Нэгнийхээ хийснийг сүйтгэсээр байх уу

p17uhco1a27q71jtj8t2ar1o5j7-300x217Энэ зун Улаанбаатар хот маань хэрхэн өнгө зассаныг та бид бүгдээрээ нүдээрээ харж буй. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хот маань дүнсгэр саарал өнгөнөөсөө салж, энд тэндгүй л ногоон байгууламж, өнгө өнгийн цэцэгс алаглаж, гадна дотны зочид гийчдийн нүдийг хужирлах болоод хэдэн сарыг үдлээ.

Энд тэндгүй ногоон хувцсаар ижилссэн мэргэжлийн цэцэрлэгчид мод, зүлэг, цэцгийн мандал тарьж буй. Энэ ажил зөвхөн хотын төвөөр үргэлжлээгүй юм. Хотын захын дүүргүүд ч өөрсдийн өнгө үзэмждээ анхааран өнгө, өнгийн гоёмсог цэцгээр гоёсон. Гэтэл энэ зунжин халуун наранд үйлээ үзэж тарьсан цэцгийн мандлуудыг нь сүйтгээд эхэлчихэж.

Тухайлбал, Бөхийн өргөөний орчимд хийсэн цэцэгжүүлэлтийг дулааны шугам сүлжээнийхэн өргөтгөл шинэчлэл хийхийн тулд зүлэгжүүлэлт, цэцгийн мандлуудыг сүйтгэсэн байна. Хотын гудамжаар дэгжирхэн ургах цэцэгжүүлэлтийг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажил болгон, хэдэн зуун сая төгрөг төсөвлөн хийж, бүтээсэн.

Цэцэгсийн нэг ширхэг нь л гэхэд 1200-1500 төгрөгийн үнэтэй билээ. Энэ мэтчилэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтыг нөгөө нь ирээд засвар шинэчлэл хийх нэрийдлээр устгаж байгаа нь зөвхөн нэгнийхээ хөдөлмөрийг талаар болгоод зогсохгүй хэдэн зуун сая төгрөгийг салхинд хийсгэж байгаагаас өөрцгүй. Хэдийгээр дулааны шугам сүлжээний өргөтгөл хийх нь цэцгийн мандалтай байхаас хамаагүй чухал боловч нэгнийхээ хийсэн хөдөлмөрийг ингэж салхинд хийсгэж боломгүй.

Нөгөө талаасаа харахад энэ байдал нь манай төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажилладагийг гэрчилнэ. Анхнаасаа төлөвлөлт хийхдээ дулааны шугам сүлжээний өргөтгөл хийгдэхээ бодолцсон бол хэдэн зуун сая төгрөгийг ингэж салхинд хийсгэх шаардлага байхгүй.

Дулааны шугам сүлжээ өргөтгөх багийнхан ч нэгнийхээ хийсэн хөдөлмөрийг үнэлсэнгүй. Цэцэрлэгчдийн хувьд өнөөх зуны халуун наранд өдөржин ажиллаж тарьсан цэцгийн мандлыг нь хэдхэн цагийн дотор машинаар хуу татаад хаячихсаныг хараад урам нь хугарсан нь мэдээж.

Хүн харахад амар, хялбар санагдаж байвч цэцэрлэгчийн ажил гэдэг үнэндээ тийм амар юм биш. Ялангуяа Монгол орны хувьд байгаль цаг уурын таагүй нөхцөлд тарьсан бут, сөөг, цэцэг, зүлгээ арчилна гэдэг тухайн хүнээс маш их хөдөлмөр шаарддаг гэдэг. Тиймээс төрийн байгууллагууд өөр хоорондын уялдаа холбоогоо сайжруулахгүй бол энэ мэтчилэн улсын төсвийн мөнгийг хий дэмий салхинд хийсгэх нь.

Уг нь зөвхөн мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэх сургалт хүртэл зохион байгуулсан. ХААИС дээр болсон 14 хоногийн сургалтад 300 гаруй хүн хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх гардсан гэдэг. Энэ жил 30 мянган метр талбайд цэцэг тарьсан. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 5-6 дахин их талбайг хамарсанаараа илүү юм байна. Өөрөөр хэлбэл, 24 гудамж талбайг цэцэгжүүллээ гэсэн үг. Улаанбаатар хотын ногоон байгууламж дээр 300 гаруй цэцэрлэгч 30-аад мэргэжлийн хувийн компаниуд ажиллажээ.

Ажилчдаа гуравдугаар сард Улаанбаатар их сургууль дээр сургалтад хамруулж “Цэцэрлэгч” гэсэн мэргэжлийн үнэмлэх олгож ажлын байраар хангасан. Ингэхдээ сургалтын зардал, хоол унааны мөнгийг захирагчийн албанаас гаргаж, 200 хүнийг ажлын байраар хангасан байна. Нэг цэцэрлэгчийг дунджаар 500-600 мянган төгрөгөөр цалинжуулсан аж.

Энэ жил улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж, дээрх ажлыг гүйцэтгэжээ. Харамсалтай нь тэдний хийсэн ажлыг хэдхэн цагийн дотор сүйдэлж байна. Нэгнийхээ хийсэн ажлыг нөгөөх нь сүйтгэсээр байх уу.

Х.Өнөржаргал /Монголын мэдээ сонин/


URL:

Сэтгэгдэл бичих