Согтуугаар жолоо бариад осолдсон байна
Сонгинохайрхан дүүргийн нутаг 3-61 гарам Партизаны замд өчигдөр өглөө есөн цагийн орчимд “Тоёота Ланд крузер” маркийн автомашин онхолдож дотор нь сууж явсан хоёр зорчигч ослын улмаас газар дээрээ амь насаа алдаж, бусад гурван зорчигч хүнд гэмтэж ГССҮТ-ийн сэхээн амьдруулах төвд хүргэгдэн иржээ.
Одоогоор гэмтсэн хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Автомашиныг жолоодож явсан жолооч Б-ийн согтуурал шалгах драгер багаж үлээлгэн шалгахад 1.27 хувийн согтолттой байжээ. Хэргийг Замын цагдаагийн газар шалгаж байна.
Иймд хөдөө орон нутгийн замд зорчиж буй жолооч та өөрийн эрхэм нандин хүмүүс болох гэр бүл, төрөл садан, найз нөхдийнхөө амь насыг хариуцаж яваа гэдгээ ямагт санаж хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хүн тээвэрлэх журам зөрчихгүй байхыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.
/Нийгмийн толь/
URL: