Хүн төрөлхтөн гаж сонирхолтой болж байна

man_dog-middleХүн төрөлхтөн хачин жигтэй юмыг их сонирхох болж.

Бразильд саяхан нэг залуу нохой шиг харагдахыг хүсч, мэс засал хийлгэсэн байна.

Эмч нар түүний нүүрэнд нохойны хошуу залгажээ. Мэс засал амь насанд нь халгүй болсны үр дүнд мөнөөх залуу “Хүн-нохой” болж хувирав. Уран зөгнөлт кинон дээр гардаг “Хүн аалз” шиг үйл явдал бодит амьдрал дээр тохиох нь тэр. Гэхдээ энэ бол хувь хүний сонголт.

Тэгвэл хэсэг бүлэг хүн, цаашилбал нийгэм даяараа гаж сонирхолтой болж буй жишээ ч олон байна. Түүний нэг нь толгойн дээрээ янз бүрийн хэлбэр дүрс гаргах моод юм.

Энэ нь анх Японд дэлгэрч, улмаар Канадад хүчээ авчээ. Тусгай бэлтгэсэн давсны уусмалаас 300-400 куб.см хэмжээтэйг ашиглаж, хоёр цагийн турш тусгай аргаар хүний духан дээр дүрс гаргадаг аж. Ингэхдээ тухайн хүний сонголтоор, аль эсвэл тэр үед болж буй ямар нэгэн чухал үйл явдлын билгэ тэмдгийг дүрсэлдэг байна.

Японы загварын ертөнцөд энэ нь шинэ давалгаа болж байгаа гэнэ. Түүнээс гадна жигдхэн шүднээсээ залхсан охид шүдний эмчид давхар соёо захиалдаг болсон байна. Тэгээд болж өгвөл тэгшхэн ярайх шүд биш харин наана, цаана болж арзайсан шүдийг илүүд үзэх болжээ.

Нүдэндээ шивээс хийлгэх сонирхол мөн л Японд анх дэлгэрчээ. Шивээсийг нүдний цагаан дээр нь хийдэг аж. Гэхдээ энэ нь саяхан бий болсон шинэ зүйл биш бөгөөд нэлээд олон жилийн түүхтэй юм байна. Шивээсийг хийхдээ тусгай тариур ашигладаг. Японд түгээмэл байдаг энэхүү моодыг одоо мөн л канадчууд сонирхох болжээ.

Хятадад “Фэйскини” хэмээн нэрлэгдэж байгаа шинэ загварын нүүрний хамгаалалт дэлгэрч байна. Хүмүүс анхандаа нарны хортой туяанаас арьсаа хамгаалах зорилгоор нүүрэндээ баг зүүж байж. Харин түүнээс санаа авсан дизайнерууд толгойны маскийг зохион бүтээжээ. Одоо бол далайн эрэг дээр наранд биеэ шарахаар очихдоо Хятадын залуус толгойдоо мөнөөх багийг зүүж явдаг болсон гэх.

Нидерландад хүмүүс жижигхэн чимэглэлээр “уйлцгаадаг” болж. Хүний нүдний доохон талд өнгөтэй линзүүд нааж, зурж янзалсны эцэст тухайн хүн нь яг уйлж байгаа юм шиг харагддаг гэнэ. Нүдэндээ шивээс хийлгэж, нүднээсээ “линз”-н нулимс унагах нь ийнхүү шинэ моод болжээ. Гэхдээ ийм мэс ажилбар хийх нь маш аюултайд тооцогддог бөгөөд эвгүйтвэл хараагүй ч болж мэдэх юм.

Бас хийлгэхэд маш их зовиур мэдэрдэг аж. Гэсэн хэдий ч Нидерландад өсвөр насны охидууд үүнийг хамгийн их сонирхдог болжээ. Түүнээс гадна тэдний нэг гаж сонирхол нь нүдэндээ металл товч зүүх. Хачин жигтэй харагдахын төлөө эрүүл эд, эрхтнээрээ тоглох сонирхол ийнхүү хүчээ авч байна.

Мексикт эрчүүд нь өндөр өсгийтэй, урт түрийтэй чамин гутал өмсдөг болжээ. Ковбой гуталтай төстэй ч өсгийгөөрөө ялгардаг энэ гутлыг телевизийн нэвтрүүлэгч, алдартай одод нь өмсөх болсон байна. Энэ нь Мексикийн залуу үеийнхнийг сонирхлыг бүр их татахад хүргэжээ.

Токио, Парис, Нью-Йорк, Лондон гэх мэт загварын хотуудад эрчүүдийн хувцаслалтад бас л шинэ хэв маяг оруулсан юм. Тэд хөлнийхөө хэлбэрийг тодотгож харуулахыг эрмэлздэг болж. Ингэхийн тулд тас бариу трико маягийн өмд өмсөх нь элбэг. Өмнө нь охид, хүүхнүүд хөлөөрөө гайхуулдаг байсан бол одоо энэ нь эрчүүдийн сонирхол болжээ.

Өнгөрсөн онд Тайландад “Гитлер” гэж нэрлэгдсэн жагсаал болсон юм. Үүнийг сонссон хүмүүс “Нацистууд эргэж ирэв үү” хэмээн сандарч байлаа. Гэвч бодит байдал дээр шал өөр байв. Учир нь тайландчууд ердөө л Гитлер шиг баруун гараа өргөн ёслохыг илүүд үзэх болжээ.

Үүнийг нь улам түгээн дэлгэрүүлэх үүднээс дээрх жагсаалыг зохион байгуулсан байна. Түүнээс  хойш Гитлер шиг ёсолж байгаа чихмэл тоглоомууд, тийм зурагтай хувцаснууд олноороо үйлдвэрлэгджээ. Хүмүүс зургаа авахуулахдаа мөн л ийм ёсолгоо үйлддэг болсон байна.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих