ЗАВХАН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН НЭЭЛТ
Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын нээлтэн дээр Засаг дарга Ж.Жамъянтивийн хэлсэн үг
Эрхэм хүндэт наадамчид аа!
Хүндэт зочид оо!
-Заяа золтой Завхан нутгийнхаа гал голомтыг сахин ажиллаж амьдарч буй хөдөлмөрч оюунлаг ард иргэдээ!
-Холхи нутаг, хорвоо ертөнцийн өнцөг булан бүрт, хувирах цагийн аясыг даган одсон элэг нэгт Завханчуудаа!
Зургаан зууны буурал түүхийг элээсэн ар халхын Засагт хан аймгийн гал голомт Хантайшир уулын аймаг, Завхан аймаг үүсч байгуулагдсны яруу алдарт 90 жил, эртний түүхт Улиастай хотын 280 жилийн их ойгоо ёслон тэмдэглэж, цэнгэн наадахаар 17-р жарны Тийн ялсан хэмээх усан могой жилийн, зуны адаг шарагчин хонь сарын, баярын магнай тэнийсэн өлзий билэгтэй хөх морь өдрийн, морин цагт өсөж төрсөн нутаг усныхаа төв хойморт дээр хүй элгэнээрээ хуран цуглараад байна.
Замын хүн саатаж заяа буян нь тэгширмээр Завхан сайхан нутгаар минь Туяарах хөх тэнгэр үүл солонгоо ихэрлүүлэж, Тунгалаг уст мөрөн голууд наран зүг тунаран урсаж, Хөхрөх нуурын мандалд гүймэл загас эрхлэн наадаж, Хөвч тайгын гүнд зүр гур ижилсэн тоглож, Аглаг уудам талд алаг цэцгийн номин хөнжил дэлгэгдэж, агаар тэнгэрийн намуун салхиар арц цэцэгсийн үнэр анхилан түгэж, Эрдэнэт мал сүрэг тал дүүрэн сувдран бэлчиж, Эртний сайхан аялгуу энх амгаланг бүүвэйлэн эгшиглэж, хүн зоны сэтгэл санаа итгэл хайрын хөгөөр хөглөгдөж, нар хур тэгширсэн, наадам баяр хөвөрсөн, айраг цагаа бялхсан, ажил үйлс оргилсон дэлгэр сайхан зун болж байна.
Он цагийн соёл түүх, олон зууны уламжлал заншилын төгс цогцлол Монгол наадам бол тусгаар тогтнолын үнэ цэнэ, төрөө дээдлэхүйн эрхэм ёсны хүндэтгэл , баатарлаг сайн үйлсийн дурсамж, оюун сэтгэлгээний дэвшил, уламжлал ёсны залгамжлал, урлаг соёлын хөгжил, эх оронч үзлийн бахархал, эв эеийн бататгал, эрх чөлөөний бэлэгдэл, эсэн энхийн жаргалангийн их баяр юм.
Эрхэм хүндэт наадамчид аа.
Төрөлх аймгийнхаа түүхэн ойд хүрэлцэн ирсэн даяар олноороо “Их цагаан туг, төрийн дуулал, улс аймгийн далбаа , уртын дуу, уран нугаралт, уухайн түрлэг, эвэр нумын таталт, эрчит сумны тавилт, шагайн тойрмын харваа, морин хуурын татлага, монгол бүжиг биелгээ, хүч тэнхээтний омог, хүүхдийн цангинасан инээд, хурдан хүлгийн тоос, цацалын сүүний өргөл, наадмын торгон дэвжээ, нарны цацрагийн даллага, нутгийн салхины амт, нугын цэцгийн үнэр ,эхээс унасан газар, эцгийн гэрийн буйр, эртний нандин дурсамж, эмгэд өвгөдийн дулаахан үнсэлт, ахан дүүсийн золголт, анд нөхдийн уулзалт, үзэсгэлэн төгс бүсгүйчүүдийн үлэмжийн гоо сайхан, хүдэр чийрэг эрсийн идэрхэн биеийн жавхаа, мянган бурханы ивээл, түмэн зулын гэрэл, цэнгэлийн баяслын дээд, сэтгэлийн айзам хөг, итгэлийн гэгээн гэрлийг өнгө өнгөөр нь солонгоруулан багтааж, найрсуулан зохилдуулж хүн бүрийн алаг мэлмийг баясгаж, сонор юуг нь мялааж , зүрхний тольтыг жаргааж, сэтгэлийн ариуслыг хөгжөөж, уяслыг ивэлгэн ухаарлыг тэтгэж, дээдсийн буурал газар дэвсэгээ хотойтол , дээд тэнгэрийн нар жаргахаа умартан сааттал, газар лус баярлаж, хүн зоны сэтгэл тэнийтэл хийморь золбоотой, баяр жаргалтай , дэг журамтай, төвшин сайхан наадацгаая.
Тэнгэрлэг заяат, хөх толбот, нүүдэлчин монголчуудын оройн дээд Очирваань шүтээн, огторгуйн чимэг, хангайн асар нурууны сүмбэр их ноён оргил, сувдан эрдэнийн сондор, мөнгөн цагаан тэргүүн, Отгонтэнгэр хайрхан минь олон бээрийн чанадаас, он цагийн урсгалд, олон түмнийг минь ивээтүгэй.
Өндөр өвөг дээдсийн Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Хантайшир уулын аймгийн гал голомт Завхан аймаг байгуулагдсны 90 жил , Улиастай хотын 280 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадам сүндэрлэн суунаглах их уулсынхаа дунд, сүлэлзэн урсах Богд Чигэстэйн голынхоо хөвөөнд, үүлсээ аргадан цэнхэртэх мөнх тэнгэрийн доор, үйлс буян нь тэгширсэн буман ардынхаа дунд, цогцлуулан бүтээсэн цэнгэлдэн наадах хүрээлэндээ цог жавхлан, арга билгийг хослуулан нээгдэж буйг айлтган сонордуулья!
Хурсан олон түмэн минь сайхан наадаарай.
URL: