Н.Удвалын удирдсан салбар ухаан ороогүй л байна
Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг сайд нарын томилгооны сүүл мушгиж сонгогдсон Н.Удвал авхайн удирдсан Эрүүл мэндийн яам (ЭМЯ) эмгэг тусаад удлаа. Түүнийг сайд болох цагт эрүүл мэндийн салбарт менежментийн шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн хэлэлцэж байсан ч өдгөө үлгэр болов бололтой.
Уг нь тус яамыг толгойлж яваа эрхмүүд эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байсны хувьд салбараа мэдрэх бүрэн боломжтой. Тус салбарыг өмнө нь толгойлж явсан сайд нарыг бодвол Н.Удвал, Ж.Амарсанаа нар сурсан мэдсэнээрээ ч илүү юм билээ.
Гэхдээ хийж бүтээхдээ хэтэрхий хайнга хандсан гэдэг нь өнөөгийн өндөрлөгөөс харагдаж байх шиг. Үүнийг эмчийн буруугаас амиа алдсан олон хүний өмнөөс ч гэрчилж болно. Н.Удвал сайдын хувьд хүний их эмч, хүүхдийн эмч, шинжлэх ухааны доктор гэх эрхэм алдартай.
Харин дэд сайд Ж.Амарсанаа элэгний эмч гэдгээрээ олонд танигдаж, анагаах ухааны доктор цол хүртсэн. Бүр Харвардын их сургуулийн докторын дараах програмд ажиллаж, багшилж байсан гэх намтартай. Гэсэн ч өдгөө эмчийн буруугаас гэх оношийг тайлагнаж суудаг ажил хийж байна.
Дэд сайдын хувьд эмч нарынхаа өмнөөс бөхөлзөж, арга хэмжээ авна хэмээн хэлэх нь албан тушаалдаа багадсаны хэрэг үү, аль эсвэл томдсоны хэрэг үү. Ямартай ч, яриад байсан системийн шинэчлэл биш шинжилгээний хариугаар эмчийн буруу байсан гэдгийг л залхтал ярьж сууна.
Түүнчлэн эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхсөн өөр нэг шалтгаан бий. Тэр нь улс төрийн амбиц хэт хөөснөөс үүдэлтэй. Цагтаа чагнуур гартаа барьж байсан хоёр эмч хоёул улс төрийн томилгоогоор дээрх суудалд хүрсэн. Тиймээс тэдэнд улс төрийн замнал нь эх орны эрүүл мэндээс чухал байдаг бололтой.
Н.Удвал сайдын хувьд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тусгал гэгддэг. Тиймдээ ч сайдын суудалд суусан даруйдаа өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос мултлах гэж чамгүй их зүтгэсэн. Эрүүл мэндийн салбарыг ч Н.Энхбаярын хувийн эмнэлэг болгож дөнгөсөн.
Өдгөө тэрбээр нарсанд биш наранд байгаа болохоор санаа сэтгэлээ хуваалгүй салбартаа хүчин зүтгээд үзвэл ямар вэ. Үгүй бол салбар чинь салан задгай, эмч нар хүний амиар хайр найргүй наадаж байна.
Иргэнд хамгийн ойр гэгддэг өрхийн эмнэлэг хүртэл эм бичихээс цаашлахгүй олон жилийг үдсэн байхад өдий хүртэл дорвитой алхам хийхгүй байгаад балмагдаж, бас бухимдаж байна, иргэд.
Нөгөөтэйгүүр, эмчид тооцох хариуцлага хэтэрхий сул байгаа нь салбарын сайд, дэд сайд хоёрын хүн чанарыг зулгаасангүй бололтой. Өөрөөр хэлбэл, хүний аминд хүрсэн эмчид ногдуулах хамгийн дээд арга хэмжээ нь ажлаас халах.
Нэрэн дээрээ эмч хариуцлага хүлээж байгаа юм шиг боловч, начир дээрээ эрүүл мэндийн салбар хүний амиар наадаж байгаа хэрэг. Бусад улсын жишгийг харвал, салбартаа гаргасан удаа дараагийн алдаанаас байтугай эхний алдаагаараа салбарын сайд нар сайн дураараа огцордог.
Гэтэл нярайг шалзалж, эхийн умдагны ясыг хугалж, зэрэмдэг болгож, эх хүүхдийг өнчрүүлж байгаа олон тохиолдолд гарсаар байхад алдаа гаргасан эмч ажилгүй болсноос өөр алхам ер хийгдсэнгүй. Хэдийгээр эмч алдаа гаргасан ч эрүүл мэндийн салбар хариуцлага үүрэх ёстойг иргэд мэдэхийн дээдээр мэднэ.
Хэдий болтол ЭМЯ-ны удирдлагууд ниргэсэн хойно нь хашгирч суух вэ. Сав л хийвэл эмч нарын алдаанаас эмчлүүлэгч нь эндэж, эрүүл мэндээрээ хохирдог эмгэг хууч өвчин хэзээ эдгэх вэ. Энэ мэтээр урагшлах аваас иргэдийн итгэл найдвар унтарч, эмнэлэг гэх үгнээс шийрэгнэх нь олонтаа болох нь.
Бүр цаашлаад суусан газраасаа шороо атгаж, хувь, хувийнхаа эрх ашгийг хөөгөөд байгаа мэтээр харагдах дөхжээ, сайд та. Тодруулж хэлбэл, Н.Удвал экс Ерөнхийлөгчийг, дэд сайд Ж.Амарсанаа элэгний эмнэлгээ бөөцийлөхийн тулд сайдын суудлаа ашигласан байх шалгаан хангалттай бүрджээ.
Өөр хэлбэл, Ж.Амарсанаа эрүүл мэндийн дэд сайд болохоосоо өмнө өөрийн нэр дээрээ элэгний “Хаппи Вертас” гэх эмнэлэгтэй байв. Харин дэд болсон даруйдаа ээждээ эмнэлгээ шилжүүлж, эрх ашгийн зөрчилгүй мэт харагдсан. Өнөөгийн нийгэмд бол эмч, эм хоёр шиг цэцэглэж байгаа хорт бизнес ховорхон.
Өвчин зовлонд нэрвэгдсэн иргэд улсын эмнэлгийн хүнд суртлыг, аль эсвэл хувийн эмнэлгийн өндөр төлбөрийг давж гардаггүй. Гэсэн ч амь хойно, байдгаа бариад ч болтугай өвчин зовлонтой тэмцдэг. Тиймээс өвчин гэдгийг нэг төрлийн бизнес болгосон эмнэлэг, эмч нар олширсон.
Нөгөөтэйгүүр, улсын эмнэлгийн чадвартай эмч нар хувьдаа эмнэлэг байгуулж, өглөө нь өвчтөнөө үзчихээд үдээс хойш хувийн эмнэлгийнхээ ашгийг бодон ажилдаа ирдэггүй нь аль эртнээс л үргэлжилж байна.
Тиймээс эх хүний хувьд, эмч хүний хувьд, хүүхдийн эмчийн хувьд, хүний их эмчийн хувьд Н.Удвал сайд эмчийн буруугаас эрлэгт тушаагдсан иргэн дахин нэгээр нэмэгдэхгүйн төлөө үүрэгт ажилдаа жаахан ч атугай сэтгэл гаргана уу. Сурсан мэдсэнээрээ сайрхдаг Ж.Амарсанаа дэд сайд ч гэсэн үхсэний дараах онош уншдаг биш үхэхээс хамгаалж жор бичдэг эмч байж өгөөч.
Б.Ширнэн
Эх сурвалж:
URL: