Б.Зоригоо: Төрийн албан хаагчийн хүүхэд урьдын адил зээлд хамрагдана

Сургалтын төрийн сангийн буцалтгүй зээл, тусламжийн талаар Төрийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоотой ярилцлаа.
 527-1375756075zurag
-Сургалтын төрийн сангийн журамд өөрчлөлт орсон гэж байна. Ямар өөрчлөлтыг оруулсан юм бэ?
-Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сургалтын төрийн сангийн үндэсний тэтгэлэг, буцалтгүй, зээл, тусламжийн журамд өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Ямар ч өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан журмыг өнөө жил дагаж мөрдөнө.
Засгийн газрын 19 дүгээр тогтоол 2012 оны нэгдүгээр сард батлагдсан. Тогтоолоор буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, үндэсний тэтгэлэгт ямар суралцагч хамрагдах ёстой вэ гэдгийг дэлгэрэнгүй заачихсан байгаа.
Тухайлбал, буцалтгүй тусламжид ямар хүүхэд хамрагдах вэ гэхээр бүтэн өнчин, эцэг эх нь болон өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл өрхийн нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй бол хамрагдана.
Гэхдээ суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байгаад тэр нь 50- аас дээш хувийн алдагдалтай бол буцалтгүй тусламжид хамрагдана гэж заасан байгаа. Мөн өрхийн нэг гишүүн юм уу эцэг, эх нь 70- аас дээш хувь тогтоолгосон бол боломжтой.
Харин хөнгөлөлттэй зээлд хагас өнчин, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн нэг хүүхэд, малчин, гэрээт цэргийн алба хаасан бакалаврын төвшний суралцагчид хамрагдана.
 -Эдгээр хөнгөлөлт, зээлээр нэг оюутанд хэчнээн төгрөг олгодог вэ? 
-Буцалтгүй тусламж гэдэг нь тухайн сургуулийн сургалтын төлбөр. Тухайн суралцагч оюутанд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг гэж ойлгож болно. Харин хөнгөлөлттэй зээл нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр оюутанд олгодог тэтгэмж. Сурч байгаа мэргэжлээс нь хамаарч 350-650 мянган төгрөгийн зээлийг олгодог.
Тодруулбал, банк санхүүгийн чиглэлээр сурдаг суралцагчдад 350 мянга, урлагийн чиглэлээр суралцдаг бол 650 мянган төгрөгийн зээлд хамрагдах боломжтой.
Энд нэг зүйлийг хэлэхэд 2003 оноос өмнө хөнгөлөлттэй зээлд хамрагдаж их, дээд сургуулиа төгссөн суралцагчдыг мөн 2004- 2006 онд суралцаж төгссөн, 2.8-аас дээш голч дүнтэй мэргэжлээрээ хоёроос дээш жил ажиллаж байгаа тухайн үеийн суралцагчдыг хөнгөлөлттэй зээлээс чөлөөлсөн байгаа.
Харин 2007 оноос хойшхи төгсөгчид зээлээ төлнө. Энэ талын мэдлэг хомс байгаагаас төгсөгчид бичиг баримтаа ирж авахгүй байгаа нь харагдаж байна.
-Төрийн албан хаагчийн хүүхдийн тухайд? 
-Өмнө нь төрийн албан хаагчийн нэг хүүхдийг төрийн сангийн хөнгөлөлтөд хамруулдаг байсан бол дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээр энэ асуудал өөрчлөгдсөн. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойшхи шинээр их, дээд сургуульд элсэж байгаа төрийн албан хаагчийн хүүхдэд төрийн сангийн буцалтгүй тэтгэлэг олгохгүй.
Харин тогтоол гарахаас өмнө энэ төрөлд хамрагдаж байсан суралцагчдыг төгстөл нь төрийн сангийн буцалтгүй тэтгэлэгт хамруулна гэж заасан байгаа.
-Өнгөрсөн онд хэчнээн хүүхэд төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлд хамрагдсан бэ. Мөн энэ онд хамрагдах суралцагчдын тоо гарсан уу? 
-2013-2014 оны хичээлийн шинэ жилийн тухайд төчнөөн хүүхэд хамрагдана гэсэн тоог нарийн хэлэх боломжгүй. Шинээр элсэгчдийн эцэг, эхчүүд манайд их хандаж байна. Ямар материал бүрдүүлэх ёстой вэ, манай хүүхэд хамрагдах боломж, нөхцөл юу байна гэхчилэн.
Харин энэ оны хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар хөнгөлөлттэй зээлд 5671 хүүхэд хамрагдсан бол буцалтгүй тусламжид 5812 суралцагч хамрагдсан гэсэн дүн мэдээ байна. Мөн үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөгөнд 133 мянга гаруй оюутан хамрагдсан.
-Төрийн сангийн зээл, тусламжаар гадаадад суралцаж байгаа хэчнээн оюутан байна. Ер нь эдгээр суралцагсдад ямар шалгуур тавьдаг вэ? 
-Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сурч байгаа 1342 хүн бий. Үүнээс одоо суралцаж байгаа нь 400, эргэж ирээгүй нь 200 орчим байгаа. Эргэж ирээгүй хүмүүсийн хувьд 2004 оноос өмнө төрийн сангийн зээлд хамрагдаж суралцсан иргэд. Тухайн үед ямар нэг барьцаа хөрөнгө тавьдаггүй байсан.
Харин одоо барьцаа хөрөнгө шаардахын сацуу төгсөөд эргэж ирж зээлээ төлөхийг шаардаж байгаа. Ер нь суралцагчдаас тухайн зарлагдсан мэргэжлийн дагуу бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй, 3.25 ба түүнээс дээш сурлагын голч дүнтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг.
Мөн судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний мэдлэгийг бүрэн хангасан байх ёстой гэсэн хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа.
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих