Монгол орон хөгжих ёсгүй!
Занар моодонд орлоо. Дэлхийд энд тэндгүй байдаг энэхүү эртний органик малтмалыг тодорхой дулаан даралтанд оруулж богино хугацааны дараа нүүрс, нефть, байгалийн хий зэрэг өнөөгийн эдийн засгийн гол мотор болсон эрчим хүчний эх үүсвэр болгон хувиргадаг технологийг саяхан америкчууд олжээ.
Ойрын хугацаанд дэлхийн эрчим хүчний төв Ойрхи Дорнодоос занарын хамгийн их нөөц бүхий Хойд Америк руу шилжих нь тодорхой болжээ. Дэлхий ч арабуудын байнгын заналхийллээс нэг мөсөн салах бололтой. Энэхүү гэнэтийн өөрчлөлтөөс болоод улс орнуудын хооронд ч шинэ ан цав гарч байна. Урангойн хийн ордыг Өрнөд рүү хоолойгоор гаргахад завсар нь дамжуулах жижиг орнууд байнгын заналхийлэл учруулж байсныг болиулахын тулд Орос, Герман хоёр асар их хөрөнгө гарган хоолойг шинээр Балтын тэнгисийн доогуур татаж дуусч байна. Төслийг Германы канцлер асан Шрөдэр толгойлсныг бодоход их ач холбогдол өгсөн нь илэрхий. Гэтэл Польш дахь Сэлэзийн орд асар их занарын нөөцтэй ба түүн рүүгээ мөнөөх шинэ технологийг ашиглахаар шийдсэн нь хоёр талын хүчирхэг гүрний эгдүүцлийг төрүүлэв. Асар их мөнгө цацсан мөнөөх хоолойн ач холбогдол унаж эхэлж буй нь тэр. Ингээд “занарын аюул” гэсэн шинэ ойлголт буй болов. Занар асар их хүхэр агуулдаг. Хүхэр нь агаар мандалд үнэхээр хортой. Чухам энэ цэг дээр “занарын аюул” сонирхогчид гол тоглолтоо хийж байгаа юм. Технологид шинэчлэл дэвшил гаран хүхрийн гадагшлалтыг эрс багасгаж байгаа боловч шал өөр шалтгаантай “занарын аюул”-аар мэргэшигсэд энэ бүхнийг үл тоон дуугаа өндөрсгөсөөр.
Манай орон нээлттэй нийгэмтэй болсноос хойш алив моодноос хоцрохоо больсон. Монгол нийт нөөцөөрөө тийм ч их занартай орон биш. Юутай ч энэ нөөцөөр дэлхийн эхний 15 улсад багтдаггүй юм байна. Гээд монгол занарын нэг онцлог нь хүхрийн агууламжаар дэлхийн дундачаас 40 дахин бага болохыг судалгаа хийсэн америкийн компани тогтоожээ. Хуурай уур амьсгалаас болоод хүхэр нь нэн эрт ууршин алга болж гэж геохимичид тодорхойлсон байх юм. Дэлхийн хамгийн эрүүл занар! Занарын нөөцийн гүн 200-300 метр байна гэж үзвэл хааш хаашаа ганцхан км талбайгаас Монголын шатахууны долоон жилийн хэрэгцээг гаргаж авна гэж тооцоолж байна. Шатахуун, шатах тослох материалаар гаднаас бүрэн хамааралтай манай орны хувьд энэ бол маш том боломж!
Гэвч энэ боломж ашиглагдах ёсгүй юм байна. Занар эсэргүүцэгчдийн томоохон давалгаа гараагаа нэгэнт эхэлсэн. Тугал хурга үхнэ гэнэ, дэлхий цөмрөнө гэнэ… гэх мэт. Энэ давалгааны нүүрэнд гарагсад боловсролгүй хүмүүс. Тэд ямар ч занар, ямар ч геологи, ямар ч байгаль орчин мэдэхгүй. Орж ирсэн гадны хөрөнгө оруулагчдыг дарамталж өөртөө таарсан хэдэн цаас ологчид нэлээд гарч ирсэн жишээг л дагалдагсад. Тэд занар ашиглахгүй гээд байгаа юм биш, ашиг олохоосоо өмнө намайг жиптэй хаустай болгож аль л гээд байгаа хэрэг. “Зарим нь ийм замаар баяжаад байхад бид хэд яахаараа гадуурхагддаг хэрэг вэ!” гэсэн иргэнлэг, тэгш эрхлэг, ардчиллаг, философилог асуулт тавиад байгаа хэрэг. Харин үүнийг хэн цаанаас нь удирдан зохион байгуулаад байна вэ? Монгол улс өөрийгөө шатахуунаар хангаж чаддаг болох нь хэнд ашиггүй вэ?
Каддафи хичнээн дарангуйлагч байсан ч гэсэн тэрээр Газар дундын тэнгисээс зургаан метрийн голчтой асар том хоолой татан Ливийн их цөлийг усжуулсан. Асар том цөл усжин амилсан. Каддафийг зөвхөн үүнийх нь төлөө гагц ливичүүд төдийг Хойд Африкийн ард түмэн үүрд дурсах болно. Асуаны далан өнөөдөр Египтийг тэжээж байна. Сахаарын цөлийг усжуулан амилуулсан Насэрийг египтчүүд үүрд дурсах болно. Каддафийн захиалгаар Ливид хоолой барьсан италийн инжинерүүд хэдэн жилийн өмнө Монголд ирлээ. Сэлэнгэ мөрний урсацын ердөө 20 хувь нь ил цутгадаг, дийлэнх нь газрын хөрсөн дор урсдаг юм байна. Орхон – Сэлэнгийн билчрээс өмнийн говь руу хоолой татвал говийн олон ордыг хангахаас гадна Дархан Эрдэнэт, Улаанбаатар зэрэг завсрын хот сууринг цэвэр усаар хангах гэнэ. Үүнд Сэлэнгийн Байгаль нуур руу урсаж буй нийт урсацын ердөө хоёр хувь (2% шүү!) бүрэн хангалттай гэнэ. Гайхалтай төсөл!
Энэ боломж ашиглагдах ёсгүй. Ядахнаа усны томъёо ч хэлчиж чадахгүй, огт боловсролгүй нэгэн бөх – хууль тогтоогч Монголын бүхий л усанд хүн амьтан мал адгуус, техник технологийг ойртуулж ч болохгүй тухай хууль гарган мөрдүүлэх болсон. Хөөрхий дөө, ордын лиценз аваад ашигт малтмалгүй болох нь илрэн шатахаар энэ хохиролоо улсаар төлүүлэх гэсэн хэдхэн компаний увиагүй санаархлын л биелэл юм билээл дээ. Улсаас өгөх нөхөн төлбөр нь долоон тэрбум доллар буюу хоёр жилийн улсын нийт төсөвтэй тэнцэж байгаа.
Монгол бол хойд бүсийн усны хагалбарын гол цэг. Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу нь доогуураа асар их цэвдэгтэй. Энэ цэвдэг Хөвсгөл нуур болон бусад гол нуурыг тогтмол тэжээж байдаг. Дэлхийн дулаарлаас болоод цэвдэг хайлах явц сүүлийн хорин жил тун идэвхижижээ. Одоо гэхэд нийт цэвдгийн дийлэнх нь нэгэнт хайлан гол горхи болон урсаад алга болсон. Ойрын хэдэн жилийн дараа огт цэвдэггүй болж ил нуур голууд аяндаа урсан алга болно гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ганц арга нь хожимдоогүй байгаа дээрээ өнөөдөр хиймэл нуур олныг үүсгэж эртхэнээс усаа нөөцлөн тогтоож авах гэнэ. Гэвч гол нуур руу хүн ойртож болохгүй хуультайгаас хойш яая гэхэв дээ. Хиймэл нуур олныг байгуулснаар нэг талаас байгаль цаг уур зөөлрөн чийглэг болох, нөгөө талаас усан цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний асар их нөөц шинээр буй болох ашигтай. Гэтэл усан цахилгаан станц шиг аюултай хортой хөнөөлтэй зүйл хорвоод байхгүй гэнэ. Үүний баталгааг “Өнөөдөр” сонины дугаар болгоноос уншин мэдлэгээ тэлж болно. Уг нь сонссоноор бол эрчим хүчийг акумлятор, батарейнээс цааш хадгалж болдоггүй учир усан цахилгаан станц л эрчим хүчний зохистой харьцааг барьж чаддаг ганц технологи юм гэнэлээ. Далан барьж ус нөөцөлдөг учир байгаль экологид хамгийн ээлтэй технологид тооцогддог гэсэн. Загасны нүүдлийг зохицуулах арга аль дээр үед гарсан, өдгөө ийм зохицуулалтгүй нэг ч станц бадаггүй гэсэн. Нэг мегаватт станц нэг сая долларын өртөгтэй атал Улиастайн Богдын голын зургаан мегагийн усан цахилгаан станцыг 37 сая доллароор босгосон нь өөр, тухайлбал эдийн засгийн асуудал ба хариуцлага авилгатай холбогдоно. Энэ бол шал өөр маягийн гамшиг! Эгийн голын цахилгаан станцын төслийг хоёр удаа зориудаар унагасан тухай би урьд бичиж байсан. Энэ бол экологитой огт хамаагүй шал өмнөө асуудал.
Занарчид ч, бөх ч, сонин ч үнэндээ цаанаас дохих зориудын бодлогын золиос. Захиалагчдаа тэд таних ч үгүй, захиалгад автсанаа мэдэх ч үгүй. Нэг хэсэг нь харанхуй мунхагтаа, нөгөө хэсэг нь “тэр авсан бол би бас авна” гэсэн өчүүхэн сувьдаглал, атаархал, барьцсан шуналдаа хөтлөгдөгсөд. Тэгвэл Монголыг усгүй, уурхайгүй, эрчим хүчгүй, юм болгон дээрээ гадагшаа гуйранчилж царай алдсан байдалтайгаар нь байлгах сонирхол хэнд байна вэ? Өдгөө гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туун алдрын оргилд гарагсад түрүүчээсээ хамгийн эхний хохирогсод болж байна. Юу гэвэл нэлээд халамцуу гарууд сумын засаг даргын өрөөнд хүч түрэн орж ирээд “Тэр гадаадын шунахай уурхайчдаа эргүүлээд аваад ир, хэн тэднийг бүр мөсөн хөөсийн, жаахан дарамталсан л болохоос” хэмээн агсам тавьж байгаатай таарлаа гэм. Дарамтлах хүнгүйгээс архины мөнгөгүй болчиж, чааваас.
Хөвсгөл гэснээс саяхан шүүхийн шийдвэрээр Монгол компанид хамаарах Бүрэнхааны фосфорийн ордын лицензийг хүчингүй болголоо. Зарга хийгч нь Улаанбаатарын нэг хүүхэн. Энэ ордыг анх ерэн оны хийрхлийн үеэр төсөл нь батлагдаад хэрэгжих гэж байсныг нь зогсоосон. Хөвсгөл нуураас зуу гаруй км хол энэ орд нуурыг хордуулна гэсэн онош гэнэт гарсан. Дараа нь явсаар жирэмсэн эхийн саванд байгаа хүүхэд хувиран 15 толгойтой найман гартай мянган хөлтэй амьтан болдог гэсэн аймшгийн киноны сценари боссон. Бараг л Жанрайсаг бурхан юм биш үү? Уг төсөл хэрэгжсэн бол Хөвсгөл нь төмөр замаар Эрдэнэттэй холбогдох ба хүхрийн хүчил үйлдвэрлэж зэсийн баяжмалыг цэвэр зэс болгох үйлдвэр баригдах байлаа. Фосфорын бордоо дэлхийн зах зээлд хаана ч эрэлттэй. Эсгий таавчигийг бодвол хаана ч борлогдоно. Өнөөх заргач авгай яахав дээ, хэдэн цаасанд л яваа биз, түүний буруу ч гэж юу байхав. Цаана нь хэн байнаа? Миний сонссоноор ордыг хятадууд авах, эсвэл хэнд ч хэрэггүй болгох тоглоом юм шигээ.
Мардайн урааны ордыг 1980 онд маш нууц гэрээгээр оросууд эзэмших болсон. Олон нийтэд ил болонгуут тэд татгалзаж байгаагаа мэдэгдэн Монголд хүлээлгэн өгчээ. Хоёр орны гэрээгээр Канадын Хаан рисорс компани энд хөрөнгө орууллаа. Арван жил хөрөнгө оруулсны эцэст тэдний лицензийг ямар ч тайлбаргүйгээр хүчингүй болгон хөөж гаргав. Хаан рисорс олон улсын арбитрын шүүхэд хандан эхлээд 200 сая доллар, дараа нь өсгөөд 400 сая доллар нэхэмжилж байна. Анхны нэхсэн 200 саяыгаа л авахынг тулд тохиролцож байгаа юм болоод бууж нэхсэн дээрээ унах гэж буй хэрэг. Шүүх хурал удахгүй болно, бид 200 сая доллар төлж л таарна. Харин 400 сая байсныг бууруулж яллаа гэж Хууль зүйн яам баахан магтуулах байх даа. 200 сая доллар гэдэг Монголын бараг бүх сумын жилийн төсөв шүү дээ. Арбитрийн шүүхээр манайхан хэзээ ч ялж байгаагүй. Ялсан гэж л худлаа реклам хийдэг. Буян Жагаагийн Засгийн газрын баталгаатай Японы зээл хүчингүй болоогүй, зүгээр л хойшлуулсан. Паушокийг дийлээгүй, тэрбумын нэхэмжлэлд татварын өрийг тооцох маягаар л явуулсан. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр заавал биелэдэг номтой, тухайлбал гадаадын банкинд хадгалуулсан улсын нөөцөөс, эсвэл Засгийн газрын бондоос шууд татаад л авчихдаг байхгүй юу даа. Хаан рисорсыг хөөж гаргаад хамтарч ажиллая гээд байсан оросууд Монголыг өрөнд оруулж аваад чимээгүй болсон. Лицензийг хүчингүй болгосон дарга эх оронч зүтгэлийнхээ шанд элчин сайд болоод яваад өгсөн.
Дараагийн тулалдаан Францын Ариава компанитай явагдаж байна. Ариавагийн охин компани Кожэгови урааны хайгуул хийн 20 жилийн турш хөрөнгө оруулалт хийжээ. Гэрээ хэлэлцээ хийн татвар төлж, баталгаа авч орж ирсэн болохоос дураараа дээрэм хийх гэж орж ирээгүй баймаар. Хайгуулаас болоод Дорноговийн хурга хоёр толгойтой гарч үхэр нь билчээр дээрээ чад хийгээд байна гэнэ. Боловсролгүй улсын л яриа шүү дээ. Дэлхийн ураан олзворлолтын 75 хувийг гүйцэтгэж байгаа Канад, Австрали, Казахстанд зүгээр байхад ердөө 1,8 хувийн нөөцтэй Монголд ердөө л хайгуул хийнгүүт хүн нь биш үхэр нь ялгаран үхээд байдаг, аан? Ариава бол Хаан рисорсыг бодвол аварга эзэнт улс. Ариава бол Францын төр. Франц бол Европ. Эхнээсээ оруулахгүй гэсэн бол яах ч үгүй. Харин асар их хөрөнгө оруулалтыг нь идчихээд хулхидах гэж байгаа бол бүтэхгүй л дээ. Шаардах нөхөн төлбөрт нь манай үндэсний нийт орлого хүрэх юм болов уу? Бид бүгдээрээ төлнө шүү. Биднийг дийлдэхгүй өрөнд хутгах тоглоомын найруулагч нь хэн бэ? Хөөрхий тэр жип хаус нэхэж яваа амитас лав биш. Тэд буруугүй. Нийтийн тогтсон жишгээр амьдралаа залгуулах гэж яваа л хөөрхийс. Харин эзэд нь? Эзэнг тэднээс асуугаад хэрэггүй, тэд танихгүй, огт мэдээгүй, амьдралдаа дуулаа ч үгүй.
Тавантолгой гэж сайхан ордтой ард түмэн билээ, бид. Өөрснөө ашиглаж чадахгүй учир Хойд Солонгосын Ким Ир Сэнийг хүртэл аваач гэж гуйн царай алдаж явсансан. Бүтэхгүй болохоор нь Өмнөд Солонгосын Самсунгийг ч гуйж л явсан. Харин Дэлхийн нүүрсний хамгийн том уурхайн цогцолбор, энэ баялагаар Азийг хангадаг Австралийн орд усанд авахуулсны “буянаар” нүүрсний үнэ галзууран өсч далимд нь Монголын эдийн засаг 17 хүртэл өсөлттэй гаран дэлхийн шинэ рекорд тогтоож байв. “Монгол улс Азийн шинэ бар, Улаанбаатар хойд бүсийн хамгийн хөгжингүй хот” хэмээн Экономист сэтгүүлд бичүүлэн сүгсэлзэж байсан үе бидэнд бий. Сэрүүн бүсийн Кувейт! Нүүрс гэдэг үг хэлсэн гадны хүн болгоныг дайснаар зарлаж, дотоодын хүнийг эх орноосоо урвагчаар тодруулах нийтийг хамарсан кампани дэгдээж байсан нь ердөө ноднингийн явдал. Усанд авахуулсан орд хатаж, хажуугаар нь Европын хямрал хурцдан Хятадад халдварласнаар нүүрсний үнэ гурав дахин унав. Нүүрсний аж үйлдвэр бол олзворлолт гэхээсээ тээвэрлэлт юм. Торой банди “амьд сэрүүн” байсан торгоны сайны үед төмөр зам байгуулчиж болох байсан ч дотоодын “иргэний дайн” үүнийг явуулсангүй. Монгол угаасаа л хөгжих ёсгүй юм чинь. Цаад зураг нь тийм бололтой. Одоо үнэ унасан хойно дэд бүтэц байгуулна гэдэг гонж л доо. Байгуулдаг юм гэхэд хямд ачаа зөөж алдагдал л хүлээнэ. Монголыг төмөр замаар бүтэн хэрэхэд хүрэх мөнгийг ард түмэн маань архины мөнгө болгон тэгш хувааж аваад уугаад – согтоод – шартаад – бөөлжөөд дуусгачихсан. Тавагтолгойг чинь заавал тасдаж авна гээд байсан хөрш маань саяхан сонирхохоо огт больсноо мэдэгдэж, харин Саяаны нурууны өмнөдөд байгаа коксжих нүүрний асар их нөөцтэй ордын бүтээгдэхүүнийг Монголд төмөр зам шинээр барин дамжуулъя гэсэн саналтай ирээд зөвшөөрлөө авчихсан. Ингэсэн нь Саяаны нурууг нүхэлснээс хавьгүй хямд тусах юм билээ. Хэний төлөө, юуны тулд эрэлхэг “эх орончид” маань хайран сайхан хэнхдэгээ цөмөртөл нүднэ вэ?!
Оюутолгой компани бол хамтын үйлдвэр. Оюутолгойн зэс алтыг ашиглахаар гадныхны байгуулсан компаний хувийг заавал авна гэсээр байгаад Монголын Засгийн газар 34 хувийг нь өр тавьж байгаад эзэмшсэн. Татвар роялтийг нь аваад ашгийн хагасыг нь хүртдэг олон улсын жишиг байхад шүү дээ. Монгол ухаан ч дэлхийнхээс өөр л дөө! Одоо үүсэх бүх проблем эндээс гаралтай. Өртгөө хоёр сая доллароор өсгөсөн байна л гэнэ, хэтэрхий өндөр үнээр зээл, тоног авсан байна л гэнэ. Хэрэв тэр бүхнийг тэдэнд өөрсөдөд нь даатгачихсан бол өртгөө мянган хувь өсгөсөн ч бидэнд падгүй л байх байлаа. Гуравны нэгийг нь бид төлж байгаа шүү дээ. За яахав тэр нь дүүрч. Хамтарсан компаний Монголын талын дарга нь “Оюутолгой компанитай ясаа цайтал үзнэ!” гээд зарлаад явж байхаар яахав? Монголын тал гуравны нэгийг нь эзэмшдэг өөрийнхөө өмчтэй үзэлцэн хайран ясаа цайруулдаг хүн байх уу? Яс ч яахав цайрдаг байж, Оюутолгой компаний гадны хувь эзэмшигч тал хөрөнгө оруулалтаа зогсоосноо заралчихлаа шүү дээ. Ясаа цайтал дайн зарласны хариу. Монголын хэдэн зуун компани, хэдэн мянган өрх чухам энэ бүтээн байгуулалт дээр амьдарч байгаа. Тэд л цалин орлогоороо энэ их баригдаж байгаа байр байшинг худалдаж авч байгаа. Тийм л учраас Улаанбаатар богино хугацаанд гадныхныг гайхтал хөгжөөд байгаа хэрэг. Оюутолгойн гэрээг зүхэн хэдэн жилийн турш байнга огиулж байсан гурван сайдыг гэрээг уншаад юуг өөрчлөхөө тохироод ир хэмээн жилийн өмнө илгээжээ. Тэд тэр чигээрээ таг болсон. Сураг дуулахнаа гэрээтэй танилцахын тулд эхлээд бичиг үсэгтэй болох шаардлагатай тулгарсан бололтой.
Алив улс нь айл өрхийн нэгэн адил гадагш нь ямар нэг юм зарж амьдардаг. Ихэнх өрх хөдөлмөрөө худалдаж амьдрана. Филиппин мэтийн орон ажиллах хүчин гадагш зарж олон тэрбум доллар олдог гэсэн. АНУ, Япон, Герман мэт нь өндөр технологи гадагш борлуулдаг. Австрали, Норвеги, Чили, Канадаас авахуулаад Нигери, Перу, Венесуэл хүртэл байгалийн түүхий эд голчлон зарж амьдардаг. Амьдрахын тулд ямар нэг юм борлуулах зайлшгүй шаардлагатай. Зарах юу ч үгүй учраас Хойд Солонгос, Зимбабвэ, Самалид иргэд нь бөөнөөр өлбөрч үхэж байна. Бид одоо юугаа зарах вэ? Эсгий таавчиг уу? Өмхий үнэртсэн тэр барааг чинь угсаатны мүзэйгээс өөр сонихох захиалагч олдох юм болов уу?
Бидэнд хамгийн тулгамдаад байгаа асуудал бол үнэндээ боловсрол юм. Хөгжих гэж байгаа бол шулуул, шулуулахгүй гэж байгаа бол хөгж. Гашуун ч гэсэн үнэн үг, парадокс ч гэсэн логиктой. Хөгжлийн гол үндэс бол боловсрол. Дэлхий сөнөнө гэхээр ард түмнээрээ дэрхийн цочиж байнаа гэдэг бол боловсролгүйн илрэл. Нэгэнт боловсролгүй л бол цаанаас зурж өгсөн “Монгол хөгжих ёсгүй” гэсэн зургийн дагуу мөлхөж таараа. Боловсролтой шинэ үе ирж байна, гэхдээ тэд одоохондоо насанд хүрээгүй байна, бойжихыг нь хүлээж суух зуур бүгдээрээ турж үхвэл яана? Хүнийг боловсролтой иргэн болгох нь асар их өртөгтэй эд. Энэ мөнгийг бид хаанаас олох вэ? Оюутанд автуусны тасалбар, баарны пивоны мөнгө жигд тараасныгаа боловсролд мөнгө гаргаж байна гэж ойлгодог. Энэ бол доголон нохой ч тоож шиншлэхгүй үнэ цэнэгүй дипломын хэвлэлтийн зардал. Самбар дээр шохойгоор зурсан дүрс тогтоомор аядаад инжинер болж чадна гэж үү? Гучин таван үсэгний гуравны нэгийг нь танихгүй оюутнаар дүүрсэн дээд сургууль ямар элэнцгийнхээ мэргэжилтэнг бэлдэх вэ? Ангийн сурагчдын тал нь багштайгаа хамт бөө болчихсон хэнгэрэг балбаад явж байгааг боловсрол олголт гэх үү? Ийм тогтолцооноос цөмөрхий цээжтэй “эх оронсонгууд” бөөнөөрөө төрөхгүй яах юм бэ? Өндөр зэрэглэлийн нарийн мэргэшлийн тухай яриагүй шүү, ердөө л нийтийн боловсрол. Хими физик астрономын томъёог ч хэлээгүй, ердөө л хүнийг хүрээлэн буй нийгмийн амьдралын зохицол, тулгуур ойлголт, үндсэн зарчим. Үнэндээ бидний бүтэлгүйтэлд төр засаг ч буруугүй. Аль ч ард түмэн өөртөө таарсан төртэй байдаг. Тэр дундаа өөрснөө чөлөөтэй сонгож байгаа бол…
Бидний торгоны сайныг эдэлж явсан үе ард хоцорч тостой даавуу ч олдохгүй болж эхэлж байгааг анзаарч байгаа хүн аль хэр олон байна. Энэ бол боловсролын л асуудал. Валютийн нөөц ганц хоёр жилийн дотор аймаар дундарлаа. Одоо валютийн нөөц мөнөөх бонд зарж олсон 1,5 тэрбум доллар дээр тогтож байна. Өр шүү дээ. Тэр ч удахгүй хайлна даа. Төгрөгийг арай гэж л тогтоож байна. Аль зэрэг удах юм бол? Улсын төсөв эхний хагас жилд бараг тэрбум доллароор сох дутлаа. Юун бүтээн байгуулалт? Эрдэнэтийг даваад байсан нүүрсний үйлдвэрлэл гурав дахин уналаа. Юу ч зарж чадахаа больсон учир гаднаас валют орж ирэхээ болилоо. Гадны хөрөнгө оруулалт үндсэндээ зогслоо. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн нь орхин гарахаар бэлтгэлээ базааж эхэллээ. Баахан торгууль үлдээгээд л арилах байх даа. Хэн ч хүч гаргалгүйгээр амархан ойлгочих тоо хэлье: Монголын гаднаас орж ирж буй нийт мөнгөний тал нь хөрөнгө оруулалтаас, нөгөө тал нь нүүрс, зэсийн экспортоос орж ирдэг байжээ. Өдгөө Монгол нь 10 тэрбум долларын эдийн засаг болсон. Ийм хэмжээг идэж ууж шингээдэг эдийн засаг. Харин сүүлийн ганц жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалтаар ирдэг мөнгөний гуравны хоёр нь, байгалийн баялаг зарж олдог мөнгөний бас гуравны хоёр нь байхгүй болсон. Та бидний хамтын зүтгэлээр шүү дээ.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн улсад байхгүй мөнгийг гаднаас оруулж ирэн хамтарсан бизнис хийн ашгийг нь хувааж авдгаараа эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг байдаг. Иймээс гадны хөрөнгө оруулалтын төлөө улс болгон хоорондоо уралдан уралцдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн сайн татсан нь АНУ, дараа нь Хятад. Хөгжлийн гол шалтгаан нь энэ. Харин Африк, Латин Америкийн зарим нэг орон гадаадын хөрөнгө оруулалтын ашиг буй болоогүй байхад сувьдаглан дайрч авилгадсаар үнэн хэрэгтээ итгэл алдан тэднээсээ салдаг учир ядуугийн бэрхшээлээс гарч чаддаггүй. Гэхдээ бүх Африк ийм мангар биш шүү. Ботсвана, Руанда зэрэг улс хөгжлийн үлгэр жишээ болчихсон явна, цаана чинь.
Нийт үндэсний үйлдвэрлэлд гавьж гийдэггүй жуулчлал хүртэл элгээрээ хэвтэж байна. Гадагшаа нисч байгаа онгоц урьдынхтай харьцуулахад хоосон шахам байгааг харж байна уу? Дэлхий тойроход хүрэх өндөр үнэтэй онгоцоор үзэх харах юмгүй Монголыг зорих нэг нь ирээд дууссан бололтой. Хаа очиж дотоодын жуулчлал арай гайгүй байна. Гэхдээ 2008 оны хямралаар “Эрээнээс авчирсан барааг хямдруулаад өгье гэхэд авах хүн олдохгүй байна” гэсэн гунигт гомдол давтагдахад хэн л жуулчлаад явах юм билээ дээ. Хямрал мэдээж инфляци дагуулна. Монгол төгрөгт хүн итгэхээ болино. 1994-95 онд инфляци 360 хувь хүрч цалин жилд арван удаа “нөхөн олговор” нэртэйгээр өсч байсныг санах хүн одоо ховордсон доо. Загасны ой санамж найман секунд үргэлжилдэг гэсэн, энэ нь загас угаасаа боловсролгүйтэй холбоотой байхаа.
“Монгол хөгжих ёсгүй” – энэ бол хаа нэгтээ зурагдсан програмчлал байхаа. Бид тэр программаас гарч чадахгүй явна. Бидний боловсролгүй харанхуй байдал энэ программын гол гүйцэтгэгч байх. Нийгэм эдийн засгийн дэвшил хийх гэсэн оролдлого болгон тас цохигдон унтарч, хамгийн ашиггүй, бүр хамгийн хортой болгон амжилттай бүтэн гялалзсаар байгааг хүмүүс анзаардаг болов уу? Бидний морио унаад модоо тохоод хонь хариулаад соёлын балайгаараа амьдарч байх нь хэн нэгэнд хэрэгтэй, үгүй дээ л төвөг саад болохгүй гэж үзсэн хүчирхэг бодлого байна, цаана чинь! Бид тэрэнд нь хичнээн их үнэнчээр идэвхи гарган зүтгэнэ вэ? Удахгүй Өмнөговийн цахилгаан станцын тэндэр зарлагдана. Ганцхан сая долларын дүрмийн сантай, Чехэд бүртгэлтэй компани аугаа том Симэнсийг ялна. Үүнийг ялуулахаар Германд бүртгэлтэй, мөн ганц сая долларын дүрмийн сантай, байр түрээсэлдэг компани ажиллаж байгаа. Бүртгэлтэй л болохоос эзэд нь чех ч биш, герман ч биш. Цаанаасаа зураг нь тийм юмаа. Бидэндээ хаваасаг л даа. Станцыг бол харин хүлээгээд нэмэргүй байхаа. Дарханд нефть боловсруулах үйлдвэрийг бондын мөнгөөр босгох гэнэ. Үүнд мөнөөх бондын мөнгөө зарж дуусгах бололтой. Ингэвэл Монгол сайхан хорлогдож өрөнд бат сууна гээд цаанаасаа зурчихсан бололтой. Нефтийн аж үйлдвэр олзворлолтоосоо их ашиг олж боловсруулалтандаа алддаг гэнэ. Иймээс боловсруулах үйлдвэрийг эсвэл олзворлож буй тэр газраа, эсвэл далайн боомт дээр барьдаг юм байна. Бодоход түүхий нефть богоон машинаар хэдэн мянган км зөөж аваачин боловсруулдаггүй байхаа. Гэхдээ нэгэнт манай зураг цаанаасаа тэгээд гарчихсан юм бол яая гэхэв дээ. Ядахнаа л манай хэд маань хуримтлалаа нэмэгдүүлж чадвал ашгүй дээ.
Сүх далайтал үхэр амар гэдэг. Үхэр ухаантай амьтан, юутай ч сүх далайнгуут амар байхаа больдог юм байна. Харин хонийг дээш нь харуулаад өрлөхөд “надад мөнх хөх тэнгэрийг минь үзүүлж, өвөг дээдсийн минь сүнсийг дуудан харуулж байна” гэж боддог юм гэнэлээ.
Эх сурвалж:baabar.niitlelch.mn
URL: