Өдөрт 500-гаад торгуулийн хуудсыг хаягаар хүргэж байна

zamiin_hodolgoon-middleХуучнаар Улаанбаатар Шилэн банк гэж нэрлэж заншсан, одоо Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн VIII давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төв байрладаг.

Эндээс нийслэлийн замын хөдөлгөөнийг ёстой л алган дээр тавьсан юм шиг харж болно. Ажилчид нь өглөөний 09.00 цагаас оройн 21:30 хүртэл завгүй. Энэ сарын 1-ний өдрөөс “Замын хөдөлгөөний шинэ журам” хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын ажилчидтай хамт “Ажлын нэг өдөр”-ийг өнгөрүүллээ. Тус байгууллагад ороход Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч нь замын хөдөлгөөний мэдээ уншиж байв.

Жолооч нарт өглөө 08:30 цаг, өдөр 14:30 цаг, оройн 17:50 цагуудад FM радио, зарим телевизээр замын хөдөлгөөний шуурхай мэдээллийг хүргэдэг.

“Богино холбоо” барьсан дэлгэцний ардаас зохицуулагчид

“Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс”-т долоон хүн ажиллаж байв. Тэд амралтын өдөр ч ажилладаг гэнэ. Эдгээр хүмүүс замын хөдөлгөөнийг хянаж, санал оруулдаг байна. Хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж байх үеэр “Нарантуул’’ ОУХТ-ын уулзвар ачаалалтай байсан учраас гэрлэн дохиог энэ хэлтсээс зохицуулж байсан юм. Нийслэл хотод “Ухаалаг гэрлэн дохио” хэмээн нэрлэсэн 50 гэрлэн дохио байдаг байна.

“Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс”-ийн ажилчдын урд дүүргүүдийн замыг камераар харуулсан самбар болон, замын хөдөлгөөний ачааллыг дүрсэлсэн самбар байсан юм. Эдгээр самбарыг ажилчид хянаж, ачаалалтай хэсгийн гэрлэн дохиог тус төвөөс зохицуулж байлаа.

Нэг үгээр бол замын хөдөлгөөнийг алсаас зохицуулж байна гэсэн үг. Харин тэдний гарт “зохицуулагч дохиур” биш богино холбоо байдаг. Үүгээрээ тэд бусад ажилчидтайгаа холбогдон замын хөдөлгөөнийг зохицуулж байв. Ингэж зохицуулалт хийхийг зарим жолооч нар гэрлэн дохион эвдрэл хэмээн буруугаар ойлгох асуудал гардаг тухай хэлтсийн ажилчид хэлж байсан. Тус хэлтсийн ажилчдын компьютерт нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийн мэдээлэл гарч ирж байсан юм.

Мөн үеэр өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдрөөс хайгдаж эхэлсэн 8998 УБ… гэх улсын дугаартай машиныг замын цагдаа зогсоосон гэх мэдээлэл ирлээ. Тийм учраас хэлтсийн ажилчид тус машины талаар дэлгэрүүлж асууж байсан юм. Ингээд үдийн цайны цаг боллоо. Гэхдээ ажилчид нь зэрэг цайндаа гарсангүй, ээлжээр цайндаа гардаг байна. Үүнийг тэд “Бүхий л замын хөдөлгөөнийг хянаж, зохицуулж байдаг учраас тус хэлтсийг хүнгүй орхиж болохгүй” хэмээн тайлбарсан юм.

Торгуулийн хуудсыг давхар хянаж байв

“Хөдөлгөөн зохион байгуулалт”-ын хэлтсийн дээд давхарт Төлбөр, хяналтын хэлтэс бий. Тус хэлтэс рүү гаднын хүн орох боломжгүй аж. Захиргаа удирдлагын хэлтсийн даргын зөвшөөрлөөр үйл ажиллагаатай нь танилцахаар болов. Тус хэлтэсд дүрэм зөрчсөн жолоочийн мэдээллийг баталгаажуулах, дугтуйлах ажиллагаа явагдаж байсан юм.

Камерт илэрсэн зөрчлүүдийг компьютер автоматаар гаргаж ирэн, хэвлэх төхөөрөмж нь түүнийг нь хэвлэн гаргадаг байна. Харин хэвлэн гаргасан торгуулийн хуудсыг байцаагч баталгаажуулан тамга дарж байлаа. Ийнхүү баталгаажуулахдаа хэвлэн гаргасан торгуулын хуудас дээрх тээврийн хэрэгслийг улсын дугаараар шүүн камерт бичигдсэн дүрстэй тулган шалгадаг аж. Торгуулийн хуудсанд алдаа гаргахгүй гэсэн үүднээс давхар хянаж байгаа нь энэ.

Баталгаажуулсаны дараагаар торгуулийн хуудсыг дугтуйлах машинд хийв. Тус машин нь хуудсыг хормын төдийд дугтуйлах нь тэр. Дугтуйг нэг удаа нээх боломжтой бөгөөд дахин наах боломжгүй аж. Мөн дугтуй болгон тус тусдаа нэг бар кодтой байсан юм.

Дугтуй дээр зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаяг, утасны дугаар хэвлэгдэн гарч байсан юм. Тус хэлтэсд нийтдээ арван хүн ажилладаг байна. “Замын хөдөлгөөний шинэ журам” хэрэгжиж эхэлсэнээс хойшхи 48 цагийн дотор 800 гаруй зөрчил камерт бичигдсэн гэнэ.

Эдгээрийн 100 гаруйд нь тусгай тээврийн хэрэгсэл гэх түргэн, онцгой, цагдаа зэрэг байгууллагын тээврийн хэрэгслүүд бүртгэгдсэн байсан аж. Харин дийлэнхийг нь хурд хэтрүүлэх зөрчил зонхилжээ.

Ачиж журамлах хэлтэс удахгүй ажиллаж эхэлнэ

Тус байгууллага Захиргаа удирдлага, Хөдөлгөөн зохион байгуулалт, Төлбөр хяналт, Мэдээлэл холбоо, Ачиж журамлах гэсэн таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр хэлтсүүдэд 43 хүн ажилладаг аж.

Таван хэлтсийн гурав нь тогтмол үйл ажиллагаа явуулж байсан бол Төлбөр хяналтын хэлтэс, Ачиж журамлах хэлтэс шинээр байгуулагдаад байгаа юм байна. Тодруулбал, Төлбөр хяналтын хэлтэс нь өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Харин “Ачиж журамлах хэлтэс” нь “Замын хөдөлгөөний шинэ журамтай холбогдуулан байгуулагдаж байгаа гэнэ. Зөрчил гаргасан жолооч торгуулиа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг нь журамлах арга хэмжээг авах чиглэлтэй хэлтэс юм. Тус хэлтэс одоогоор бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ. Ямартай ч энэ хэлтсийн үйл ажиллагаа удахгүй эхлэх юм байна.

Инженерүүд тун завгүй ажилладаг гэнэ

Байгууллагын мэдээлэл холбооны хэлтэсд найман инженер ажилладаг гэнэ. Эдгээрээс дөрөв нь гэрлэн дохион эвдрэл болон гэрлэн дохиог шинээр суурьлуулах ажлыг хийдэг байна. Тийм утгаараа энэ байгууллагын хамгийн их ажилтай хэлтэсд тус хэлтэс ордог байна.

Г.Баярцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих