MАН АЛТАН ДУНДЖИЙГ МӨРӨӨДӨВ

ТТО65Ч.ОЛДОХ

Дараалсан ялагдал амсч, лидер гэгддэг С.Баяр, У.Хүрэлсүх нар нь “зугтаж”,  байгаа хэд нь бие биеэ доожоогүйгээр нь дуудаж, шинэчлэл ярьсан  хэдэн нөхдөө янз бүрээр цоллож  улам муухай, арчаагүй, ядарсан харагдуулж буй МАН. Улс төрийн хүчин үзэл баримтлалын мухардалд орчихоороо ингэдэг юм гэнэ.

Тэд өөрсдийгөө зүүний, тэр дотроо зүүн төвийн үзэл баримтлалтай гэж тодорхойлж ирсэн. Улсын Дээд шүүхэд ингэж бүртгүүлсэн байгаа.  С.Батболд намын дарга байхдаа “Манай нам социал-демократ”  хэмээн хэвлэлд ярьж байв. Баруунтнууд хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, нийгмийн амьдралд төрийн оролцоо бага байхыг чухалчилдаг бол  зүүнтнүүд бүгдэд тэгш нөхцөл бий болгохыг эрмэлздэг гэж үздэг. Тиймээс энэ үзлийг баримтлагчид  татвар хураамжийг өндөр тогтоож, халамжийн бодлогыг дээдэлдэг. Социал-демократ   буюу ардчилсан социалист гэдгээ МАН-ынхан   зүүн төвийн үзэл, баримтлал гэж тайлбарладаг. Энэ ч утгаар дэлхийн  Социалист интернационал  байгууллагад элссэн, тэр нь одоо хэвээр байгаа. Гэтэл одоо өчнөөн жил яваад ирчихсэн  үзэл баримтлал нь  болохоо байсан тул өөрчилнө, шинэчилнэ гээд эрэл сурал болж байдаг. Үзэл баримтлалаа хэрхэн өөрчилснөөс   Социалист интернационал байгууллагын гишүүнчлэлийн асуудал ч  яригдаж болох.

МАН одоо шинэчлэгч залуус, хуучин кадрууд гэсэн хоёр тал болоод заримынх нь томъёолсноор “ олс таталцаж” байна. Уг нь МАН шинэчлэгдвэл шинэчлэгдэхээр хугацаа өнгөрсөн. Хөрш орнуудад шинэчлэлийн салхи сэвэлзсэн 1980-аад оноос л   юм бодох байсан юм. Үгүй ядахад  улс төрийн тавцанд өрсөлдөгчтэй болсон 1990-ээд онд тэдний үзэл баримтлалд дүгнэлт хийж, ирээдүй чигийг нь харж байгаад шинэчлэлээ хийчихсэн бол одоо амаа барихад хүрэхгүй байсан биз. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн он жилүүдийн түүхийг сөхвөл Монголд МАН шиг олон удаа “шинэчлэгдсэн” нам бараг үгүй. Байнга л шинэчлэл ярьж, шинэчлэгдлээ гээд байгаагүй бил үү. Гэтэл одоо дахиад л шинэчлэл ярьж сууна. Шинэчлэлийн гэх тодотголтой талцал ч үүсчихлээ. Нэг талд багтсан хууччуул нь  намын нэрээр албан тушаал, эрх мэдэлд хүрч авсан хэсэг нь. Шинэчлэхийг  шахаж буй залуусын хувьд   энэ мэт хуучин муу зуршлуудыг цэглэхээ амлаж буй. Ингэснээр сонгууль болгонд ялагдаад байгаа намынхаа үзэл баримтлалыг олон түмэнд таалагдах хэмжээнд хүргэн өөрчилж  цаашдын замыг  нь дардан  болгоно  гэцгээж буй. Ийм хоёр тал талцаж байна гэтэл бас биш гэнэ. Хууччуул нь ч, шинэчлэлийн залуус ч  бас дотооддоо  зөрчилтэй, бас л  дотроо хоёр талцан үзэлцэж  буй. Мөн дундыг баримтлагчид ч байна. НАМЗХ буюу Нийгмийг ардчилах Монголын  залуучуудын холбоо хэмээх МАН-ын дэргэдэх улс төрийн “ясли”-аар дамжин гишүүний туслах, нарийн бичиг хийж байсан, нам дотор албан тушаал хашиж ирсэн залуус нэг баг болсон дуулдана. Тэрний, энэний хүн гэх хаяг, шошготой нөхөд гарч ирээд шинэчилж чадахгүй, даргыгаа муухай харахаар хөдөлж ч чадахгүй байж юугаа шинэчлэх юм бэ  хэмээн үлдсэн хэсэг нь шүүмжилж буй. Эд бол  юмыг яаж мэдэх вэ гэж намд элссэн, одоо үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан “Хоёрдугаар ээлж хоолондоо”  гэж байгаа нөхөд. Гэхдээ тэдэн дотор бас янз бүрийн санаа бодолтой хүн олон.  Жинхэнээсээ намаа шинэчилье, нэгэнт л үзэл бодлоороо дэмжиж энэ намын гишүүн болсон юм чинь хүнд үед нь зүтгэх ёстой, ачааг нь үүрэлцэе  гэж буй залуус ч мэр сэр байх шиг. Хууччуулын дотор залуусыг дэмжих нэгэн байхад  яаж нэр хүнд, эрх ямбаа хадгалан үлдэж, түр ч атугай  гал намжаах вэ хэмээн тархиа  гашилгаж буй нь ч бий.

Хуучин, шинийг хүсэгчдийн зүгээс нэг л зүйлд санал нийлж байгаа болов уу. Тэр нь үзэл баримтлалдаа  их засвар хийх. Янз бүрийн санаа оноо хэлж  байгаагийнх нь утга  ч ерөнхийдөө ийм юм.  Гэхдээ  шинэчлэгчдийн зарим    шинэчлэх бус шинэ нам байгуулъя хэмээсэн гэнэ лээ. Мөн “Алтан дундажийн нам” байгуулъя хэмээн намынхаа хөгжлийн бодлогыг  хальт тодорхойлоод авсан залуус ч бий.  Энэхүү мөрөөдлийн хөлөг онгоцондоо  суух цагаа   ирэх намар хэмээн тодорхойлжээ.

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих