Хүүхдийн тэжээлийн сүүнээс үхлийн аюултай нян илэрчээ

1_1375838434Шинэ Зеландын “Фонтерра” үйлдвэрт үйлдвэрлэсэн WPC80 код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнээс амьсгал боож, булчингийн үйл ажиллагаа саажуулдаг маш хор­той бодис илэрсэн талаар ҮХААЯ-ны ХҮБХЗГ-ын /Хүнсний үйлд­вэрлэлийн бодлогын хэрэг­жил­тийг зохицуулах газар/ дарга Д.Тунгалаг,  ХҮБХЗГ-ын Сүү үйлдвэрлэл хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, ХҮБХЗГ-ын хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.Батцэцэг нар мэдээлэл хийлээ. Уг нянгийн бохирдол илэрсэн бүтээгдэхүүн нь 0-3 насны хүүх­дийн сүүн тэжээлийн бүтээг­дэхүүний суурь болдог бай­на. Мөн өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт болон тамирчдад зориул-сан уургийн бэлдмэл зэргийг үйлдвэрлэдэг аж. Манай улсын хувьд хуурай сүүнийхээ 90 хувийг энэхүү компаниас нийлүүлдэг болохыг мэргэжилтнүүд онцолсон юм. Өнгөрсөн оны байдлаар 24.9 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон. Үүнээс 4.7 мянган тонн хуурай сүү 2.3 тонн хатаамал шар сүү, 3.885 тонн жижиглэн худалдаалах зориу­лал­таар савласан хүүхдийн хоол тэжээл импортолсон байна. 2013 онд хэр ихийг оруулж ирсэн нь тодорхойгүй байгаа аж. Мөн тухайн улсад үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүнд, уургийн бэлдмэлийн эрсдэлийн үнэлгээг богино хуга-цаанд хийх, хүн амын хүнсний аюулгүй байдалд анхаа­рал хандуулах талаар болон эд­гээр бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг тодор­хой хугацаанд хориглох, зах зээлд байгаа бүтээгдэхүүнийг эргүүлэн татах талаар тодорхой арга хэм­жээг яаралтай авч хэрэгжүүлэхийг МХЕГ, ГЕГ болон ЭМЯ зэрэг хол­богдох албан байгууллагад хүр­гүүлээд байгаа аж. Хурлын үеэр нянгаар бохирдсон байж бол­зошгүй ямар бүтээгдэхүүн манай улсын зах зээлд байгаа талаар ҮХААЯ-ны ХҮБХЗГ-ын дар­га Д.Тунгалагаас тодруулахад “Энэ талаар одоогоор мэдээлэх боломжгүй. Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын газраас ирсэн дүгнэлтийн дараа мэдээл­нэ. Мөн Шинэ Зеландын “Фонтер­ра” компани нь дэлхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ гурав дугаарт жагсдаг учраас дүг­нэлтгүй мэдээлэл хийх боломжгүй” гэв.

 

“ФОНТЕРРА” КОМПАНИ НЯНТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН

 

“Фонтерра” компаниийн ерөн­хийлөгч “38 тонн шар сүүний уур­гийн хуурай бэлдмэл ботулизм бактериар бохирдсон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс 18 тонныг нь Австрали улсад нийлүүлж хүүхдийн сүүн тэжээлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болохоо мэдэгдсэн. Мөн үлдсэнийг нь нэр бүхий найман компанид худалдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Бохирдолтой сүүг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэж байгаа компаниудаас дурьдвал БНХАУ-ын “Dumex Baby Food Co Ltd”,  БНХАУ-ын “Whaha” хүнсний үйлдвэр, АНУ-ын Окланд мужийн “Vitaco Healt Group Ltd”, БНХАУ-ын “Coca-Cola” болон “France’s Danone” компанийн салбар үйлдвэрүүд, Шинэ Зеландын “NZAgbiz” зэрэг үйлдвэр юм. Нэмэлт мэдээлэлийг өгөхөд ботулизм нь хүний мэдрэлийн системд нөлөөлж, булчин саажуулан, улмаар амьсгал боосноор хүний эрүүл мэндэд асар муу нөлөө үзүүлдэг, үхэлд хүргэх аюултай аж.  “Clostridium botulinum” гэх англи нэршилтэй энэхүү нянгаар бохирдсон хүн­сийг хэрэглэснээс хойш 18-36 цагийн дараа  нүд бүрэлзэх, хэл яриа гацах, юм залгих боломжгүй болох, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна. 2008 онд тус компанийн сүүнээс өөр төрлийн бактер илэрч зургаан хүүхэд амиа алдаж байсан бөгөөд 200 сая литр сүүг устгалд оруулж байсан юм.

 

Н.Баасандэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих