“Өрөө өгөхгүй бол үсэрлээ шүү”
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэг сонин хэрэг гарлаа. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. “Баянхайрхан” компанийн 12 давхрын орой дээр нэгэн эрэгтэй үсэрч гараад, амиа хорлохыг завджээ. Тэрбээр нэгэн барилгын компанитай гэрээ хийж, барилгын гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд “УБУ” гэдэг компани түүний ажилд саад болж “шатаасан” гэнэ. Амиа хорлохыг завдсан залуу “УБУ” компанийн буруугаас алдагдалд орсон гэж үзээд 50 сая төгрөг авахаар тохиролцсон ч мөнгийг нь шилжүүлэхгүй удаад байж. Аргаа барсан залуу 12 давхар байшингийн орой дээрээс үсэрнэ гэж айлгаж байж арай гэж нэг юм мөнгөө шилжүүлж авчээ. Бас болоогүй 12 давхрын орой дээр шөнийн 00 цагаас хойш бүтэн 13 цаг суусан гэж байгаа. Монголчууд болж бүтэхгүй юмны төлөө жагсч цуглаж, талбай дээр өлсөж, сууж байсан болохоор байшингийн дээврийг сонгож байгаагүй болохоор нэлээд сонин санагдаад байгаа юм. Дагаж дуурайх дуртай хүмүүс юм л бол өндөр барилгын оройд үсэрч гараад айлгаад байвал яана. Байшингуудаа намхан барих уу, дээвэр рүү гардаг замыг нь хаах уу, сонин болно биз дээ. Монголчууд ядаж байхад бүгдээрээ шахам өртэй. Нэг нэгэндээ, банкинд, банк бус санхүүгийн байгууллагад их бага хэмжээгээр өр тавиагүй хүн гэж бараг л үгүй.
Зээлээ төлөөгүй иргэнээс мөнгөө гаргуулж авахын тулд банкны зээлийн мэргэжилтэн байшингийн оройд гарчихаад амиа хорлох гэвэл яана вэ. Найз нь өрөө өгөхгүй бол бас яах вэ. Асуудал их байна. Хуульзүйн сайд аа, та энэ төрлийн хэргийг зохицуулах хууль журам яаралтай гаргахгүй бол байдал эвгүйтэж мэдэх нь байна шүү. Энэ тохиолдолд хэнийг нь буруутгах вэ.
За дүүрч, монголчууд дэлхийд олон юмаараа гайхуулдаг юм чинь ганц удаа ч болов өр зээлээ цайруулах шилдэг аргатай ч боллоо гэж зарлачихдаг ч юм уу. Хууль шүүх, цагдаа гэж цаг заваа үрж, хурал хуй болохгүй амар арга гээд олон орны иргэд дуурайж магадгүй. Тэгвэл ч энэ аргаа улам боловсронгуй болгож, мөнгөнийх нь хэмжээгээр хэдэн давхраас үсрэхийг нь журамлах юм шүү.
Б.Оюунгэрэл
URL: