Эртний эдлэлийн дэлгүүрүүд хулгайг өөгшүүлдэг юм биш биз

37085_64774Түүхийн дурсгал сүйдлээ, мөхлөө гэж олон жил ярилаа. Түүнийг өөгшүүлээд байгаа “Эртний эдлэлийн дэлгүүр”-үүд ямар ч хяналтгүй явж ирэв. Өнөөдөр эртний булш, бунхныг ухаж, төнхөөгүй нэг ч аймаг, сумын нутаг алга. Энэ бүхэн тэднийг өөгшүүлдэг, гар дээрээс нь худалдаж авдаг сүлжээ байгааг харуулаад байгаа юм. Гэтэл төрөөс хулгайч нарын гарыг хумих талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Харин ч сүүлийн үед  төр өөрөө мөнгө төлж авдаг гажиг жишиг бий болгосноор байдлыг  улам дэврээлээ. Нэгэнт ил, далд мөнгөний сүлжээ бий болж, бүр хуульчлагдчихаж байхад шунахайн зорилгоор уул хадаар явж булш бунхан ухдаг  бүлэглэлүүд, музейн үзмэрүүд рүү урт гар явуулдаг  сайн эрчүүд  цагаандаа гарчээ.  Энэхүү сүлжээний далд удирдлага нь дээрх дэлгүүрүүд юм биш үү  гэж хэдэн жилийн өмнөөс хэвлэлүүд дуугарч байсан. Ямар ч өөрчлөлт гарсангүй.
Саяхан нэгэн “Эртний эдлэлийн дэлгүүр” гэсэн хаягтай жижигхэн мухлаг руу шагайтал  шуугаар нь тасалсан бурхны өрөөсөн гар лангуун дотроос сарвайж байна. Зориуд тасалж авсан уу, тасарсан гар олсон нэгэн авчирч өгсөн үү. Ямар гээч бурхны гар болох, хаанаас олдсон эд вэ гэдгийг бүү мэд. Үнэ тохирч авах эзнээ хүлээгээд өөдөөс сарвайх аж. Үүнтэй зэрэгцээд санаанд орсон нэг зүйл бол өнгөрсөн жил санагдана соёлын өвийн холбогдох албаны хүн хөдөө, орон нутгийн музейд хэд хэдэн бурхны гар  хугарч, тасарсан байна. Сэргээн засах төсөв мөнгө байхгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан нь сэтгэлд зурсхийв. Тэндээс гараад мөн  л хэд хэдэн эртний эдлэлийн гэх тодотголтой дэлгүүрт орлоо. Байхгүй юм гэж тэнд алга. Бурхан шүтээн бол тоогүй олон. Эртний булшинд хийдэг оршуулгын  зан үйлийнх болов уу гэмээр морины дүрс, эмээлийн чимэглэлээс эхлээд заримд нь нэр өгч чадахааргүй миний мэдэхгүй эртний эдлэл тэнд зөндөө байна. Тиймээс  холбогдох байгууллагууд  шалгаад үзвэл өөр юу ч гарч мэдэх юм.Хулгайч нарыг өөгшүүлж буй бас нэг том төв нь “13 дугаар зуун цогцолбор”, Цонжин болдог дахь их хааны хөшөөт цогцолбор юм биш биз гэсэн таамаг хэвлэл, мэдээллээр бишгүй гарсаныг санаж байна. Мэргэжлийн хүмүүс, судлаач, археологичдийн яриаг ч анхаарахгүй байхын аргагүй.

Тухайлбал, өнгөрсөн хавар өдөр тутмын нэгэн сонинд  2005 онд  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын гэрээс алга болж, хэчнээн эрэл сурал болсон ч өнөө хэр нь олдоогүй байгаа  Галдан бошигтын  хуяг дуулгатай маш адилхан хуяг дуулга  Цонжин болдогт байна гэсэн мэдээлэл гарсан. Зураг хөргийг нь ч зэрэгцүүлж тавиад таньж, мэдэх нутгийнхан нь очиж үзэхэд илүүдэхгүйг сануулсан нь  анхаарал татаж байв.  Ганц энэ ч биш тэнд байгаа эртний эмээлийн талаар ч судлаачдын гараар  дамжаагүй   гэх  яриа дуулддаг.

Тэгвэл түүнээс бараг жилийн өмнө санагдана археологич З.Батсайханы хэвлэлд өгсөн ярилцлагад мөн л Цонжин болдогийн нэр дурдагдсан байсан. Тэрээр “…Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборын доор Монголын түүхийн үеүдээр гаргасан үзмэр байдаг юм байна. Ялангуяа, 13-14 зууны Монголын үе гэсэн тасагт байгаа олдворуудыг харахад тэндээс ямар ч гэсэн манай археологийн судалгаа албан ёсоор явуулах эрх бүхий байгууллагуудын малталт судалгаагаар гарсан нэг ч эд өлгийн зүйл алга. Тэнд урд өмнө Монгол нутагт малтан судалсан дурсгалуудаас гарч байгаагүй алт , мөнгөөр хийсэн янз бүрийн гоёл чимэглэлийн зүйлс маш их байна. Тэдгээр нь албан ёсны судалгаа хийдэг газруудаас очоогүй бол ямар замаар тэр музейд очсон байж болох вэ.  Тэр бол булш тонуулчдын гараар, өөрөөр хэлбэл тонуулчид бэлтгэж өгчээ гэсэн бодол төрөхөөр байна. Тэр тасагт байгаа олдворын олонхийг хувийн эртний эд өлгийн цуглуулагчаас худалдаж авсан гэж музейн ажилтнууд ярьдаг юм билээ. Энэ талаар би сайн мэдэхгүй. Харин ямар ч байсан тэнд байгаа олдвор бүхэлдээ эртний булш бунхныг тонох замаар олж авсан эд өлгийн зүйлүүд гэдэг нь маш тодорхой харагдаж байгааг хэлэх байна…” хэмээн ярьсан  байна.

Мөн тэрээр “Мэргэжлийн хүний нүдээр харахад гэж та хэлж байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад  “Тийм. Нөгөө талаас асар олон булш, бунхныг тонож байж тэр хэмжээний зүйлүүдийг олж авах боломжтой. Түүнээс биш би түрүүнд хэлсэн, гаднаас нь хараад булшинд юу байгааг хэн ч яаж ч урьдчилж хэлэх боломжгүй. Гэхдээ сүүлийн үед булш тонодог хүмүүс янз бүрийн техникээр тоноглогдсон байна. Тухайлбал, тэдэнд янз бүрийн газрын гүнд байгаа төмөрлөг эдлэлийг мэдэрдэг металл хайгчууд байна. Тийм багажтай хүмүүс алтны шороон ордын хайгуул хийнэ гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар өгч түүнийхээ дагуу хүмүүсийг элсүүлж зунжингаа явж булш тонодог тухай ийм үйл ажиллагаанд оролцож байсан хүнээс олж сонсч байсан. Гэтэл энэ талаар орон нутаг бүрт байгаа байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, мэргэжилтнүүд юу хийж байсан бэ гэдэг асуулт гарна…” гэдгийг ч хэлсэн байна.

Ер нь тэгээд хөдөө, орон нутагт энэ төрлийн дээрэм, тонуул газар авсан гэдгийг мэргэжлийн хүмүүс, археологичид, оюутны дадлагын ажлаар явсан  багийнхан, эрдэм шинжилгээний ажилтнууд бишгүй ярьсан. Өөр нэг асуудал санаа зовоож байгаа нь  уул уурхайн компаниуд түүхийн дурсгалыг авран хамгаалах урьдчилсан судалгаа хийлгэхээсээ хийлгэхгүй байх нь илүүтэй болсон.  Ер нь тэгээд түүхээ үгүйсгээд бай, түүхэн дурсгал тийм ч чухал биш гэсэн өнгө аястай  шийдвэрүүдийг төр, засгаас гаргаж байгаа нь хулгайч, тонуулчдын толгойг илж, ухаад бай гэсэнтэй ялгаагүй болжээ. Ардын хувьсгалын түүх, Монгол Улс тусгаар тогтнолоо олж авч бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсон түүхтэй салшгүй холбоотой их жанжин Д.Сүхбаатарын хөшөөт талбайн нэрийг өөрчилсөн нь ч мөн л  түүх, дурсгалыг бусниулагчдыг давраахад хүрлээ. Өнөөдрийн Монгол Улс ийм л байна.  Эрх баригчдын зүгээс “Түүхийн дурсгал сүйдээд байна”  хэмээн холбогдох газрууд байцаагчийн тоогоо  нэмж хяналт тавьдаг ч үр дүн гардаггүй. Тэр нь зүгээр л танилаа ажилтай, цалинтай болгосон төдийгөөр дуусчихдаг. Тэгээд түүхийн дурсгалыг аваръя, хамгаалъя гэж ярьдаг хүн ч цөөн.  Сэтгүүлчид л тэнд байсан тийм дурсгал алга болчихож гэнэ, алдагдсан байна хараач, хамгаалаач гэж ярьж, бичиж ирсэн болохоос  сайд, дарга нар энэ талаар  сэдэв хөндөж байсан уу гэвэл бараг үгүй юм. Сүүлд Батаар сайд хэмээн нэр авсан Ц.Оюунгэрэл асан  Ё.Отгонбаяртай хамтран  алга болсон батаарын  дурсгалуудыг олж авчрахад ихээхэн идэвхи зүтгэл гаргалаа. Тэглээ ч энэ салбарт өмнө нь гарч байсан чононд хонь хадгалуулах гэгчээр   музейн захирал нь  үзмэрүүдээ хулгайлж зарсан, тэр бүү хэл хилээр гаргах гэж байгаад баригдсан,  зарим нь түүхийн ховор дурсгалыг  алга болгочихоод оронд нь хуурамчийнг тавьчихсан сууж байсан  хэргүүд  одоо ч хуучраагүй. Алга болсон түүхийн дурсгалуудын зарим  олдоогүй хэвээр байгаа.

Алтаар бүтээсэн  “Ганжуур”-ын  нэг ботийг Энэтхэг рүү аваачиж  наймаалсан  тухай бүтэн жил шуугисан ч олсон  гэж сонсогдоогүй.  Өнгөрсөн жил гэхэд л Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын  нутаг Гозгор толгойгоос 13 зууны үеийн монгол хатныг дөнгөж төрсөн нярай хүүхдийн хамт оршуулсан өвөрмөц дурсгал тонуулчдын гарт сүйдсэнийг нутгийн иргэд мэдээлснээр  археологчид явж авчирч байв. Бөмбөгөр сумын нутгаас ч ийм байдалтай олон булшийг илрүүлсэн гээд тонуулчдын  хөл хүрээгүй, бүтэн үлдсан газар нутаг, түүхийн дурсгал байхгүй боллоо. Тиймээс энэ бүхний үүдийг хаахын тулд “Эртний эдлэлийн дэлгүүр”-үүдийн хаалгыг барьдаггүй юм гэхэд хяналт тавих цаг болжээ.

Ч.ЗОТОЛ

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих