Төгсөгчдөөс шалгалт авч “чадамжийн гэрчилгээ” олгоно

БНСУ-д-ажиллах-иргэдНийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн газар 2012 оноос “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийн мэргэжлийн болон давтан сургалт”- ыг эрхийн бичгээр зохион байгуулах үйлчилгээг иргэдэд хүргээд байгаа билээ.

Үүнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн 11.2-т заасны дагуу ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан болон, хөдөлмөрийн насанд хүрсэн иргэн зэрэг багтах юм байна.

Ингээд Хөдөлмөрийн газрын сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Ш.Болормаатай ярилцлаа.

-Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсанаар ажлын байранд 800 хүн зуучилсан гэсэн. Эдгээр хүмүүс нь байнгын ажлын байраар хангагдсан уу эсвэл түр ажлын байр юм уу?
-Тогтмол ажиллах ажлын байраар хангагдсан. 2012 оноос эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн сонгон шалгаруулалтаар мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх болон давтан сургалт явуулах эрх авсан сургалтын байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж ирлээ.

2013 оны хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд 75 сургалтын байгууллагад нийт 1795 иргэн хамрагдсанаас 722 төгсөгч 53 мэргэжлээр төгссөн. Тус 53 мэргэжилд гар урлал, гутал, үсчин, гар утасны засварчин, ногоо тариалах зэрэг үйлдвэр, үйлчилгээний чиглэлийн мэргэжлүүд орж байгаа. Сургалтыг төгсөгчид хувиараа болон бүлгээр хөдөлмөр эрхлэх боломжтой. Өөрөөр хэлбэл төгсөгчид маань өөртөө болон бусдад зориулан ажлын байр бий болгох боломж бий гэсэн үг.

Иймд төгсөгчдийн мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн сүлжээнд оруулах, ажлын байранд зуучлах, бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах зэргээр эргэх холбоог сайжруулан ажиллах талаар нийслэл, дүүргийн хөдөлмөрийн байгууллага, ажилтнууд тодорхой ажлуудыг хийж байгаа. Үүнд манай иргэдийн идэвх, санаачлага их чухал болохыг онцлон хэлмээр байна.

-Сургалтад ямар иргэд хамрагдах боломжтой юм бол. Хамрагдах хүсэлтэй иргэд хаана хандах ёстой вэ?
-2011 онд батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль”-ийн хүрээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар олон асуудлууд нэлээн цэгцэрч чадсан гэж хэлж болно. Жишээлбэл, “ажилгүй иргэн”, “ажил идэвхитэй хайж байгаа иргэн” ,”ажил олоход хүндрэлтэй иргэн” гэж хэнийг хэлэх вэ гэсэн ойлголтууд хуулинд нилээн сайн сууж өгсөн төдийгүй олон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсний нэг нь Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт ажилгүй иргэн, эзэмшсэн мэргэжил, ур чадвар нь зах зээлийн эрэлтэд нийцэхгүй болсон иргэд, хөдөлмөрийн зах зээлд шилжиж байгаа мэргэжилгүй залуус, нийгэмшүүлэх үйлчилгээ шаардлагатай хорих ангиас суллагдсан болон хүүхдийн асрамжийн газраас гарч байгаа хөдөлмөрийн насны хүүхэд, амьжиргааны түвшин доогуур өрхийн гэр бүлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургаан сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэд гээд хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газар 2013 онд “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд иргэдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг өргөжүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа юм. Сургалтад хамрагдаж, мэргэжилтэй, ур чадвартай, ажилтай орлоготой болохын тулд иргэн юуны өмнө оршин сууж байгаа хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж зөвлөгөө авах, мөн сургалтад хамрагдах тухай өргөдлөө гаргаснаар хорооны Засаг дарга тухайн иргэнийг энэ хөтөлбөрт хамрагдах иргэн мөн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг өгнө.

Дараа нь дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст хандан бүртгүүлж, гэрээ байгуулж мэдэгдэл авна. Мэдэгдлээ цахим үнэмлэхний хуулбарын хамт Нийслэлийн хөдөлмөрийн газарт өгч сургалтын байгууллагаа сонгох ба суралцах эрхийн бичгээ өөрийн биеэр авна.

Сонсоход олон шат дамжлагатай мэт боловч иргэд хороо, дүүрэгтээ хандаж бүртгэл мэдээлэлд хамрагдсанаар хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг, үйлчилгээ авах боломж улам л нээгдэж байгаа гэсэн үг. Та ажилгүй бол, ажил хайж байгаа бол эхлээд хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэх шаардлагатай.

-Суралцах эрхийн бичгийн тухайд?
-Зорилтот бүлгийн иргэдийг мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх болон давтан сургах сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас санхүүжилдэг бөгөөд суралцагчдад олгож байгаа эрхийн бичиг нь санхүүжилтийг тооцох арга хэрэгсэл, үнэт цаас гэсэн үг.

Түүнээс гадна эрхийн бичиг нь эрхийн бичиг эзэмшигчийн талаарх мэдээллийг агуулж байдаг төдийгүй сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг хянах, чадамжийг үнэлэх хэрэгсэл болж байдаг. Зардлыг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас гаргаж байгаа.

-Одоо иргэд сургалтад хэдий хугацаанд, ямар мэргэжлээр сурч болох вэ. Энэ жилийн хувьд ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна. Одоо суралцах боломж байгаа юу?

-Сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн сонгон шалгаруулалтад тэнцсэн сургалтын байгууллагуудтай Нийслэлийн хөдөлмөрийн газар гэрээ байгуулан зохион байгуулна. Энэхүү 14 – 45 хоногийн сургалтаар тухайн иргэн ажил, үйл¬чилгээг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн чадамжийг олж авах болно. Төгсөгчдөөс шалгалт авч “Чадамжийн гэрчилгээ” олгоно.

Энэ жилийн хувьд хамгийн их эрэлттэй байгаа оёдол эсгүүр, тогооч, гоо сайханч, үсчин, цэцэрлэгийн туслах багш, хүнд машин механизмын операторчны мэргэжлүүдээр сургалтын байгууллагуудын квот дууссан. Гэсэн хэдий боловч барилга, уул уурхайн чиглэлээр хүнд машин механизмын засварчин, авто засвар, гагнуурчин, барилгын засал чимэглэл, цахилгаанчин, сантехникч үйлдвэр, үйлчилгээний салбараас кительчин, сүлжигч, алт мөнгөний дархан, худалдагч, касс нярав, зөөгч бармен, rap хивс, нэхмэл, эсгий урлал зэрэг мэргэжлээр суралцах квот тодорхой хэмжээнд байна.

Зарим сургалтын байгууллагууд хөдөө орон нутагт ажиллаж байгаатай холбоотойгоор энэ сарын 20-ны өдрөөс сургалтууд эхлэх тул иргэд бэлтгэлээ хангаж мэдээлэл авах хэрэгтэй.

-Төгсөгчдийг ажилд хэрхэн зуучилсан бэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн суралцагчдыг сургалтад хамруулахдаа ажил олгогч сургалтын байгууллага, иргэн, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс гэсэн гурав, дөрвөн талт гэрээгээр сургах болсон нь үр дүнтэй арга хэмжээ болсон гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.

Мэдээж хүндрэлтэй зүйл олон байгаа ч төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд дахиад илүү ихийг хийхийг шаардаж байгаа юм. Сургалтын гол зорилго энэ шүү дээ. Ажил олгогч нартай хийсэн гэрээгээр ажлын байранд зуучлахаас гадна хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулан ажиллах иргэдэд үзүүлэх үйлчилгээнүүд. Тухайлбал бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах, жижигзээл, санхүүгийн үйлчилгээгээр үйлчлэх ажил чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Сургалтын чанар, үр дүнг сайжруулах талаар цаашдаа ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн долдугаар сард нийслэлийн Хөдөлмөрийн газар сургалт явуулж байгаа 75 сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн. Үнэлгээнээс үзэхэд сургалтанд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамж өндөр байсан нь цаашид уг сургалтын үр дүнг сайжруулах талаар улам их зүйлийг хийх урам өгч байна.

Нийслэлийн Хөдөлмөрийн газрын хувьд олой ажлыг төлөвлөөд байна. Сургалтын байгууллагуудын багш нарыг чадавхижуулах сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, сургалтын талаар олон нийтэд сурталчлах, мэдээлэх гээд олон ажлууд байна. Энэ сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст болон нийслэлийн хөдөлмөрийн газарт хандаарай.

Энэ жил тухайн иргэний сонирхсон мэргэжлийн квот дууссан бол ирэх жил суралцахаар төлөвлөж болох юм.

М.Янжинлхам


URL:

Сэтгэгдэл бичих