МАХН-ынхан “мад” тавиулчихав уу
Намбарын хүү Энхбаяр ямар ч байсан нарснаас наранд гарлаа. Ингэснээрээ эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө эрүүл саруул болгох боломж бүрдэж байгаа юм. Түүнийг суллагдсан явдалд МАХН-ынхан баярлаж байгаа боловч, уучлалт үзүүлсэнд нь дургүй байгаагаа илэрхийлж буй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлалт үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Ингэснээрээ Н.Энхбаяр гэдэг хүнийг гэмт хэрэгтэн гэдгээр нь үлдээж буй юм.
Гэхдээ энэ бол МАХН-ынхны хүсч байсан шийдвэр биш. Тиймдээ ч тэд баярлан гомдож, уг шийдвэрийг хүлээн авч байна. Намын даргынх нь эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байхад үүнийг хүлээж авахаас өөр арга байхгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН-ынхны хувьд хүний амь аврагдсанд баяртай байгаа. Үхлийн ирмэг дээр байсан. Өргөст торноосоо гарч, эмнэлэгт хэвтэнэ. Бид энэ хүний эрүүл мэндэд анхаарч, эрүүл болгохын төлөө хичээнэ” гэсэн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг хэргийг цагаатгуулахын төлөө явна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “Уучлалт үзүүлсэнээр хэргийг нь цагаатгаж байгаа хэрэг биш. Өмгөөлөгчийнх нь хувьд цаашид хэргийг цагаадуулах тал дээр бүхий л журмын дагуу дахин хөөцөлдөнө.
Нэг талаараа торны цаанаас суларч байгаа нь сайн боловч нөгөө талаасаа хэрэг цагаадаагүй, хэрэгсэхгүй болоогүй яалтай үлдэж байна. Харин үлдсэн ялаас нь уучлалаар чөлөөлж байгаа хэрэг юм” гэлээ.
Анхнаасаа Н.Энхбаярт оноогдуулсан ял нь зохиомол, улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт гэх байр суурин дээрээ тэд одоог хүртэл бат зогсож байна. Мэдээж хэлмэгдүүлэлтэнд өртсөн бол түүнийгээ цагаатгуулах нь зөв юм.
Гэвч ийнхүү уучлалт үзүүлсэнээр Н.Энхбаяр нь гэмт хэрэгтэн мөн гэх тамгийг дараад өгчихөх шиг бололтой. Ямартай ч АН-ынхан төрийн эрхэнд, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байгаа цагт МАХН-ыхны даргыгаа “Цагаатгуулах” гэсэн санаа бүтэхгүй л болов уу.
МАХН болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын дунд Сонгуулийн өмнө ямар нэгэн тохиролцоо явагдсан талаар хэвлэлээр бишгүй л бичиж байсан. Уг нь бол Ц.Элбэгдоржид МАХН их л түшиг болж, аймар том тус хүргэсэн.
Харин тэдний тусыг “ам гарсан” нөхөр нь “ус, тос” холиод хариулчих шиг. Ямартай ч гэмт хэрэгтэн Н.Энхбаярт уучлалт үзүүлчихлээ. Харин цаашид хэрэг явдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна биз ээ.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: