Ш.Анхтуяа: “Эрдэнэцогт мэдээлнэ” гэсэн цогтой үг үргэлжилнэ

b5e208d0502827bforiginalМонголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн сэтгүүлчдийн нэг Б.Эрдэнэцогт элэгний хүнд өвчнөөр өвдөөд байгаа билээ. Тэгвэл түүний үзэг нэгт нөхөд, анд найзууд нь түүний эмчилгээнд зориулсанЭрдэнэцогт мэдээллээ…” нэртэй тоглолтыг энэ сарын 09-нд зохион байгуулахаар болжээ. Бид энэхүү тоглолтыг саначлан зохион байгуулагчШинэ мянганыханутга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч Ш.Анхтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Одоогоор сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдал хэр байгаа вэ?

-Биеийн байдал нь одоогоор харьцангуй гайгүй байгаа. Элэг шилжүүлэн суулгахын тулд өмнөх эмчилгээг маш сайн хийх ёстой. Тиймээс нэгдүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээг хийлгэж байгаа.
-Саяхан Энэтхэгээс элэгний эмч ирж үзээд явсан гэсэн. Ер нь эмчлэгдэх боломжтой гэсэн үү?

-Энэтхэгийн топ эмнэлэг болох “BLK Hospital” эмнэлгийн профессор Неги саяхан Монголд ирсэн нь бидний хувьд их азтай явдал болсон гэж болно. Бид тэр хүнд найзыгаа үзүүлсэн. Тэр эмч Цогтоог маань үзээд элэг шилжүүлэн суулгах бүрэн боломжтой. Тиймээс 2-3 долоо хоног маш сайн эмчилгээг хийлгэчих. Үүний дараа бид эмнэлэгтээ элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж өгье. Түүнийг эмчлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно гэсэн. Ийм сайхан мэдээ сонссон бид одоо найзынхаа эмчилгээний зардлыг сайхан сэтгэлтэй олны дэмээр босгоно гээд л зүтгэж байна даа.

-Та бүхэн эмчилгээнд зориулж хандивын тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ тоглолтонд ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Энэ сарын 09-нд Улаанбаатар паласын концертын их танхимд “Эрдэнэцогт мэдээлнэ…” гэсэн нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон. Энэ тоглолтод МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Элкондорын Цогоо, “Увертюра”, “Гурван бүдүүн” хамтлагууд, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид, дуучин Э.Төрмандах гээд олон дуучид уран бүтээлчид сэтгэлийн хандив өргөж оролцохоор болсон. Мөн “Болор цом”-ын эзэд оролцоно.
-Ер нь эмчилгээнийх нь зардал хэдий хэр мөнгө шаардлагатай вэ? Одоогийн байдлаар хэд орчим хувь нь цугларч байна?

-Сая ирээд явсан Нэги профессорын эмнэлэгт 43 мянган ам.долларт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж өгөх боломжтой гэсэн. Хөнгөлөлт үзүүлээд шүү дээ. Энэ нь монгол төгрөгөөр 60 гаруй сая төгрөг болж байгаа юм. Сайхан сэтгэлтэй олон түмэнд хандив тусламжаа өргөж л байна. Мөн одоо хандив тусламж өгөхөө амалсан хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн амалсан тусламж хандивын дансанд ороод ирвэл ямар ч байсан эмчилгээний зардлын 20 гаруй хувь нь босоод байгаа байх гэж бодож байна. Одоогоор яг төдөн хувь нь гэж хэлэх боломжгүй байна. Төгсгөлд нь хэлэхэд “Эрдэнэцогт мэдээлнэ” гэсэн энэ дайчин, цогтой үг үргэлжилнэ гэдэгт бид итгэл дүүрэн байгаа.
-Та бүхний ажилд амжилт хүсье?

-За баярлалаа. Манай найзыг сэтгэл зүрхээрээ дэмжин, бидний ажилд тусалж байгаа бүгдэд нь баярлалаа. Та бүхний ачийг Цогтоо маань эдгэж босоод өөрийн хурц дайчин мэдээллүүдээрээ хариулна гэдэгт итгэлтэй байна.

Элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралтай тэмцэж байгаа сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг аврах “Идэрхэн сэтгүүлчээ эрлэгээс булаах” аяныхан ирэх наймдугаар сарын 3-нд бүх оддын нэгдсэн хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Тоглолтын тасалбар 10-15 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Хандивын данс ХААН банк 5031681805 /Энэ данс Бужийн Баасанжаргал гээд ээжийнх нь нэр дээр байгаа/ ганц мессеж амьдралын нэг хором үүрэн телефоны бүх оператор 155889 луу мэссеж бичихэд л хангалттай.


URL:

Сэтгэгдэл бичих