Ахмад сагсчид төрийн одон медаль хүртэв

ahmad_sagschid-middleМонголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Соёл спорт аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар нар Төрийн дээд одон медаль хүртсэн сагсчдын шагналыг өнөөдөр гардуулав.

Тухайлбал, “Алтан гадас” одонгоор П.Сампилноров, П.Бямбаа, Д.Отгонцэцэг, Б.Оюун, хөдөлмөрийн хүндэт медалиар Г.Энхсайхан, Б.Болормаа нарыг тус тус шагнасан юм.

Ахмад тамирчин Д.Отгонцэцэг, “Багийнхаа хамт олон, гэр бүлийнхэндээ баярлалаа. Та бүхний итгэл найдвараар миний энгэрт алтан гадас гялалзаж байгаа шүү. Залуу тамирчиддаа хандаж хэлэхэд, спорт гэдэг бол үнэхээр хүн сэтгэлээсээ хичээвэл амжилтад хүрч чаддаг юм” гэсэн бол П.Бямбаа, “1962 оноос эхлэн энэ спортоор хичээллэсэн. Тэр үеийн спортын амжилтыг одоогийнхтой харьцуулбал хоёр өөр зүйл.  Сагсан бөмбөг өдгөө үнэхээр сайхан хөгжсөн” хэмээн цугларсан олонд хандаж хэлсэн юм.

Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан Б.Болормаа, “Энэ шагнал маань олон хүний хүч хөдөлмөр шингэсэн шагнал. Энэхүү спортын давуу тал нь багаар ажилладаг, 15 хүн яг нэг атгасан гар шиг байж амжилтад хүрдэг юм” хэмээв.

Энэ үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, “Монголын оюутан тамирчид Универсиад наадамд 1965 оноос эхлэн оролцож байна. Энэ жилийн хувьд манай сагсчид ОХУ-ын Казаньд болсон  Универсиад наадамд сагсан бөмбөгийн төрлөөр  анх удаа оролцож, хоёр хожиж Ази тивийн багуудаас шигшээ 16-д шалгарсан амжилт үзүүллээ.

Мөн удахгүй энэ тэмцээний халаа болж, “3-ын эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн ирэх сарын 2-нд Багануурт, 4-нд Эрдэнэт, 6-нд Дархан, 9-11-нд, Улаанбаатар хотын дүүргүүд тус бүр зохиогдох болно” гэлээ.

Ц.Заяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих