Ардчиллын партизан
Ардчилсан намын нэлээд хүчтэй фракцын нэг нь “Кроун”. “Алтан гадас”-ынхантай чиг баримжаа ойролцоо энэ фракцын удирдагчдын нэг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал юм. Түүний улс төрийн амьдралаас цухас дурдвал 1989 оны МоАХ-ноос улс төрийн гараагаа эхэлсэн нэгэн. 1990 оны ардчиллын анхны партизануудын нэг. Ардчилсан намтай 20 гаруй жил нөхөрсөн эрхэм. Гэхдээ тус нам доторх “Кроун” фракцынх гэдгээ хаана ч нуудаггүй.
Х.Золжаргал УИХ-ын 2012 оны сонгуулиар Орхон аймагт намын нөхөр Д.Одхүүгийн хамт нэр дэвшээд ялагдсан. Энэ тойрогт Ерөнхийлөгч өөрийн зөвлөх М.Батчимэгийг сойхоор төлөвлөж байсан ч түүнийг намын жагсаалт руу татаж, Х.Золжаргалыг дэвшүүлсэн юм.
Түүнээс өмнөх буюу 2008 оны сонгуулиар Төв аймагт нэр дэвшээд мөн л унасан. Гэхдээ сонгуульд ялагдлаа гээд хоосон хоцордоггүй хүмүүсийн нэг бол Х.Золжаргал юм. Өмнөх парламентад хамтарсан Засгийн газрын үед Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад Ардчилсан нам Засгийн газраас гарах үед албан тушаалаа өгсөн юм. Энэ удаад ч мөн л нөгөөх яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болон очив. Хоёр ч удаа тойрог сэлгэсэн ч энэ удаад яамаа сэлгээгүй буурин дээрээ буцаж очсон дарга байгаа юм.
Х.Золжаргал энэ яаманд ажиллаж эхэлснээсээ хойш ноолуурын талаар нэлээд хөндөн ярьдаг болсон. Мөн твиттэрт байнга жиргэдэг. Тэгэхдээ ноос, ноолуур, арьс шир, өндөг, хивс гэх мэтийн үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, малын гаралтай түүхийн эдийн талаар санаа оноогоо бичдэг юм билээ.
Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал математикч хүн. Угийн алдаа мадаг, хийгүй ярьдаг гэдэг. Энэ бол математикч хүнд байх ёстой зан чанар гэж зарим улстөрч үнэлдэг. Тэрээр 1982 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1988 онд Словак улсын Ян Амос Комекийн их сургуулийг математикчаар төгссөн.
Х.Золжаргал дарга 1988-1991 онд Шинжлэх ухаан, тусгай дунд боловсролын улсын хорооны удирдлагын асуудал судлах лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1991-1994 онд “Таван сум” компанийн захирал,1994-1996 онд “Нарс” компанийн дэд захирлаар ажиллаж байжээ. Мөн 1997-1998 онд Хөдөлмөр, нийгмийн халамжийн хяналтын албанд хэлтсийн дарга, 1999-2008 онд “Промимпорт” компанийн захирлаар ажиллаж байгаад 2008 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан. Орос, словак, англи хэлний мэдлэгтэй гэж ажлын намтартаа бичжээ. Түүний ажилласан байдлаас харахад нэлээд хувийн бизнестэй нэгэн аж.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: