Монголын толгой хөрөнгөтнүүдийн баяжсан түүхээс
Баян хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг өөрөө ярвигтай асуулт. Сэтгэлээр баян хүн, өгөөмөр буянтай баян хүн, үр хүүхдээр баян хүн гээд есөн шидийн тайлбар дагалдана. Харин Монголын хамгийн их мөнгө, хөрөнгөтэй хүн хэн бэ гэвэл хэдхэн хүний нэрийг олон хүн дурдах нь тодорхой байна. Энэ талаар зарим нэг хэвлэл мэдээллийнхэн судалгаа хийж жагсаасан нь ч бий. Харин энэ удаа манай сэтгүүлийн хамт олон бодитой мэдээлэлд суурилсан хөрөнгө чинээтэй хүмүүсийг нэрлэж, тэдний баяжсан түүхээс сонирхуулж байна.
Салбар бүрийн судсыг атгасан Ж.Оджаргал
- 1. “МСS”-ийн Ж.Оджаргал
Тэрбээр зах зээлд шилжих үеэс л электроник, эрчим хүчний чиглэлээр бизнесээ эхлүүлж, тухайн үеийн төрийн тендерүүдэд амжилттай оролцсоноор хөрөнгөжих сууриа тавьсан нэгэн. Түүний найз, дүү нартайгаа хамтран байгуулсан “МСS холдинг” компани удалгүй олон салбарт хүч түрж орж ирснээс гадна, хүнсний үйлдвэрлэл тэр дундаа архины үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулсан нь өгөөжөө өгсөн байдаг. Орон нутгийн чанартай Зүүн Хараагийн “Спирт бал бурам” компанийг худалдан авч өрсөлдөгч “АПУ”-г “дарж” авсан нь түүний хөрөнгийг үлэмж арвижуулсан гэдэг. Түүнээс гадна “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхож, албан тасалгаа, гэр ахуйн тавилгын худалдаагаар “Анун”, “Анунгоо” салбарыг эзэлж эхэлсэн билээ. “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцааг ч гартаа төвлөрүүлж бараг дангаараа эзэмших болов. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт том ололт авчирсан зүйл нь дэлхийн брэнд “Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх болсон явдал юм. “Coca cola”-г эх орондоо үйлдвэрлэхийн тулд эрхийг нь 4 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээ ч бий. Тэрээр боловсролын салбарыг ч орхиогүй юм. Баячуудын хүсэл, сэтгэлд нийцэх сургууль Монголд байхгүйг олж харсан бизнесмэн эр “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолборыг байгуулсан. Өнөөдөр тус сургууль Монголын баячуудын хүүхдүүдийг цуглуулж чаджээ.
“МСS” компанийн гол салбар бол эрчим хүч, дэд бүтэц. Угаасаа энэ салбартаа анхдагч төдийгүй өрсөлдөгчийн байр сууриа тавьж өгөөгүй л байна. Тэр бүү хэл, уул уурхайн салбарт сүүлийн үед цахиур хагалж байна. Баян улс төрч, бизнесийнхэнтэй хамтарч “Энержи ресурс” консерциумыг байгуулан “Тавантолгой”-н ордыг дангаараа эзэмших гэж байсан гээд бодохоор ямар холын бодолтой бизнесмэн гэдэг нь тодорхой. Төрийн зардлаар хайгуул нь хийгдэж олборлолт явуулахад бэлэн шахам болчихсон тус ордын хайгуулын лицензийг олон жил хав дарсныхаа хүчинд Тавантолгой гэх монголчуудын баялгаас “Ухаа худаг”-ийг нь салгаж авч чадсан зайтай эр билээ. “Ухаа худаг” ямар үнэтэй болохыг сүүлийн жилүүдэд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжсан хувьцааны үнийн дүнгээс харж болно. “Энержи ресурс” тэндээс 900 сая ам долларын хөрөнгө босгосон. Энэ хөрөнгө бүгд Ж.Оджаргалынх биш боловч тэрээр “Энержи ресурс”-ын дийлэнх хувьцааг эзэмшдэгийн хувьд асар их хөрөнгө юм. Тэгэхээр Ж.Оджаргал Монголын хамгийн баян хүнээр яалт ч үгүй тодорч байна. Түүний хөрөнгө аль хэдийнэ 400 сая ам.долларыг давсан гэдэг нь оргүй үг биш ээ.
Үргэлжлэл бий.
URL: