр нь тархиндаа хүнд гэмтэлтэй учир манай эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаа” хэмээн тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга П.Мөнхбаяр хэллээ.
Энэ мэт эрсдлүүд гарсаар байхад удахгүй морины томоохон уралдаан зохион байгуулах гэж байгаа учир унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудлыг сөхөх зайлшгүй шаардлага байна.
Ийнхүү уралдааны талаар “Монгол морьтон-3000” уралдааны зохион байгуулах комиссын гишүүн А.Лхагвасундэвтэй уулзсан юм. Түүнээс уралдааны зохион байгуулалт болон аюулгүй байдлын талаар тодруулахад “Энэ уралдааны гол зорилго нь үндэсний өв соёлоо хамгаалахад оршиж байгаа” гэдэг хариултыг л бидэнд өгч байлаа.
-“Монгол морьтон-3000” уралдааны үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-Энэ арга хэмжээ нь уралдаан гэхээс илүү өв соёлоо Гиннесийн амжилтад бүртгүүлэхэд оршино. Энэ үеэр тодорхой хэмжээгээр хүүхдүүдийг байр эзлүүлнэ. Түүнчлэн бид баяр наадмуудын уралдаан бүрийн үеэр тавигддаг хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалттай холбоотой асуудлыг дээд зэргээр хангаж ажиллана.
-Аюулгүй байдлыг нь яаж хамгаална гэсэн үг вэ?
-Бусад наадмын жишгээр хийнэ. Хүүхдүүддээ тааруулж өмсгөл, малгай зэрэгт анхаарч ажиллана.
-“Монгол морьтон-3000”-д аль аймгаас хэчнээн хүүхэд оролцох вэ. Уралдааны үед ямар шаардлагыг тавьж ажиллах вэ?
-“Монгол морьтон-3000” уралдаанд Булган, Төв, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгаас уяачид оролцоно. Ингэхдээ аймаг бүрийн уяачид боломжоороо 200, 300, 500 морь уяна. Үйл ажиллагааны хувьд өндөр төвшинд бэлтгэж байгаа. Монгол Улсын хэмжээнд аюулгүй ажиллагааны стандарт гэж байдаг. Энэ үүднээс уяачид өөрсдийгөө эрсдэлд оруулахгүйн үүднээс аюул-гүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай. Мөн уралдаантай холбоотойгоор хүүхдийн төлөө байгууллагуудаас хяналт тавьж ажиллах юм.
-Энэ үеэр нэг гараанаас 500 морь гарна гэсэн. Ингэхдээ гарааны шугам нь хэр өргөн байх бол?
-3000 морийг 500, 500-гаар хувааж, зургаан гараанаас гаргана. Нэг гарааны шугам 150 метрийн өргөнтэй байхаар төлөвлөөд байна. Энэ үеэр зэрэг 3000 морь уралдана гэж ойлгож болохгүй. Нэг гараанаас 500 морь гарлаа гэхэд түүний 100 гаруй нь барианд хүрэх юм. Энэхүү үйл ажиллагааны үндсэнд өв соёлоо Гиннест бүртгүүлэх гэснээс биш 3000 морины уралдааныг зохион байгуулах гэж байгаа зүйл биш юм.
Тэрбээр ийнхүү ярив. Харин Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд, хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзандуламаас хүүхдүүдийн бэртэл гэмтэл болоод даатгалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран ажиллаж байгаа байгууллагын хувьд унаач хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ?
-Хүүхдийн аюулгүй байдлыг хангах гэдэг бол зүгээр нэг бүртгэл хийх явдал биш юм. Тухайлбал, яаж даатгуулах, ямар хамгаалалт хийх, эрүүл мэндийн хувьд асуудалтай эсэх зэрэг олон асуудлыг харна. Орон нутгуудад тухайн морь унаач хүүхдүүдийн бүртгэлийг хийдэг. Үүнийг бид хянах үүднээс давхар бүртгэж байна. Одоогийн байдлаар долоогоос дээш насны хүүхэд оролцвол заавал ослын даатгалд хамруулсан байх, хамгаалалт иж бүрэн байх, 500 саяас дээш даатгалтай байх, стандарт хангасан байх гэх мэт үндсэн элементүүдийг бүртгэлд агуулсан байдаг.
Тэр байтугай асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авсан эсэх, ямар нэгэн зүйл тохиолдвол ар гэртэй нь яаж холбогдох, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан уу гэдгийг тодорхой болгодог. Бүртгэл хийнэ гэдгийг “Хэний хэн бэ” гэх төдийгөөр ойлгож болохгүй. Түүнээс гадна хүүхдийн төлөө байгууллагууд хүүхдийн төлөө бус хэдэн төгрөгний хураамжийн төлөө ажиллаад байна. Хүүхэд өөрөө гэнэтийн ослын даатгалд хамрагдагч, уяач нь бас хариуцлагын даатгал гэж төлдөг баймаар байна. Яагаад хүний хүүхдийг эрсдэлд оруулчихаад уяач өөрөө эрсдлийн даатгалд хамрагдах нөхцөлийг ашиглаж болохгүй гэж.
-Удахгүй зохион байгуулах гэж буй “Монгол морьтон-3000” наамдын үеэр унаач хүүхдүүдийг аюулгүй байлгах үүднээс зөвлөмж өгөх үү?
-Тэр үеэр аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг өгөх ажилтнууд ажиллана. Тухайлбал, унах гэж байгаа морь нь бүрэн бүтэн тоноглолтой эсэх, замдаа ямар нэгэн саатал гаргах нөхцөл байгаа зэргийг харах. Энэ мэтчилэн аян замдаа аюулгүй байхад шаардагдах болгоныг зөвлөж ажиллана. Нөгөөтэйгүүр бид цагдаагийн албан хаагчидтай нягт хамтрана.
Хүүхдийн байгууллагын төлөөлөгч ингэж ярилаа. Унаач хүүхдийн даатгалын хувьд өнгөрсөн зургаадугаар сарын 20-оос даатгалын суурь үнэлгээ нь нэмэгджээ. Тухайлбал, эрсдлийн даатгалын хэмжээ нь 500 мянга байсан нь таван сая болсон байна. Энэ нь нэг талаараа дэвшил гарсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр даатгалын 20-30 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргадаг байсныг эцэг эх болон унаач хүүхдийн уяачаар гаргуулдаг болсон аж. Үүнээс гадна уралдааны үеэр хяналтын зориулалтаар зургаан машин дагаж явах бөгөөд аймаг бүрээс эмч нарын баг хүрэлцэн ирж газар дээр ажиллаж юм байна.
Төв аймгийн 90 жилийн ойн наадамд 2346 хүүхэд оролцоход 81 хүүхэд гэмтсэн. Тэгвэл Гиннесийн номонд бүртгүүлэх энэхүү уралдаанд оролцох 3000 хүүхдийн хэд нь гэмтэх бол гэхээс болгоомжилж байна. Муу ёрлож байгаа ч юм биш.
Т.Болорцэцэг
URL: