“Beyond 5″: Биднээс хамгийн хол орших Монгол орноос аялан тоглолтоо эхлүүлж байна

6d9ccc252429c236ef6a883e41affde7_LАмерикийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5” хамтлаг Азийн найман оронд хийх аялан тоглолтоо манай улсаас эхлэх гэж байна. Тэдний тоглолт маргааш 14.00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.

 Байгуулагдаад удаагүй ч ямагт эерэг үгтэй дуу дуулдаг гэдгээрээ бусдаас ялгардаг тус хамтлаг урын сандаа чамгүй олон дуутай болжээ. Эдгээр дуугаараа дамжуулан 15-18 насны үе тэнгийн Монгол хүүхэд залууст эрч хүч, эерэг энерги өгөхийг зорьж манай улсад иржээ. Монгол дахь аялан тоглолтыг Баянгол дүүргийн ЗДТГ, “Дезерет” олон улсын энэрлийн байгууллага, “Улаанбаатар палас”-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ талаар “Beyond 5” хамтлагийн гишүүд болон продюссер Тайлер Кейслтон нартай ярилцлаа.

-Хамтлагийн  гишүүдийн талаар товч танилцуулахгүй юу?

-“Beyond 5” бол 15-18 насны хөвгүүдийн хамтлаг юм. Хамтлагийн гишүүн Пэтч Кроү Австралид төрж өссөн. Аав нь Америк, ээж нь Англиас Австрали рүү цагаачилсан учир Пэтч Австрали, Англи, Америк улсын иргэншилтэй.  Зак Лов АНУ-ын Ютагийн Лэйтоноос ирсэн. Техасын Сан Антонио хотод төрж өссөн.  Таннер Майлер АНУ-ын Айдохогийн Бойсиос ирсэн. Ютагийн Прово хотод төрсөн. Аммон Түймауалуга АНУ-ын Калифорнийн Коронад төрж өссөн. ТиЖэй Раян нь хамтлагийн хамгийн бяцхан гишүүн. АНУ-ийн Ютагийн Солт Лэйк хотод төрж өссөн. Найман настайдаа анхны тоглолтоо хийж байсан. Нэртэй хоолойн дасгалжуулагч болох Дийн Кэйлины удирдлаган доор дуулж сурсан. Ийм залуус байна.

-Хамтлагийн гишүүдийг ямар шалгуураар сонгож авсан бэ?

-Ерөөсөө гуравхан шалгууртай. Эхнийх нь маш сайн бүжигчин байх ёстой, хоёрт маш сайн дуучин, гуравт сайн хүн байх ёстой. Хамтлагийн гол онцлог нь бүх дуунууд нь эерэг агуулгатай. Бусдад эерэг мессежийг өгөх нь хамтлагийн зорилго юм.

-Аялан тоглолтоо яагаад Монгол улсаас эхлэх болов?

-Нийтдээ 8 улсад аялан тоглолт хийнэ. Бидний аялан тоглолтын хамгийн хол орших орон Монгол байсан учраас эндээс эхэлж байгаа юм.

-Хамтлагийг продюсергүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр Тайлер Кейслтоны талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бид бүхэн хамгийн анх хамтлаг болон нэгдсэн үеэс Тайлертой хамтран ажиллаж байна. Хамаг цаг зав, хүч хөдөлмөрөө бид нарт зориулдаг. Жилийн турш энэ бүх ажлыг зохион байгуулан бидэнтэй хамт явж байгаа. Мэдээж  бид нар залуу хүмүүс, дөнгөж шинээр бий болж хамтлаг байгаа учраас биднийг маш их хайрлаж, хамгаалдаг өөрөөр хэлбэл бараг бидний хоёр дахь эцэг эх гэж хэлж болно.

-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ? Юу нь илүү таалагдаж байна вэ?

-Монголын охидууд бид нарын харсан хамгийн царайлаг охидууд байлаа. Өчигдөр хотыг үзсэн. Уул руу гарсан. Уул ус нь бол үнэхээр гайхалтай юм. Маш их уулархаг газар байна. Бид нарын гэр ч гэсэн маш их уултай тийм болохоор гэрээ маш их санасан. Монголыг ийм өндөр байшин барилгатай том хот байна гэж төсөөлөөгүй. Хамгийн гайхалтай зүйл нь хүмүүс нь юм. Бид нарыг маш сайхан уур амьсгалаар хүлээж авсан. Хаашаа ч явсан их найрсаг хандаж байна.

-Хамтлагийн ахлагч нь хэн бэ?

-Хамтлагийн ахлагч гэж байхгүй. Бүгдээрээ удирдагч, бүгдээрээ хамтлагийн гишүүд, бүгдээрээ өөрсдийн гэсэн энэ хамтлагт оруулах хувь нэмэртэй. Тийм болохоор бүгдээрээ тэгш эрхтэй.

-Сайн дурын аян зохиогоод ном цуглуулсан гэж сонссон. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-Бид найз нөхөд, гэр бүл, олон нийтэд хандан англи хэл дээр хэвлэгдсэн хүүхдийн ном хандивлахыг хүссэн. Нэлээн хэдэн өдөр сууж, тэдгээр номыг ялгасан.Яагаад эдгээр номыг цуглуулах болсон бэ гэвэл зөвхөн дуугаа бусадтай хуваалцах төдийгүй хайраа хуваалцая гэж бодсон. Нэг хүүхдийн ч гэсэн амьдралыг аз жаргалтай, баяр баясгалантай болгож байвал бидний зорилго бүтэж байна гэсэн үг юм.

-Гэрээ санаж байна уу?

-Өнөө өглөө гэхэд бид нарт маш хэцүү байсан. Учир нь бид нарын утсыг хураагаад авчихсан байсан. Өглөө тарааж өгөөд гэрийнхэнтэйгээ ярьсан үнэхээр их санаж байгаа.

-Хамгийн бяцхан гишүүн Ти Жэйгийн хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Ер нь бол мэдээж маш их санаж байна. Би ихэр л дээ. Нөгөө ихэр маань эмэгтэй. Тэгээд анх удаа гэрээсээ ийм хол явж байна. Гэхдээ миний эцэг эх намайг маш их дэмжиж байгаа. Би гэр бүлийнхэндээ хайртай. Миний хамтлагийнхан бол миний ах нар гэсэн үг. Эд нарт найдаад нэг их санаа зовохгүй байгаа.

-Баярлалаа. Та нарт амжилт хүсье.

Ц.Заяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих